Д.Эрдэнэбат: Ардын намынхан Тавантолгойн хувьцааг хоёр дахин бууруулсан

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12

 Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

-Танай намынхан иргэдэд олгож буй бэлэн мөнгөний асуудлыг гэнэт шүүмжлэх боллоо. Ямар учраас тэр вэ. Уг нь энэ шийдвэрийг хамтарсан Засгийн газрын үед эрх баригч хоёр намынхан гаргасан байх аа?

-Хамтарсан Засгийн газрын үед Ардчилсан намынхны зорьж хийсэн ажил нь байгалийн баялгийг ард түмэндээ хувьчлах асуудал байсан. Одоо иргэн бүрт олгоод байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа буюу Эрдэнийн хувь гэдэг бол өмнөх хувьч­лалаас асар үнэтэй зүйл. Учир нь Монголын ард түмэн насан туршдаа байгалийн баялгаасаа хувь хүртэж амьдрах эрхтэй бол­сонд байгаа юм. Магадгүй энэ бол өмчлөлийн хамгийн сүүлчийн ший­дэл байсан гэж би хувьдаа боддог. Өнөөдөр Монголд өөр хувьчлагдах зүйл байхгүй. Үүний тулд Ардчилсан нам эрсдэл хүлээсэн. Гэхдээ үр дүнд нь ард түмэн ашиг хүртэх гэж байна. “Хүний хөгжил сан”-ийн тухай хууль бол хязгааргүйгээр хүчин төгөлдөр үйлчлэх хууль. Үүнийг Ардчилсан  намынхан санаачилж хийсэн. Энэ хуульд “Хүний хөгжил сан”-ийн дэвтрээр дамжуулж иргэн бүр байгалийн баялгаасаа хувь хүртэнэ гэж заасан байдаг. Үүний дагуу иргэн бүр 1072 ширхэг хувьцаанаасаа хувь хүртэж эхлэх боломжтой болоод байна. Хамтарсан Засгийн газрын үед иргэн бүрт 536 ширхэг хувьцаа олгох шийдвэр гаргаж, түүнийгээ нэг сая төгрөгөөр үнэлсэн. Гэтэл дараа нь үүнийгээ 1072 ширхэг болгож, нэг сая төгрөгийн үнэтэй байна гэж зарласан. Энэ бол Ардын намынхан өөрсдийн амлалтаа биелүүлэхийн тулд хувьцааны үнийг хоёр дахин унагаж, ард түмнээс өөрсдийнх нь мөнгөөр хувьцааг нь худалдаж авч байна гэсэн үг. Үүнийг нарийвчлаад үзвэл энэ Засгийн газар Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж байгаа тохиолдол юм. Хэн ч өөрийнхөө хувьцааг өөрийнхөө мөнгөөр бор­луулдаггүй л байхгүй юу. Аливаа гуравдагч этгээдэд борлуулж байж л хөрөнгө оруулалт босгож, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг.

-Энэ нь Ардын нам өөрсдийн амлалтыг биелүүлсэн болгож харагдуулах гэсэн нэг хэлбэр байж болох уу?

-Энэ бол бэлэн мөнгөнийхөө амлалтыг биелүүлсэн болгож харагдуулах гэсэн Ардын намын увайгүй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мөнгөөр иргэдийн хувьцааг худалдаж авч байна гэдэг нь чиний мөнгөөр хувьцааг чинь худалдаж авч байгаатай агаар нэг юм. Засгийн газрын мөнгө гэдэг ард түмний мөнгө. Хувьцаа ч ард түмний өмч шүү дээ. Энэ бол буруу асуудал гэж бид шүүмжилж байгаа юм. Учир нь иргэдийн гарт очих Эрдэнийн хувийн хувьцааг бэлэн мөнгө өгсөн болгож харуулахын тулд Засгийн газар худалдаж авч байгаа нь наймааны шалгарсан арга. Иргэд хувьцаатайгаа байх ёстой. Харин Ардын нам өөрсдийн амласан мөнгийг ямар эх үүсвэрээс гаргаж, иргэдэд олгох нь тэдний л асуудал. Түүнээс биш Ардчилсан намын иргэдэд өгч байгаа хувьцааг арилжаалах аргаар худалдан авч иргэдэд мөнгө өгсөн болж харагдаж байгаа нь буруу үйлдэл шүү дээ.

 

-Иргэдийн дунд нэгэнт увьцаа эсвэл мөнгө авна гэсэн ойлголт төрчихөөд байхад та бүхэн одоо ингэж яриад нэмэр байгаа болов  уу?

