Намууд хийснээрээ өрсөлддөг болчихвол...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАН, АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Нийгмийн чиглэлээр явуулах бодлогыг өмнө нь харьцуулж уншигчиддаа хүргэсэн. Сонгуулийн шинэ хуулиар элдэв амлалтуудыг хориглосон нь сайн талтай ч намын мөрийн хөтөлбөр зэрэг томоохон бодлогын баримт бичгийг нэгхэн сарын дотор сонгогчдод хүргэж таниулна гэдэг учир дутагдалтай  санагдсан. Тийм учраас 2016  оны сонгуулиас өмнө энэ алдаагаа засч уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар “намууд мөрийн хөтөлбөрөө сонгуулийн жилээс өмнө боловсруулан батлуулж, сонгуулийн жилээс эхлэн тодорхой хэмжээ, сурталчилгааны цагийн хуваарийн дагуу сонгогчдод хүргэнэ” гэсэн заалтыг нэмж суулгаж өгч болох юм. Ингэвэл сонгогчдод намуудын мөрийн хөтөлбөртэй танилцах хангалттай хугацаа гарна. Олон жил бид атга будаа, шуудай гурил, сайхан амлалтад хууртаж саналаа өгч ирсэн нь нууц биш. Харин одоо намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь харж байгаад ул суурьтай саналаа өгдөг больё. Мөрийн хөтөлбөрийнх нь биелэлтийг дүгнэдэг больё. Нам ч, сонгогч ч тэр хаа хаанаа хариуцлагатай байя гэсэн үг юм. Ард түмэнд таалагдсан мөрийн хөтөлбөртэй нам олонхийн саналыг авч чаддаг. Олонхийн саналыг авч Засгийн газраа байгуулсан нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Ард түмэн нь боломж олгоод байхад бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байгаа намыг сонгуулиар л дүн тавина. Өөр арга байхгүй.  Намууд сонгуулийн өмнө дуулиантайгаар мөрийн хөтөлбөр хийдэг, түүнийгээ сонгуулийн өмнө сурталчилаад орхидог, харин биелэлтийн талаар чимээгүй өнгөрдөг. Учир нь биелэлт нь ямар ч тохиолдолд ихэнхидээ хасах гардаг учраас. Тийм учраас энэ байдлыг халж хариуцлагын асуудлыг сонгуулийн хуульд оруулж өгөх, улмаар сонгогчдын олонхийн саналыг авч эрх барьсан нам амлалтаа биелүүлж эс чадваас хууль зүйн ямар нэг хариуцлага хүлээдэг болвол сайн сан. Мөрийн хөтөлбөрөөрөө, оюун санаагаараа, хийсэн ажлаараа өрсөлддөг болчихвол улсын хөгжил аяндаа өндийгөөд ирнэ.

Г.Нэргүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top