Б.Батзориг: УИХ-д иргэдийн дуу хоолой болох хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын 22 дугаар тойрог, Баянзүрх, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригтой ярилцлаа.

-УИХ-д нэр дэвших болсон шалтгаан юу байв. Сонгогчид нэр дэвшигчдийг янз бүрээр харж, ярьж бас сонжиж байна. Сонголтоо хийх гэж тэр шүү дээ. Гэхдээ таны хувьд дүүрэг удирдаж байсан хүн. Тэр хэрээр ард иргэдийнхээ амьдралыг мэднэ гэж ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр бусдаас илүү  бас тодорхой, зорилго хүсэлтэй, бодсон санасан юмтай байгаа болов уу гэж харж байгаа?
-УИХ-ын сонгууль эхэлчихлээ. Намууд нэр дэвшигчдээ тодруулаад, ид бужигнаж байна. Миний хувьд мөн адил УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн учраас иргэдтэйгээ уулзаж, сурталчилгааны ажлаа эхлүүлчихсэн. УИХ-д нэр дэвших үү, болих уу гэдэг  дээр хувь хүний хувьд нэлээн бодож, дотор хүнтэйгээ ярьсан. Мэдээж найз нөхөд, мөн намын удирдлагуудтайгаа ч зөвлөлдсөн. Тэгээд иргэдээсээ асууя гэж бодсон. Манай Баянзүрх дүүрэг 280 мянга гаруй иргэн, 75 мянга гаруй өрхтэй том дүүрэг. Дүүргийн Засаг даргын хувьд өнгөрсөн дөрвөн жилд иргэдээ сонсож хэр чадлаараа л ойр ажилласан. Олон хүнтэй уулзсан. Олон ч зүйлийн талаар ний нуугүй ярилцаж, санал бодлоо солилцсон. Иргэд, дүүрэг орон нутгаа мэддэг, эгэл амьдралыг мэдэрдэг, өрөөр хэлбэл иргэдийн дуу хоолой болох хүнийг төрд төлөөллөө болгох хүсэл сонирхолтой байдаг болж. Хуучин шиг амлалт, хэдэн төгрөгөнд хууртаж гэнэдэхээргүй болж төлөвшсөн байна лээ. Ний нуугүй хэлэхэд, Засаг дарга та энэ удаагийн сонгуульд оролцох нь зүйтэй гэж олон хүн зөвлөсөн. Би ч, яагаад би гэж иргэдээсээ асуусан. Тэд нэгэн дуугаар, орон нутгаа мэддэг хүн парламентад байх юм бол орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд дорвитой шийдвэр гаргах, хөрсөн дээр буух шийдэлд хүрэхэд тустай гэж хэлсэн. Итгэж болох хүн хэмээн иргэдээрээ үнэлүүлсэндээ омогшоод шийдвэр гаргасан ч гэж болно доо.

-Нээрээ ч нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг мөн ч их хүлээсэн дээ, Засаг дарга нар гэлтгүй олон нийт?
-Тийм ээ,  Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг их олон жил ярьж байна. Гэвч өнөөдрийг хүртэл батлаад амьдралд хэрэгжүүлчихсэн юм алга л байна шүү дээ. Уг нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, нийслэл маань бие дааж, эдийн засгийн хувьд хараат байдлаас гарч өөрийгөө аваад явах чадвартай болох нь амин чухал асуудал болоод байна. Дүүргийн хэмжээний жижигхэн асуудлыг хүртэл УИХ дээр шийддэг байдлаас болж хичнээн их цаг хугацаа алдаж байгаагаа анхаарах цаг нь болжээ. Жижиг сажиг асуудлаа орон нутаг өөрөө шийдээд эхэлчихвэл их ажил амжуулна. Тэр хэрээр орон нутгийн хөгжлийн явц түргэснэ. Орон нутгийн хөгжлийн явц түргэсэхийн сацуу иргэдийн ахуй амьдрал дээшилнэ. Энэ талаас нь харж, УИХ-д иргэдийн дуу хоолой болох хэрэгтэй юм байна. Итгэл хүлээлгэвэл чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. 
Би дүүргийнхээ нэг иргэнтэй уулзлаа гэтэл, та УИХ-д нэр дэвших хэрэгтэй. Ингэхэд та  БЗД гэж юу гэж байгааг мэдэх үү гэж асуудаг юм байна. Би ч Баянзүрх дүүрэг гэж хариулав. Гэтэл өөдөөс Батзориг дарга гэж байгаа юм шүү дээ гэж хэлсэн. Энэ үгний цаана надад итгэх итгэл байгаа юм байна гэж л ойлгосон. Итгэл гэдэг их нандин зүйл. Ганц нэг хүний бус 280-аад мянган хүний итгэлийг хүлээж ажиллана гэдэг асар том хариуцлага. Иргэдтэй  уулзаж байхад огт анзаарч байгаагүй олон зүйлээ мэдэж авдаг юм. Тэгээд  ч би иргэдийн дуу хоолойг төрд хүргэж, тэднийхээ санал бодлыг сонсож харилцан ярилцаж байж боловсруулсан бодлоготой болсон цагт л энэ Монгол маань дэлхийн хэмжээнд тоогдохуйц болж хүчирхэгжинэ гэж бодож явдаг. Мэдээж төрийн ноён нуруу ч гэдэг юм уу төр толгой мэдэн шийдэх асуудал байлгүй л яахав. Гэхдээ эгэл түмнээс л амьдрал, хөгжлийн түлхүүр гарч ирэх юм байна гэдгийг дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа ойлгосон. Тиймдээ ч дүүргийнхээ иргэдийн итгэлийг дааж, энэ дүүрэгтэй амьдралаа холбосных, дүүргийнхээ иргэдийн төрд хүргэх дуу хоолой нь болъё гэж бодож, УИХ-д нэр дэвших шийдэлд хүрсэн.

