Р.Гончигдорж:Ардчилсан нам Эрдэнийн хувь амлалтаа биелүүлсэн

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон өнгөрсөн хугацаанд тус намаас амласан амлалт хэрхэн биелсэн талаар ярилцлаа.   
 
- Ардчилсан нам 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулан гарагж олон нийтэд хүргэж эхэллээ. Гэхдээ өнгөрсөн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар үр дүнтэй гарсан талаар ярилцлагаа эхэлбэл зөв болов уу гэж бодож байна. 2008 онд танай нам Эрдэнийн хувь хэмээх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж амлалт өгч байсан. Энэ асуудал маань ямархуу байдлаар хэрэгжив?
-Өнөөдөр 2012 оны сонгуульд Ардчилсан нам өөрийн мөрийн хөтөлбөр болох Монгол хүн “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” гэсэн уриатай орж байгаа. Ер нь улс төрийн намууд өнөөдөр сонгуульд оролцоход олон түмний үнэлэх үнэлгээ бол өмнө нь юу хийсэн бэ, өмнө нь өгсөн амлалтаа хэрхэн хэрэгжүүлсэн юм бэ гэдэг дээр төвлөрдөг.
УИХ-ын 2008 оны сонгуульд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт нэг чухал зүйлийг зорилго болгож тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар газрын доорх баялаг бол ард түмний өмч бөгөөд төрийн мэдэлд байна гэж. Ард түмэн өөрийнхөө өмчөөс хүртдэг байх ёстой. Үүнийг “Эрдэнийн хувь” буюу газрын баялгаас иргэд насан туршдаа хувьцаа хэлбэрээр хүртдэг байх ёстой. Энэ хувьцааны эхний үнэлгээ бол нэг сая төгрөгнөөс доошгүй үнэлэмжтэй байна гэж тусгасан.
Ер нь хүний эрх, эрх чөлөөтэй байхын нэг баталгаа бол хүн өмчтэй байх тухай асуудал юм. Ардчилсан нам үе үеийн сонгуульд иргэнээ өмчтэй болгох тухай асуудлыг гол зорилго болгож ирсэн. Үүнийхээ үр дүнд иргэддээ малыг нь хувьчилж малчидаа өмчтэй болгосон бол 1996 онд олонх болоод орон сууцыг нь хувьчилж байсан. Харин 2004 онд газрыг иргэдэд өмчлүүллээ. Одоо ямар өмч өгөх вэ гэхээр байгалийн баялаг юм.
Байгалийн баялгийг ард түмний өмч болгохын тулд иргэд хувьцаанаасаа ногдол ашиг авах, эсвэл хувьцаагаа зарж борлуулах замаар орлого олдог байх ёстой. Өнөөдөр бид нүүр бардам байна. Энэ амлалтаа бүрэн дүүрэн биелүүлсэн. Хэдийгээр бид Засгийн газарт хамтарч ажиллахдаа, УИХ-д цөөнхийн бүлгийг бүрдүүлж байсан хэдий ч ямар хуулийг хамгийн түрүүнд батлуулсан бэ гэвэл 2009 онд “Хүний хөгжлийн сангийн тухай хууль” юм.
Хүний хөгжлийн сан гэдэг бол стратегийн ач холбогдол бүхий 15 ордын төрд ногдох ногдол ашгуудыг ашигт малтмал олборлож байгаа, боловсруулж байгаа орлогоос Хүний хөгжлийн санд оруулж түүнээс давуу эрхийн хувьцааг иргэддээ үнэ төлбөргүй олгохоор тусгасан. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь бусдад шилжихгүй, зарж борлогдохгүй насан туршид нь тэр хүний хувьцаа байна. Тэр хувьцаа дандаа ногдол ашиг өгнө. Энэ ногдол ашигаас өнгөрсөн жилүүдэд 500 мянган төгрөг иргэн бүрт очсон. Зориулалт нь боловсролын зардал, эрүүл мэндийн төлбөр, тэтгэвэрийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, үгүй бол орон сууц худалдаж авахтай нь холбогдуулж энэ сангаасаа өгч болно гэхчилэн олон түмний эрэлт хэрэгцээг харгалзаж үзээд бэлэн мөнгөөр олгох дөрвөн зүйлийн асуудлыг тусгасан.
Ингээд оюутнууд 1 сая төгрөгний сургалтын төлбөрийг тав, таван зуун мянгаар энэ сангаасаа өгсөн бол сүүлд нь ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бид Хамтарсан засагт байхдаа 2011 оны 12 сард гарсан тогтоол гаргаж иргэд 1 сая төгрөгийг энэ сангаасаа авахаар баталсан. Энэ бол Хүний хөгжлийн сангаас хувьцаа эзэмшсэнийхээ хувьд авч байгаа юм.
 
