Оюутолгойн гэрээг залруулах боломж Чингэлтэйчүүдийн гарт байна!

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

    Сонгуулийн сурталчилгаа эрчээ авч, сонин сайт, тв радиогоор захиалгат мэдээнүүд бөмбөрч эхэллээ. Хийсэн ажлаа тайлагнах нэгэн байхад хөөсрөн дэрвэлзэх нөхөд цөөнгүй байна. Хийсэн ажил нь маш тодорхой, хийрхсэн сурталчилгаа нь бүгдэд илхэн нэг нэр дэвшигч байгаа нь Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт. Бүтэн дөрвөн жилийн турш Монголын эрх ашгийг уландаа гишгэлээ хэмээгдэж, гурван удаа огцрох асуудал нь боссон ч намын бодлогоор хамгаалагдан үлдсэн Д.Зоригт сайдаас илүү сайн хүн энэ төрд байгаагүй юм шиг Пи Ар мэдээнүүд хамгийн том сайт, сонин, телевизүүдийн хамгийн үнэтэй талбарт харин ч нэг заларч байна даа. Д.Зоригт зоригтой шийдсэн, Д.Зоригт зорилготой зүтгэсэн, Д.Зоригт сайддаа баярлалаа гэнэ. Сүүлийн үеийн хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллүүдээр,  Д.Зоригт байгаагүй бол монголчууд бүгдээрээ турж үхээд, Монгол гэдэг улс будаа болох байжээ. Хамгийн үнэтэй нийтлэлчдээр, хамгийн өндөр түвшинд, хамгийн няхуур бэлтгэгдсэн жинхэнэ “алмааз” мэдээнүүд хөвөрсөөр л байна. Хэр баргийн мөнгөлөг аавын хүү ийм мэдээг сонгуулийн хугацаанд ганц л удаа захиалах “зиндаатай” байдаг юм. Харин Зоригт бол хоног тоолон шидэж байна. 2008 онд л сайдын сэнтийд Санжийн Баярын шууд татаасаар томилогдож, төсвийн цалингаар амьдарсан энэ залуу 20 жил зах ажиллуулсан Сайхансамбуугаас ч бийлэгжүү загнаж байх чинь.

    Д.Зоригтын ямар үнэтэй машин унаж, ямар үнэтэй байшинд амьдардгийг мэдэхгүй юм. Харин ямар үнэтэй мэдээ бичүүлдгийг нь  сүүлийн хэд хоногт мэдэж авлаа. Гарцаагүй мөнгөтэй хүний зангаргийг залуухан улс төрч маань торохгүй гаргаж байгааг АТГ юу гэж үзэж байгаа юм бол. Миний хувьд, Д.Зоригтын яг одоо хэвлэлүүдэд төлж байгаа мөнгө Монголчуудын буцааж авахаар зүтгэж байгаа Оюутолгойн 16%-ийг алга хийчихсэн юм биш байгаа гэх хар буугаад болж өгөхгүй байна.

    Оюутолгой бол Эрдэнэтээс 4 дахин том орд. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр улсын төсөвт хэдэн төгрөг төлдгийг та багцаалах байх. Одоо Монгол улс Оюутолгойнхоо 34%-ийг л нэр төдий эзэмшиж байгааг бид бүгдээрээ мэднэ. Нэр төдий гэхийн учир нь 2 тэрбум долларын өрөнд орон байж бид чинь өөрсдийнхөө баялгийн 34%-ийг эзэмших эрхтэй болсон шүү дээ. Урьдчилгаа болгож авсан 250 сая доллар ч мөн л хүүтэй зээл. Оюутолгой хэзээ ашигтай ажиллаж, хэзээ бидэнд өгөөжөө өгөх нь тодорхойгүй. Монголыг 100 жил тэжээх энэ баялгийг харийн ноёдод найр тавин өгсөн “Оюутолгойн гэрээ”-гээр энэ бүхэн зохицуулагдсан. Би ч, та ч хүсээгүй энэ гэрээг гардан байгуулсан хүн нь, Зорилготой зүтгэж Зоригтой шийдсэн хүн нь Д.Зоригт. Тэр бидний өмнөөс Канад, Австралийн бизнесменүүдтэй хэлцэлд ороод Монголдоо 34%-ийг нь “чадан ядан” авч ирж “гавьяа” байгуулсан хүн. “Ядаж 50% байж болоогүй юмуу” гэхээр “Яг 34% л болно оо” гэж Д.Зоригт сайд хэлдэг. АН, МАН, МАХН, ИЗНН болон бусад бүх намууд, иргэний хөдөлгөөнүүд дотор “Бидэнд мэдлийг нь өг. Тэгвэл өөрчилж чадна” гэж амлаж байгаа улс төрчид олон байна. Тэгвэл энэ удаа Д.Зоригтыг тойргийн гадна үлдээгээд бусдыг нь шахаад үзье л дээ. Ингэлээ гээд бидэнд алдах зүйл байна уу. 

     Өөрийнхөө төлөө, хүүхдийнхээ төлөө үүнийг хийгээч. Гуйя, Чингэлтэйчүүдээ. Боломж та нарын мэдэлд байна. Зоригтыг унагахдаа биш, Оюутолгойгоос хожиход таны сонголтын утга оршиж байгааг ухаараач.

Ө.Мэргэндүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top