Ерөнхийлөгчид НҮБ-ын шагнал хүртсэнд нь олон улсын “TNC” байгууллага баяр хүргэв

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн “Эх дэлхийн манлайлагч” шагнал хүртсэнтэй нь холбогдуулан АНУ-д төвтэй олон улсын Байгаль хамгаалах “The Nature Conservancy” /TNC/ байгууллагын ерөнхийлөгч Марк Р.Терсек баяр хүргэж захидал ирүүллээ.

Тэрээр захидалдаа “Эрхэм Ерөнхийлөгч өө, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн “Эх дэлхийн манлайлагч” шагнал хүртсэнд “The Nature Conservancy” байгууллагынхаа өмнөөс танд баяр хүргэе. Монголын ард түмний илүү тогтвортой ирээдүйн төлөө хийсэн асар их хувь нэмрийг тань хүлээн зөвшөөрч, өндрөөр үнэлж буйг харахад сэтгэл бахдам байна.

Монголын ард түмний ирээдүй шууд хамаарах бэлчээр, тал нутгийн экосистемийг хадгалж үлдэхийн тулд Засгийн газар болон бусад байгууллагын үйл ажиллагааг дэмжиж буй тань маш чухал юм. Үндэсний усны бодлогыг шинэчлэн, ойжуулах өргөн хүрээтэй ажил өрнүүлж, олборлох үйлдвэрийн салбарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээг маш нарийн хийж байхыг сануулан, залуу үедээ байгаль орчны зөв зохистой боловсрол олгож буй зэрэг таны манлайлал бусад улс оронд сайн үлгэр дууриал үзүүлэх болно.

Байгаль хамгаалах “TNC” байгууллага тантай болон таны албаны хүмүүс, Монголын ард түмэнтэй хамтран ажиллаж байгаагаараа бахархаж байна. Та бол байгаль орчинд учруулж буй хортой нөлөөллийг хууль эрх зүйн хүрээнд бууруулах гэсэн бидний Монгол дахь хөтөлбөрийн гол дэмжигч байна гэдэгт итгэж байна.

Зургадугаар сарын 21-нд Rio+20 бага хурал дээр “TNC” байгууллага ногоон эдийн засгийг бий болгох үзэл санааны дор “Байгаль дэлхийгээ дээдэлсэн удирдагчид” хэмээх дээд хэмжээний арга хэмжээг дэмжин зохион байгуулна. Индонезийн Ерөнхийлөгч Сусило Юдхоёоно, Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард нар таны жишгийг дагах болно. Таныг бидэнтэй нэгдвэл бид баярлах болно. Гэвч нэг сарын дотор Бразилд хоёр удаа айлчилж ирэх нь боломжгүй байх болов уу гэдгийг бид ойлгож байна.

Би тантай гурван жилийн өмнө Монголд уулзаж байснаа тодхон санаж байна. Таны байгаль орчноо гэсэн сэтгэл зүтгэлийн талаар, мөн төрийн тэргүүний хувьд баримталдаг бодлого нь хүн, байгаль орчин хоёрт төвлөрдгийг би бусад хүмүүст жишээ болгон ярих дуртай. Мөн эдгээр нь манай байгууллагын үзэл баримтлалын тулгын чулуу бөгөөд ирээдүйн хэтийн зорилго гэдгийг та мэднэ.

Богино хугацаанд таны хийж бүтээсэн ажлыг эргэн харахад энэ шагналыг та л хэнээс ч түрүүнд зүй ёсоор хүртэх учиртайг би ойлгож байна. Давосын Эдийн засгийн чуулга, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн уулзалт зэрэг олон улсын арга хэмжээнд таны оролцож буйг ажихад нийтлэг үнэт зүйлсээ хуваалцаж байгаа нь биднээс  илүү болохыг харуулдаг. Энэ нийтлэг үнэт зүйлс нь  манай “TNC” байгууллагын Монголд эхлүүлсэн ажлын цаашид ч танаас дэмжлэг авах үндэс болдгийг бид ойлгож, бас сэтгэл өег байдаг. Та Монгол Улсад хууль эрх зүйн шинэтгэл хийхэд, мөн байгаль орчны чиглэлээр эрх зүйн шинэтгэл хийхэд манлайлсаар байгаад бид талархаж байна. Ялангуяа амьдралыг тэтгэгч ус, мөн газар шороогоо хамгаалах гэсэн бидний нийтлэг зорилгод үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна.

 Танд дахин баяр хүргэж, Монголын байгалийн онцгой өвийг хамгаалах хүчин зүтгэлд тань талархал илэрхийлье” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top