Санал тоолох машиныг орон нутагт тараахад бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 16

СЕХ энэ сарын 10-наас сонгогчдын саналын хуудсыг хэвлэж, түүнийг унших машин тоног төхөөрөмжийн программыг шалгаж бэлтгэл ажлыг хангажээ. Санал тоолох машиныг орон нутагт хүргэж суурилуулах ажил хийгдэх гэж байгаа бөгөөд 951 машиныг есөн аймагт хүргэхэд бэлэн болжээ. Батлан хамгаалах яамнаас нисдэг тэрэг гаргаж санал тоолох машиныг хүргэх гэнэ. Учир нь уг машинуудыг газраар тээвэрлэвэл доргиж гэмтэх магадлал өндөр байдаг байна. Мөн саналын хуудсын тухайд нийт 1,937,082 саналын хуудас хэвлэхээр баталжээ. Харин НИТХ-ын саналын хуудсыг хэвлэж эхлээгүй байгаа бөгөөд энэ ажлыг гүйцэтгэвэл сонгуулийн бэлтгэл ажил ерөнхийдөө цэгцрэх юм. Энэ ажлыг дуусгаад үлдсэн өдрүүдэд сонгогчдын хэрхэн санал өгөх талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байна. Саналын хуудаст саналаа хэрхэн тэмдэглэх талаарх зааврын танилцуулгыг 900 мянга хэвлэсэн. Үүнийг хэсгийн хороодоор дамжуулан айл бүрт хүргэх юм.

Д.Шинээ       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top