-Хувьцаа, бэлэн мөнгө олгож байгаа асуудлыг сүүлийн үед нэгтгэчихээд саяыг авбал хувьцаа авахгүй гээд байгаа шүү дээ?
-УИХ-ын 2011 онд батлагдсан тогтоолоор Эрдэнэс Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэддээ эзэмшүүлнэ. Үүнээс иргэн бүрт 536 ширхэг хувьцаа олгон гэж заасныг дараа нь нэмэлт оруулаад иргэдийнхээ 10 хувийг 20 хувь болгож 1072 ширхэг хувьцааг иргэддээ өмчлүүлэхээр болсон. Энэ хувьцааны үнэлгээг Төрийн өмчийн хороо үнэлэхдээ 1 бүрийг нь 933 төгрөгөөр тогтоохоор 1 сая 176 мянган төгрөгний үнэлгээ бүхий хувьцаа ногдож байгааг ард иргэддээ өгсөн.
Энд хоёр зүйл байгаа. Манай намыг Засгийн газраас гарснаас хойш 2012 оны 4 сард Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолын 1.3 дугаар зүйл дээр ямар заалт байна гэхээр нөгөө ахмад болон  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг маань та нар 1 сая төгрөг авчихсан учраас энэ хувьцаанаас авахгүй гэсэн заалт оруулсан. Энэ бол бидний үзэл санааг ойлгоогүй хүмүүс буруу заалтыг оруулж байгаа юм. Яагаад гэвэл энэ хоёр зүйл нэг нь бол Хүний хөгжлийн сан гэсэн тусгайлсан эх сурвалжтай тэндээс өгөгдөж байгаа зүйлүүд. Нөгөөдөх нь бол Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болсон 1 саяын үнэлгээ бүхий 1072 хувьцаа. Энэ маань иргэн болгондоо аль аль нь хүрч байх ёстой. Тэр өмнө нь энэ сангаас хэн хэдийг авсан нь ерөөсөө хамаа байхгүй. Тийм учраас энэ тогтоолын заалтыг бид эсэргүүцэж байгаа. Энэ бол хуультайгаа, үзэл санаатайгаа нийцэхгүй байгаа. Сүүлд нь тэд хувьцаагаа зарахыг зөвшөөрч зарвал Засгийн газарт зар гэснээр сая гаруй иргэд саналаа өгч мөнгөө авч байна.
Энэ бол хувьцааг нь 1 сая төгрөгөөр худалдчихаад 1 сая төгрөг өглөө гэж яриад байгаа хэрэг. Сая төгрөг өгөхөөр боллоо гэж хүний юмыг худалдаж авчихаад зүгээр өгч байгаа юм шиг ярьж болох уу болохгүй. Хүний юмыг худалдаад авсан бол тэр хүнд цөөхөн хэсгийг нь өгчихөөд дараа нь үлдсэн хэсгийг нь хэдийд өгөх вэ, өгөхгүй наймаа хийж болох уу, болохгүй. Хөдөө орон нутгаар явж байхад иргэд үнэн хэргийг нь ойлгонгуут “Үгүй ээ энэ чинь нээрэн миний сая төгрөгний хувьцааг авчихаад миний мөнгийг дутуу өгөөд байна. Энийг хэзээ хурдан гүйцээж өгөх юм бэ, хэн өгөх юм бэ. Сонгууль боллоо аль засаг нь өгөх юм бэ гэдэг ийм нэхэл хатуутай асуудал үүсч байна.
Товчхон хэлэхэд АН-ын мөрийн хөтөлбөр 100 хувь биелэгдээд мөн үзэл санааных нь ач холбогдлоор дахиад нэг шинэ байнгын давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг жил болгон авна. 21 мянгаа цааш нь үргэлжлүүлж авах уу гэсэн асуултуудыг бас хөдөө орон нутагт тавьж байна л даа. Энэ хууль бол насны хууль, өөрөөр хэлэх юм бол мөнхийн хууль ч гэж хэлнэ. Ардчилсан нам байгаа цагт энэ хэзээ ч өөрчлөгдөж хүчингүй болж чадахгүй. Энэ юу гэсэн үг вэ ерөөсөө цаашдаа энэ сангийн хөрөнгө, ногдол ашгийнхаа хувьд 4 хэлбэрээрээ хуваарилагдана. Харин 4 хэлбэрийн бэлэн мөнгөөр олгодгийг нь давамгай явах уу, орон сууц руу нь давамгай явах уу. Нийгмийн тодорхой бүлэгт нь бэлэн мөнгийг нь тодорхой бүлэгт нь орон сууцыг нь тодорхой бүлэгт нь сургалтын төлбөрийг нь авах уу гэдэг бол тухай бүрд нь олон түмний хүсэл бодол УИХ-аас гаргасан төсвийн дараах шийдвэр хоёроос шууд хамаарах юм. Тийм учраас энд санаа зоволтгүй.
Энийг би сонгуулийн өмнөх мөнгөний амалгаа биш 2008 оны сонгуулийнхаа амлалтыг биелүүлсний үр дүнд бий болгосон хууль эрх зүйн орчныхоо цаашдын үргэлжлэлийн тухай ярьж байгаа гэдгийг онцолмоор байна.
 
