Сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ дагуу 1 сая төгрөгөө бэлнээр авсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаа эзэмших хүсэлтэй бол 1 сая төгрөгөө буцаан төлж, хувьцаатай болох боломжийг дээрх журмаар бүрдүүлсэн байна. Ийм хүсэлтэй иргэд байвал тухайн сум, хорооны нийгмийн ажилтандаа хандах шаардлагатай юм.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газар иргэдэд хувьцаанаас гадна 1,5 сая төгрөг өгөх ёстой гэж сонгууль дөхсөн үед зарим нам улс төржиж байгааг сайд Д.Хаянхярваа буруутгалаа.

Тэрээр хэлэхдээ “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдэд 1,5 сая төгрөгийг бэлэн, бэлэн бус, хувьцаа гэсэн хэлбэрээр өгнө гэж тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар өмнө нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудад хишиг, хувийн эхний хэсгийг хүртээсэн.  Энэ сарын сүүл гэхэд үлдсэн 670 мянган төгрөгийг өгч дуусгана. Мөн хишиг, хувиа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, орон сууцны төлбөрт төлөхтэй холбоотой журмыг ирэх 7 хоногт гаргана. Ингэснээр энэ Засгийн газар амлалтаа бүрэн биелүүлж байгаа юм” гэж онцоллоо.

Засгийн газрын хуралдаанд сайд Т.Ганди мөн танилцуулга хийсэн байна.

Үүнтэй холбогдуулан 1 сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгөөр хүртэх хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаа больж, хувьцаа авах хүсэлт гаргасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг энэ сарын 25-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж “Үнэт цаасны төвлөрсөн төлбөр, тооцоо, хадгаламжийн төв” компанид хүргүүлэхийг даалгалаа.

5 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 1 532 853 иргэн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаад байсан. Гэсэн ч хувьцааны талаархи ойлголт бага, мэдээлэл хангалтгүй, хугацаа богино байсан учир хүсэлт гаргаж амжилгүй хоцорсон иргэн цөөнгүй үлджээ. Мөн ашиг тусыг нь мэдэрсэн иргэд хувьцаагаа худалдах хүсэлтээ буцааж, хувьцаа авах өргөдөл ирүүлж эхэлжээ.

Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хувьд энэ оны төсөвт хөрөнгө нь тусгагдсан тул журмын дагуу хүсэлтийг нь үргэлжлүүлэн хүлээж авахаар болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top