“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгжийн тоог 36-гаар нэмлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд орон сууцны барилга, хотхон, хороолол барих 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг  Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр нийт 4299 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд талаас илүү хувь нь 55 ам.метр хүртэл талбайтай орон сууц байна. Нийт орон сууц, хотхон, хорооллын 3245 нь нийслэлийн зургаан дүүрэгт, 1054 нь бүсийн тулгуур төв хот, аймгийн төвд баригдах юм.

Засгийн газрын хуралдаанаар мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрийн талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байсан юм.

Үндсэн зээлийн хүү, Хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү, үйл ажиллагааны зардал болон валютын ханшны зөрүүнээс болж зээлийн хүү жилийн 12-13,5 хувьд хүрэхээр байна. Энэ нь төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих чиглэлээр олгож байгаа зээлийн жилийн 7 хувийн хүүтэй байх бодлоготой нийцэхгүй байгаа юм. Иймээс Засгийн газар 7 хувийн хүүгээс давсан зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэж байхаар тогтлоо.

Ингэснээр энэ онд 5580 ажлын байр шинээр нэмэгдэн, 2600 орчим ажлын байр хадгалагдаж, үйлдвэрийн салбарт өсөлт гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр 2 хувиар өсөх боломж бүрдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top