-Тэгвэл 2012 онд дэвшүүлсэн “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” гэсэн уриа маань дотроо 5 салаалж байгаа гэсэн.  Амьдрал дээр ер нь 2008 оных шигээ 100 хувь хэрэгжих боломж бий юу?
 
- Түүхээ ярих юм бол ерөнхийдөө иргэдийг бүхэлд нь өмчтэй болгох ажлыг АН хөтөлбөрүүдээрээ хийчихжээ. Одоо хүнд байдаг нэг чухал өмч бол түүний ажил хийх асуудал. Оюуны байна уу, биеийн байна уу ямар түвшний ажил хийх нь хамаагүй. Ажил бол өөрт нь байдаг үнэт цэнэт зүйл. Энэ үнэт цэнэт зүйлийг хүн бодитой болгох боломжийг л бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол ажилтай, орлоготой Монгол хүн гэдэг бол ардчиллын нэг чухал амин сүнс нь.
Хүн шиг амьдаръя гэхээр бид урьд нь яаж амьдарч байсан юм гэж зарим нь ярьж байна. Хүн хэдийд үнэ цэнээ мэддэг юм гэхээр бүтэн эрх, эрх чөлөөгөө мэдэж байж үнэ цэнээ мэддэг. Тэгвэл эрх, эрх чөлөө гэдэг бүтэн утгаараа миний өмчийнхөө хувьд би хүн шиг амьдармаар байна шүү дээ. Нэг даргын өмнө бөхөлзмөөргүй байна. Өөрийнхөө эрх чөлөөг нэг хүнд хулгайлуулмааргүй байна. Өөрийнхөө эрх, эрх чөлөөг худалдаж хээл хахууль өгмөөргүй байна. Энийг хүн шиг амьдрах гэнэ.
Би эрдэм боловсролтой амьдармаар байна. Миний үр хүүхдүүд эрдэм боловсролтой хүн шиг хүн болж өсөж өндиймөөр байна. Бид айх аюулгүй орчинд шүүхээрээ хамгаалуулж, цагдаагаараа тайван байдлаа сахиулах нь миний хүн шиг амьдрах утга учир биз дээ. Өнөөдөр бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс юмандаа эзэн шиг байя л даа. Энийг улс шиг улс хөгжих гэж байна. Бид өөрөө өөрсдийнхөө юмыг өөрсдөө хийцгээе. Ингээд дэлгэрүүлэх юм бол мөрийн хөтөлбөрт энэ бүх агуулгыг багтаасан байгаа. Монгол хүн би Монгол гэдгээрээ бахархаж Монгол улс Монгол улс гэдгээрээ дэлхий ертөнцийн анхаарлыг нь татах төдийгүй, эзэн Чингисийнхээ төр улсыг бас нэг өнгөтэй өөдтэй байлгамаар байгаагаа бид улс шиг хөгжье гэж байгаа юм.
 