-Ардын намынхан амласан ёсоороо иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөх ёстой байсан. Гэтэл үүнийгээ иргэдийн Эрдэнийн хувийг худалдаж авах замаар өгөх гэж байна. Гэхдээ ийм замаар олгох гэж байгаа ч өнөөдөр 1.5 сая төгрөгөө бүрэн өгч чадахгүй л байна шүү дээ. Иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа­наас хувь эзэмшинэ гэдэг бол тэр 1.5 сая төгрөг авахаас тусдаа асуудал гэдгийг ойлгох ёстой. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа гэдэг бол Ардчилсан намынхны амлаж байсан Эрдэнийн хувь юм шүү дээ. Өөрөөр хэлбэл таны өвөрт байгаа “Хүний хөгжил сан”-ийн дэвтэр бол асар том нэг ширхэг хувьцаа гээд бодчих. Энэ хувьцааг хэн нэгэн хүн худалдаж авч болно. Гэхдээ Засгийн газар таны мөнгөөр таны хувьцааг худалдаж авч болохгүй гэдгийг л хэлж, засах гэсэн юм.

-Тэгэхээр оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр 1.5 сая төгрөг авсан чЭрдэнэс Тавантолгой”-н хувьцаа нь дансанд нь  байгаа гэсэн үг үү?

-Оюутнуудын хувьцаа дансанд нь байх ёстой. Учир нь тэдэнд өгсөн мөнгийг “Хүний хөгжил сан”-аас гаргаагүй. Мөнгөнийх нь эх үүсвэрийг төсвөөс гаргасан учир Засгийн газар оюутнуудын хувьцааг энэ мөнгөөр нь барьцаалах эрхгүй. Засгийн газраас гаргасан хөрөнгийг хувьцаатай андуурч болохгүй. Үүнээс гадна бас нэг томоохон эндүүрэл гарч байна. Тухайлбал, “Хүний хөгжил сан”-аас сар бүр олгож байгаа 21 мянган төгрөгийг энэ сард дуусгавар болгоно гэж байгаа. Энэ бол бэлэн мөнгөний тараалтын асуудал энэ Засгийн газраар дуусгавар болж байгаа хэлбэр юм. Түүнээс биш “Хүний хөгжил сан”-ийн тухай хуулиар 2013 онд бид дахиад л ногдол ашгаа авах эрхтэй байгаа. Учир нь иргэнд  ногдол ашиг авах хувьцаа нь байгаа юм. Стратегийн 15 орд газрын ногдол ашгийг авах эрх нь иргэдэд байгаа шүү дээ. Харин үүнийг бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь зөв байсан уу, үгүй юү гэдгийг бодох л хэрэгтэй.

-Та бүхэн ингэж ярьж байгаа ч Засгийн газар мөнгө авсан хүмүүс хувьцаа авах эрхгүй гээд байвал яах юм бэ?

-Хэрэв бид ялах юм бол энэ алдааг засна. Засах ч ёстой. Бид ард түмнээ хуурах ёсгүй. Ард түмнээ хуурч, хоосон амлаж байж засгийн эрхийг авах гэж зүтгэдэг увайгүй үйлдлийг зогсоох ёстой. Би ганцхан зүйлийг баталгаатай хэлье. Ардчилсан нам ялна. Ялаад энэ шийдвэрийг хүчингүй болгоно. Оюутнуудад олгосон мөнгийг төсвөөс гаргасан гэд­гийг нотлоод оюутнуудад хувьцааг нь олгох ёстой.

-Энэ сэдвээс хазайгаад танай намтай холбоотой сүүлийн үед гарч байгаа мэдээллийн талаар асуух зүйл байна. Тухайлбал, танай намаас Дорноговь аймагт нэр дэвшиж байгаа Б.НаранхүүгНэр дэвшихээсээ нэг хоногийн өмнө Ардчилсан намд элссэн. Их хэмжээний мөнгө өгч байж танай намаас нэр дэвших эрх авсангэсэн яриа гараад байгаа. Энэ асуултад та юу гэж хариулах вэ?

-Б.Наранхүү Дундговь аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын гишүүнээр 2012 оны дараахан элссэн. Иймэрхүү яриаг би хувьдаа ард түмнийг худлаа мэдээллээр төөрөгдүүлэх гэсэн аргын л нэг байх гэж бодож байгаа. Иймэрхүү мэдээлэл даамжрах шинж рүүгээ орж байгааг ч мэдэрч байна. Гэхдээ бид энэ талаар олон зүйл ярихгүй байгаа. Тэр ч бүү хэл биднийг их чуулганаар нэг тэрбум төгрөгөөр зохион байгуулсан гэсэн яриа гарсан байсан. Б.Наранхүүгээс 20 хэдэн тэрбум төгрөг авсан зэрэг маш олон сөрөг мэдээлэл гарч байна. Ард түмэн сонгууль ойртох тусам иймэрхүү мэдээлэл маш ихээр цацагдана гэдгийг мэдэх ёстой. Тиймээс бидний талаар яриад байгаа зүйл ор үндэслэлгүй  гэдгийг албан ёсоор хэлэх нь зөв байх. Яагаад ийм мэдээлэл гарч байгаа нь ч ойлгомжтой. Ард түмний хүлээлт ардчилал тал руугаа эерэг байгаа учир сөрөг мэдээллийн урсгал хүчтэй байна.

-Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан Т.Хасбаатарыг чухам ямар учраас Ард-чилсан намаас хөөсөн юм бэ?

-Т.Хасбаатарыг намын дотоод асуудлын талаар худал мэдээлэл тараасан учир Өвөрхангай аймгийн намын хороо хуралдаж, намынх нь даргаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Намын хороо нь түүний энэ үйлдлийг намаас хөөх хүртэл хэмжээний үйлдэл мөн гэж үзээд Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороонд мэдэгдсэн юм. Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос асуудлыг хянаж үзээд Т.Хасбаатарыг худал мэдээлэл түгээсэндээ өөрийн гэм бурууг хүлээх цаг хугацаа өгсөн. Харамсалтай нь тэр хүн уг шаардлагыг хүлээж аваагүй. Харин ч эсрэгээр нь явсан л даа. Ардын намын захиалгын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл гаргасан. Тиймээс Арчилсан намын Хяналтын ерөнхий хорооныхон дахиж хуралдаад энэ хүнийг намаас хөөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Би намын удирдлагын хувьд намын Хяналтын ерөнхий хороо зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.

-Ардын намын захиалгаар тийм үйлдэл хийсэн гэдгийг нь нотлох баримт байгаа юу?

-Байгаа. Ардын намын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Ардын намын төлөөллийн хүмүүс ирж Т.Хасбаатарын мэдээллийг өгсөн байгаа юм. Тиймээс манай намын зүгээс энэ асуудалд мониторинг хийж үзсэний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн.

-Танай намынХүн шиг амьдаръя. Улс шиг хөгжьегэсэн уриаг өрсөлдөгч намынхан тань нэлээд шүүмжилж байна билээ. Тухайлбал, “Ардчилсан намынхан монголчуудыг нохой шиг амьдардаг гэлээгэх зэргээр. Та бүхэн ямар учраас энэ уриаг сонгосон юм бэ?

-Ардчилсан намынхан өнөөдрийн нийгмийн бодит байдал, энгийн монгол хүнд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйлийг л уриагаа болгосон. Бидэнд хий, хоосон лоозон хэрэггүй. Тиймээс л дээрх уриаг сонгосон. Өнөөдрийн нийгэмд баян, ядуугийн ялгаа асар их байна. Ажилгүйчүүдийн тоо ч их байна. Жирийн иргэд өнөөдөр  өдөрт гурван удаа хоол идэж чадаж байна уу. Тэгэхээр бид олуулаа хүн шиг амьдарч чадахгүй байгаа юм биш үү. Ингэж бодож байгаа хүн олонхи байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ зарим нэг баян, тансаг айлын амьдрал өөр байж болох л юм. Зарим баян айлын нохой нь хүртэл өнөөдөр жирийн Монгол хүнээс илүү амьдарч байна. Тэдэнд мэдрэгдэхгүй байж магадгүй. Тэд өөрсдийнхөө хэмжээгээр сэтгэж, бодож байж болох л юм. Ардын намын сонингуудаар Ардчилсан намынхан Монголчуудыг хүн биш гээд байгаа юм уу, сайхан амьдарч чадахгүй гээд байгаа юм уу гэсэн утга бүхий зүйл бичсэн байна билээ л дээ. Би монголчуудын олонхи нь сайхан амьдарч байна, ажилтай байна гэж бодохгүй байгаа шүү. Тийм л байсан юм бол гадаадад амьдарч байгаа монголчууд бүгд л эх орондоо ирэх байсан. Улс хөгжиж байгаа юм бол эдийн засгийн өсөлт нь яагаад иргэн Доржид наалдахгүй байгаа юм. Улсын төсөвт орж ирж байгаа тэр их мөнгийг хэн нь гувчуурдаад байгаа юм. Хариуцлага тооцоход яагаад хэлмэгдүүлэлт гээд байгаа юм. Хэлмэгдүүлэлт, хариуцлага тооцох, хулгай хийх чинь өөр, өөр асуудал.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(37.251.56.133) 2014 оны 06 сарын 21

Finidng this post. It”s just a big piece of luck for me.

0  |  0
Top