МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН
РАДИО ТЕЛЕВИЗИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
М.НАРАНБААТАР,
“ММ” АГЕНТЛАГИЙН ЗАХИРАЛ
Ж.ЭРДЭНЭЦОГТ ТАНАА
Мэдэгдэл хүргүүлэх тухай
Эрхэм Захирал аа,
Монголын олон нийт Үндэсний телевизээрээ бахархаж, түүний мэдээллийн хөтөлбөр “Цагийн хүрд”-ийг үдэш бүр анхааран үздэг билээ. Үүний учир нь танай телевиз, Таны удирдаж буй мэдээллийн агентлагийг мэргэжлийн ур чадвар, мэдээлэлд хандах зарчмын хувьд бусдад жишиг болох ёстой гэж итгэдэгт байгаа юм.
Хэдий тийм ч, сонгуулийн өрсөлдөөн өрнөж буй энэ үед ИЗНН-ын бид Танд хандан анхааруулан хэлж, засч залруулахыг шаардахаас өөр аргагүй байдалд хүрлээ.
Үндэсний телевизийн мэдээллийн хөтөлбөр “Цагийн хүрд” нь олон нийтэд УИХ-ын сонгуулийн талаар тэнцвэртэй мэдээлэл өгөхөө болиод олон хонолоо. Хөтөлбөр тань бүхэлдээ МАН, АН-ын мэдээлэл сурталчилгаагаар олон түмний тархийг угаах оролдлогыг үдэш бүр хийдэг хэрэгсэл болж хувирлаа.
Энэ байдлыг эрхэм Захирал та мэдэж байгаа нь эргэлзээгүй. Мөн Та Үндэсний олон нийтийн телевизийн мэдээллийн хөтөлбөрийн агуулга, чанарын талаар олон түмний өмнө хариуцлага хүлээх учиртай нь бас эргэлзээгүй билээ.
Захирал аа,
Үндэсний телевизийн мэдээллийн хөтөлбөрийг засгийн эрх мэдлийг хамтран хэрэгжүүлэгч МАН болон АН-ын сонгуулийн суртачилгааны нэвтрүүлэг болгон хувиргах явдлаа зогсооно уу. Олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлана уу. Та аль нэг юмуу хоёр намын сонгуулийн штабын ажилтан биш Үндэсний олон нийтийн телевизийн мэдээллийн албыг хариуцаж байгаа хүн билээ. Цаашдаа, ядахдаа сонгуулийн сурталчилгааны үлдсэн хугацаанд монголчуудынхаа тархийг угаах гэж оролдолгүй тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллахыг эрхэм Захирал Танаас Иргэний Зориг Ногоон нам шаардаж байна.
Хувийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэв.
ДАРГА С.ОЮУН
Сэтгэгдэл ( 0 )