Артиллерийн хороо хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13


 

Энэ оны 4 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит болгосон юм. Тус ангид нэрэмжит болсон Засгийн газрын тогтоолыг гардуулах ёслолд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо нар оролцов. Хурандаа генерал Б.Цог Их бууны газрын дарга, ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны орлогч сайдаар олон жил ажиллаж их буу, артиллерийн цэргийг хөгжүүлэх, БХЯ, ЗХЖШ-ыг бэхжүүлэх, армийг өргөтгөн зохион байгуулахад амьдралаа зориулсан алдартан билээ. Мөн 1939 оны дайнд оролцсон, ЗХУ-д цэргийн академид сурч байхдаа дэлхийн 2 дугаар дайнд Зөвлөлтийн армийн танкийн хороог командлан байлдсан содон намтартай нэгэн. Энэ жил түүний мэндлэсний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ ойд зориулан төрсөн нутаг Төв аймгийн төв Зуунмод суманд улсын баяр наадмын өмнө хөшөөг нь босгохоор бэлтгэж байна.

Түүнээс гадна Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан гавьяаг нь үнэлж саяхан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн, 084 дүгээр ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БХЯ-ны сайд асан дэслэгч генерал Ш.Жадамбаагийн нэрэмжит болгох тогтоолыг Засгийн газраас гаргаад байна.

                     БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top