Хамтарч эвсэж, салж нийлсэн засгийн газрууд...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөснөөс хойшхи өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд МАХН буюу одоогийн МАН-ынхныг засаг барьсан гэж олон нийт ойлгодог. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр олонхи суудал авсан нам эвсэл Засгийн газраа бүрдүүлдэг энгийн дүрэмтэй. Хамгийн сонирхолтой нь МАХН 1992, 2000 онд л дангаараа засаг барьж, 1996 онд анх удаа хүчтэй сөрөг хүчин болж, бусад үед нь дандаа хамтарч эвсэж Засгийн газраа байгуулж байсан байх юм.

Д.Бямбасүрэнгийн Засгийн газар

Шинэ Үндсэн хуулиа баталж дөнгөж хэрэгжүүлж эхлээд байсан МАХН-ын голцуу сайд нараас бүрдсэн Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар Да.Ганболд, шадар сайдаар Д.Дорлигжав нар ажиллаж байв. Тэр үед Улсын бага хуралд төлөөлөлтэй байсан Ардчилсан хүчний 3 намд хамтарч ажиллах саналыг Ерөнхий сайд Д.Бямбасүрэн тавьснаар МоАН, МҮАН-аас угшилтай дээрхи хоёр эрхэм Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллсан бөгөөд МСДН яагаад ч юм саналыг хүлээж аваагүй байдаг. Мөнгөний ханшыг унагасан алдарт 20-р тогтоол, алт дилерийн хэргээрээ тухайн үеийн Засгийн газар олны анхаарлын бай болж байв.

П.Жасрайн Засгийн газар

1992 оны УИХ-ын сонгуулиар МАХН 71 суудал авч, үнэмлэхүй олонхи болсноор дангаараа Засгийн газраа байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдаар П.Жасрай томилогдов. Тэрээр улс орны эдийн засаг шилжилтийн эрсдлийг  даалгүй элгээрээ хэвтчихсэн хүнд хэцүү үед Засгийн газрыг тэргүүлж байсан ч амжилттай даван туулж чадсан. 1990-ээд оны эхээр картын бараанд дугаарлан зогсож үзсэн монголчууд П.Жасрайн тухайн үед хэлсэн “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэсэн алдарт үгийг хэзээ ч мартахгүй биз ээ. Тухайн үед өмссөн “гонжоом”-оороо захын бизнесменд хүртэл гоочлуулж байсан ч Монголын ард түмнийг өнөөгийн зэрэгт хүргэхэд дээрхи хоёр буурал сайдын гавьяа алдсан оносноосоо хавьгүй их билээ.

М.Энхсайханы Засгийн газар

1996 оны УИХ-ын сонгуулиар “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал авч Ардчилсан холбоо эвсэл анх удаа дангаараа Засгийн газраа байгуулав. Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон орж ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 харьцаатай оров. Гэвч энэ Засгийн газар 2008 оны 4 дүгээр сард  огцорсон. Шалтгаан нь: “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байх нь зүйтэй гэж ардчилсан хүчнийхэн өөрсдөө үзсэж улс төрийн шийвдэр гарсантай холбоотой. М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар өмч хувьчлал зэрэг реформын шинжтэй томоохон ажлуудыг эхлүүлж чадсан.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар

М.Энхсайханы дараагаар МҮАН-ын тэргүүн Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдов. Энэ Засгийн газар яг 3 сарын настай байв. УИХ дахь олонхи, цөөнхийн бүлэг банкны асуудлаар санал зөрөлдөж чуулганы хуралдааныг 1 сар 4 хоног гацаасны эцэст нууцаар санал хурааж, УИХ-д 50 суудалтай олонхийн бүлгийн зарим гишүүн сөрөг хүчинтэйгээ нийлж өөрийн Засгийн газар буюу Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан юм. Нэг талдаа банкны системд реформ хийсэн гэгддэг ч энэ нь асар их нугалаа, луйвар, хэл амыг дагуулж нийгмийг доргиож байв.

Ж.Наранцацралтын Засгийн газар

Ардчилсан холбоо эвслийн удирдлагууд шинэ Ерөнхий сайдад МҮАН-ын дэд тэргүүн Да.Ганболдыг санал болгосон ч Ерөнхийлөгч Н.Багабанди “Да.Ганболд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд банкны асуудлуудыг хуулийн дагуу хяналт тавьж таслан зогсоох, засч залруулах арга хэмжээ аваагүй учир түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулах боломжгүй” хэмээн 7 удаа буцаасан түүхтэй. Бараг таван сарын дараа УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдов. Гэвч энэ Засгийн газар тийм ч удаан настай байсангүй. Ердөө найман сар хүрэхгүй хугацааны дараа УИХ Ерөнхий сайд Ж.Наранцацралтын асуудлыг авч хэлэлцэн түүнийг ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд явуулсан захидалдаа буруу байр суурь илэрхийлсэн хэмээн үзэж огцруулсан юм.