- Өнгөрсөн онд манай улс эдийн засгийн хувьд дэлхийд байхгүй өндөр хувийн өсөлттэй гэж гарсан. Гэвч иргэдийн түрийвчинд энэ өсөлт нөлөөлөөгүй. Энэ өсөлттэй жишээ аваад ярихад та бүхний мөрийн хөтөлбөрт яг иргэдийн түрийвч нь энэ хэмжээгээр боломжыг хэр тусгасан бэ?
 
- Энэ хамгийн чухал асуултын нэг. Манай нэрт нийтлэлч Баабар “Бид ялахгүй байхын эрхгүй сонгуулиа” гэж хэлсэн. Яагаад гэвэл өнөөдөр эдийн засгийн хурдац яг ийм түвшинд хүртлээ. Ийм түвшинд эдийн засгийн хурдац нь бий болж байгаа бол хувь хүний амьдралын өсөлтийн хурдац адилхан байх ёстой. Өнөөдөр бид “Олуулаа хөгжих юмуу, эсвэл цөөнх нь хөлжих юмуу” гэдэг асуудлын босгон дээр ирчихээд байна. Ардчилсан нам гарч байж чухамхүү олуулаа хөгжиж цөөнх нь хөлжигчдийн өмнөх хаалгыг хаах боломжтой болно. Энэ хариултыг өгөхөд мөрийн хөтөлбөрлүүгээ орох хэрэгтэй болно. Тухайлбал хөдөө орон нутагт бид дотооддоо мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнээ өөрсдөө боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргая. Хүнс, хоол тэжээлээ өөрсдөө үйлдвэрлэж хангахад томоохон хэмжээний сангуудыг сум, аймаг, бүс нутгийнх нь түвшинд нь бий болгоё. Зээлийн хөнгөлөлтийн сангууд, Хөгжлийн сангууд бий болгоё. Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор тэдэнд давуу эрхийн нөхцөл байдлыг үүсгэх боломж олгоё гэх мэтчилэн олон асуудлыг тусгасан.
Би математикч хүн. Математикт бол кадастрофын цэг буюу яг эргэлтийн цэг гэж байдаг. Энэ цэг дээр ирэхэд эсвэл унадаг энийг зөв засч чадах юм бол тэр өөрөө эргээд өөрийгөө дээш нь өндийлгөөд аваад явдаг яг тэр цэг дээр өнөөдөр Монгол Улсын хөгжлийн бодлого нь ирсэн. Хөгжлийн цаашдын бодлого нь энэ цэг дээр ирсэн учраас бид үүнийг хийхийн тулд ялахгүй байхын эрхгүй.
 
