Гол нуруудын нэгдсэн хөдөлгөөнийхний хэргийг хэрэгсэхгүй болголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 16

Монголын гол нуруудын нэгдсэн хөдөлгөөний Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Баяраа, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх хэрэгсэхгүй болголоо. Тэднийг 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэрэгт буруутгасан. Хоёр жилийн өмнө болсон дээрх хэрэгт Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 153.2-оор буюу бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутгасныг шүүхээс “Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлсэн” хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр “Гол мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль хэрэгжихгүй байсан учир удаа дараа Засгийн газарт хуулиа хэрэгжүүлэхийг шаардсан аж. Шүүхээс тэднийг буруугүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд харин ч эд хөрөнгөө буудуулсан гэх нэрээр 14 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан компаниудыг байгаль орчинд хэдэн тэрбумаар үнэлэгдэх гарз хохирол учруулсан хэмээн дүгнэсэн байна. Хамгийн сүүлийн тооллогын дүнгээр өнөөдрийн байдлаар 4000 гаруй булаг шанд, гол горхи ширгэж, 700 гаруй нуур, цөөрөм устаж үгүй болоод байна.  

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top