Р.Амаржаргалын Засгийн газар

1999 оны 7 сард Р.Амаржаргал Ерөнхий сайд болов. Ийнхүү Ардчилсан холбоо эвсэл бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд дөрвөн ч Засгийн газрын нүүр үзсэн юм. Энэ нь шинэ тутам байгуулагдсан Ардчилсан хүчин нэг цул болж нэгдэж чадаагүй, дотоодын зөрчил тэмцэл, төлөвшил зэргээс гадна сөрөг хүчний үйл ажиллагаа хүчтэй нөлөөлж байв. Дээрээс нь ардчиллын эцэг С.Зориг амь насаа алдсан, Казиногийн хэрэг  бүр ч нэрмээс болсон.

Н.Энхбаярын Засгийн газар

2000 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан холбоо эвсэл бүрэн ялагдал хүлээж, Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН-ын Засгийн газар  байгуулагдав. Нэг хүний дангаар ноёрхол, хээл хахууль энэ үед ид хүчээ авч байсан ч Мянганы зам, их өр тэглэлт зэрэг томоохон ажлууд хийгдэж байсан билээ.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар

2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН  тэнцүү суудал авсан.  Иймээс УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн болон МАХН-ын бүлгүүд 3 долоо хоног зөвшилцсний эцэст Засгийн газрын бүрэлдэхүүнийг МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл 50, 50 хувиар хамтран Их эвслийн Засгийн газар байгуулах, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг эвсэл намууд 2, 2 жилээр хаших зөвшилцөлд хүрэв. Зөвшилцлийн дагуу Их эвслийн Засгийн газрын тэргүүнээр Ц.Элбэгдорж томилогдов.  Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт ажилласан МАХН-ын сайдуудын огцрох өргөдлийг УИХ-аар авч хэлэлцэхэд АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг болон АТН-ын дарга Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар огцруулахыг дэмжсэн санал өгснөөр МАХН-Ардчилсан намын хамтарсан Их эвслийн Засгийн газар огцров.

М.Энхболдын Засгийн газар

АН-ын Гүйцэтгэх зөвлөл Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг огцруулсан тохиолдолд дараагийн байгуулагдах Засгийн газарт АН, түүний гишүүд оролцохгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргаад байсан юм. Шинээр байгуулагдсан М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт АН-ын гишүүн М.Энхсайхан шадар сайдаар, М.Сономпил Батлан хамгаалахын сайдаар, Ж.Наранцацралт Барилга, хот байгуулалтын сайдаар, АТН-ын дарга Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайдаар томилогдон ажиллаж байв. АН-ын Үндсэн дүрмийн хороо АН-ын гишүүн М.Энхсайхан, Ж.Наранцацралт, М.Сономпил, Ж.Батхуяг нарыг АН-ын ГЗ-ийн шийдвэрийг үл биелүүлж, өөрийн намын Засгийн газрыг огцруулж, өөрсдөө МАХН-ын дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт орж, энэ үйлдлээрээ тус намын Үндсэн дүрмийн 16.2.3 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж АН-ын гишүүнээс хасав. М.Энхболдын Засгийн газрыг нэг талаас Үндэсний эв нэгдлийн гэж, нөгөө талд үхрийн бөөр шиг Засгийн газар гэж егөөдөж байв. Энэ үед МИ-8 нисдэг тэрэгний осол, Азийн чоно, Хонгорын хордлого зэрэг дуулиан хүчээ авч салбарын сайд нь огцорно хэмээн мэдэгдэж, төд удалгүй үгнээсээ буцаж, Засгийн газрынхаа нэр хүндийг шавартай хутгаж байв. Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар дараалан огцорч, улмаар Засгийн газрын тэргүүн М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр Засгийн газар огцров.

С.Баярын Засгийн газар

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН 44, АН 28 суудал авав. МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнийг 60:40 харьцаагаар бүрдүүлж, С.Баяр үргэлжлүүлж ажиллав. 7 сарын 1, Оюу толгойн гэрээ зэрэг томоохон хэрэг явдлууд энэ Засгийн газрын үед яригддаг. 2009 оны 9 сард Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн улмаас ажлаасаа чөлөөлөгдөж, Сү.Батболд Ерөнхий сайд болов.

Сү.Батболдын Засгийн газар

С.Баярын уламжлуулсан Сү.Батболдын Засгийн газрын МАХН, АН гэсэн хүчний харьцаанд өөрчлөлт гараагүй. Харин АН гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2012 оны 2 дугаар сард Засгийн газраас гарав. Анх удаа МАН дангаараа ардын Засгийн газрыг байгуулав.

Энэ бүхнээс дүгнэхэд намуудын дотоодод гарсан улс төрийн шийдвэр улс орны амьдралд ямар их нөлөө үзүүлдэг болохыг харж болохоор байна. МАХН 1996-2000 онд сөрөг хүчин байхдаа эрх баригчдад хүчтэй нөлөө үзүүлж байсан бол АН хэд хэдэн удаа зөвшилцөл, гэрээнээсээ ухарч байсан байх юм.

Г.Нэргүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top