Газрын тосны үйлдвэр ирээдүйтэй салбар болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл манай оронд зочилж байгаа Японы “Марубени” корпорацийн дэд ерөнхийлөгч Фүмия Кокубу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Дархан –Уул аймагт байгуулж байгаа газрын тос боловсруулах Япон-Монголын хамтарсан үйлдвэрийн ажлын явц байдлыг сонсож, санал солилцов.
      
Тус корпораци нь Монголын зах зээлийг ихэд сонирхож, цаашид Монгол дахь үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ үүднээс корпорацийн дэргэд Стратегийн хороо байгуулан Монголтой харилцах, хөрөнгө оруулах, техник тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлыг голлон анхаарч буйгаа  ноён Фүмия Кокубу онцлов. Тэгэхдээ Монголд зам тээвэр, харилцаа холбоо, нисэх онгоцны буудал барих зэрэг нийгмийн дэд бүтцийн салбар, нүүрс, зэс, уран зэрэг ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Мөн уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмыг Монголын зах зээлд нийлүүлэх хамтарсан компани байгуулсны зэрэгцээ Дархан-Уул аймагт байгуулж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурах гэж байгааг УИХ-ын даргад дуулгалаа. Тус корпораци нь төслийн санхүүжилт, менежмент, технологи, техник тоног төхөөрөмж зэргийг иж бүрнээр нь шийдэж хөрөнгө оруулалтыг оновчтой зохион байгуулдаг давуу талтайг тэрбээр онцолж байв.
       
Манай орны эдийн засгийн хөгжил хурдацтай өрнөх боломж бүрдээд байгаа, мөн байгалийн нөөц баялгаа эргэлтэд оруулах талаар сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч ирсэн. Өргөн цар хүрээтэй энэ том ажилд хөрөнгө оруулалт хийхдээ Японы орчин үеийн техник, технологийг авч хэрэглэхийг эрмэлздэгээ УИХ-ын дарга хэллээ. Уул уурхайн томоохон ордуудыг ашиглахад дэд бүтцийн асуудал чухал шаардлагатай байгаа ийм үед  Японы пүүс компаниуд энэ талд анхаарч хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байгааг тэрбээр сайшаагаад нүүрс, зэс гээд манай ашигт малтмалын ордуудад Японы талыг оролцоосой гэж бид хүсч хүлээдэг гэдгээ хэллээ. 

Тэрбээр мөн Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах хамтарсан үйлдвэр барих ажил ахицтай байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд Монгол орны өргөн цар хүрээтэй хөгжил нь шатахууны хэрэгцээг улам нэмэгдүүлэхийг шаардаж байна. Иймээс энэ үйлдвэр нь орлого ихтэй, ирээдүйтэй салбар болно гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэлт мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top