- Намуудын мөрийн хөтөлбөрөөс харж байхад тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд ирээдүйн тэтгэвэрийн сан байгуулна гэж ихэнхи нь тусгасан байна. АН олон давхаргат тэтгэвэрийн тогтолцоог бий болгож, уул уурхайн баялгаас орж байгаа орлогоор баялгийн сан бий болгож нийт сангийн хөрөнгийн 60 хүртэлх хувийг ирээдүйн тэтгэвэрийн санд байршуулна гэсэн байна. Энэ сангаас тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ яаж өөрчлөгдөх боломж байгаа вэ?
 
-Хүний хөгжлийн сангийн бодлогын дараагийн үргэлжлэл бол энэ. Ер нь бол олон давхаргат тэтгэврийн эх буюу ерөөсөө Монгол Улсын Үндсэн хуулинд хүн, Монгол иргэн өндөр наслахдаа мөнгөн тусламж авах эрхтэй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн шимтгэлийн нөхцөл болзолгүйгээр суурь тэтгэвэр авах ёстой. Тэрний дараачаар бол тэр хүн нэмэлт шимтгэл төлсөний үндсэн дээр ажил хийж байгаа хүмүүс ажлын байгууллагууд нь, ажил байхгүй улсууд нь саяны ашигт малтмалаас орж ирэх сангийн тусламжтайгаар, нөгөө хэсэг нь ер нь өндөр тэтгэвэр авъя гэвэл өөрөө сайн дурын шимтгэл төлөх гэсэн  3 давхрагатай тэтгэвэрийн системрүү шилжих тухай асуудал юм.
Энэ далимаар ярихад бол халамжийн тухай асуудал мөн хөндөгдөж байгаа. Нөгөө 21 мянга нь алга болох нь гээд ерөөсөө энэ АН чинь халамжийг үгүй хийх нь гэж хамгийн буруу ойлголт энд үүссэн.
21 мянга, 70 мянга, 50 мянган төгрөг бол халамж биш. Энийг халамж гэж ойлгуулсан учраас иргэн хүн энэ мөнгөний үнэ цэнийг мэдээгүй. Зүгээр нэг өгч байгаа учраас үүнийг ямар нэгэн үр дүн болгох эрмэлзэл бага байсан. Уучлаарай энэ халамж биш. Та ажил хийгээд цалин авдагтай адил таны өмчнөөс орж ирж байгаа хөрөнгө чинь энэ юм. Зүгээр бид нар өгөх систем нь халамжийн системийн сувгаар өгсөн байхгүй юу. Энэ агуулгаар халамж гэж ойлгосон. Нэг нь хишиг өгнө гэж байсан, нэг нь хувийг нь өгнө гэсэн хоёр өөр ойлголт байгаа биз.
Ардын нам бол Хувьсгалт нам байхдаа хишиг өгнө гээд нээх буянтай хүн нь бусаддаа хишиг өгч байгаа юм шиг. АН бол өмчтэй хүний өмчийнх нь хувийг нь өөрөө авах тэр боломжийг нь бүрдүүлж өгсөн шүү дээ.
 
 -Дундаж давхаргыг орхигдуулаагүй ээ гэж ойлгож болох уу.
 
 -Ерөөсөө АН-ын суурь үзэл баримтлал юу байдаг гэвэл дундаж давхаргын өргөтгөл. Дундаж давхаргын өргөтгөлийг бид нар коммунист аргаар хийхгүй. Өөрөөр хэлэх юм бол баян чинээлэг улсуудын хөрөнгө хураах замаар хийхгүй. Ядуу байгаа тэр хэсгээ дундаж амьдралын хэсэг рүү түрж аваачиж дундажуудыг олонх болгох боломжуудыг бий болгох заалтуудыг бид мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөнөөрөө бусад намуудаас давуу талтай юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(200.84.67.155) 2015 оны 07 сарын 29

Phanmoenel breakdown of the topic, you should write for me too!

0  |  0
Top