-Намын мөрийн хөтөлбөр гэснээс аль ч нам ялгаагүй, нэлээн чамбай судалж төлөвлөж байж л хөтөлбөрөө боловсруулсан байж таарна. Таны хувьд намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд ажиллах нь тодорхой ч хувь хүний хувьд  алинд нь илүү акцент өгч анхаарлаа хандуулж байгаа вэ?
-Би намын Бага хурлын гишүүн. Бага хурал дээр намын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байхад хэд хэдэн санал оруулсан нь тусгагдсан. Орон нутагт ажилладаг хүний хувьд иргэдтэй уулзаад ярилцаж байхад манайхан сүүлийн үед нэг их бэлэн юм хүсэхээ больчихсон нь анзаарагдлаа. Хоёр жилийн өмнө бол ахуйн чанартай гуйлт их байдаг байв. Харин сүүлийн үед ажлын байр, тогтмол орлоготой болгож өгөөч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжээч, хөнгөлттэй зээлийн хэмжээг ихэсгээч, архидалттай тэмцээч гэсэн зүйлийг ярьдаг болж. Бэлэн юм нэхэхээсээ илүүтэй, би юм хиймээр байна, надад жаахан дэмжлэг хэрэгтэй байна гэдэг болсон. Энэ бол дэвшил. Хүмүүс хийж чадна гэдгээ ойлгож, хийх боломж байгааг харж чаддаг болсон байна. Хүний гар, төрийн халамжийг харалгүй амьдралаа аваад явчих итгэл зүтгэл, хамгийн гол нь чадвартай болж. Манай намын мөрийн хөтөлбөрт энэ талаар нэлээд зүйл тусгагдсан. Жишээ нь 10 мянган үйлдвэр үйлчилгээний газрын үүдийг нээж, 300 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан. Юуг нь нуухав, манайд мэргэжлийн ажиллах хүчин дутмаг байдаг. Бид гаднаас ажиллах хүчин авч байна. Өөрсдөө ажилгүй, орлогогүй гэж суучихаад бусдыг гуйж авчирч ажиллуулж болохгүй шүү дээ. Ямартай ч манай намын мөрийн хөтөлбөрт улсын төсвөөр жил бүр15 мянган мэргэжлийн ажилтан бэлтгэнэ гэж тусгасан. Өнөөдөр амин чухал хэрэгцээтэй атлаа дутмаг байгаа барилгачин, өрлөгчин, оёдолчдыг улс өөрийн мөнгөөр сургаад бэлдээд эхэлбэл хятадаас барилгачид оруулж ирэх шаардлагагүй болно. Нэг үгээр хэлбэл их бүтээн байгуулалтанд өөрийнхөө иргэдийг оролцуулах тал дээр нэлээд түлхүү анхаарсан бодлого. Бас нэг юмыг онцлоход жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих асуудал байна.

-Тодруулбал?
-Жижиг, дунд бизнес эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хэмжээг жил бүр 150 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Цаашид хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэг их наядад хүргэх юм. Үнэхээр хэрэгтэй асуудал шүү. Өнгөрсөн жил гэхэд л манай дүүрэг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хоттой ярьж, Засгийн газар дэмжсэний үндсэн дээр 3.8 тэрбум төгрөгийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ зориулж олгосон. Бодож байснаас ч хавьгүй сайн үр дүнд хүрсэн. Нэг аж ахуйн нэгжид 100 сая хүртэлх төгрөгийн зээл олгосон юм. Хүн үнэхээр хүсч байгаа зүйлээ хийсэн шиг хийдэг юм байна лээ. Манай дүүргийн хувьд онцлог ихтэй, том дүүрэг. 28 хороотой гэр хороолол зонхилсон. Өнөөдөр гэр хорооллын айл өрхүүд хашаандаа хүнсний ногоо тарьж наандаж өрхийнхөө хэрэгцээг хангадаг боллоо. Жижиг бизнес эрхэлж, авто засварын газар ажиллуулж байна. Нэмж хэлэхэд манай дүүрэг мал аж ахуй эрхлэлт ихтэй. Малтай иргэдийн амжиргааг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлэхээр фермерийн аж ахуй эрхлэхэд нь дэмжих бодлого манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нь тэдэнд ихээхэн дэм болох болов уу гэж найдаж байгаа. Бага хуралд оруулсан санал маань дэмжигдэж мөрийн хөтөлбөрт тусгагдсанд баяртай яваа ч иргэдтэйгээ уулзаж ярилцаагүй бол анзаарахгүй өнгөрч боломгүй олон асуудлын хажуугаар өнгөрөх байж дээ гэдгээ ойлгоод байгаа. Түүнээс гадна хамгийн гол нь иргэдийг ажлын байртай болох хүсэлтийг биелүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр дунд насныханд ажил олдохгүйн зовлон бий. Намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж 300 мянган ажлын байр бий болсноор нас хүйсээрээ ялгагдаж ажилгүй зовж яваа олон хүн ажилтай болно. Ингээд яриад байвал олон зүйл бий. Тэр бүхнийг задалж ярих боломжгүй учраас иргэд сонсогчдоо намуудын мөрийн хөтөлбөрийг л сайн уншиж нягтлаж байж сонголтоо хийгээрэй гэж хэлэх байна.

-Нэр дэвшигчдийн тухайд иргэд огт танихгүй нууцлаг хүн гарч ирж бөөн асуулт дагуулснаас хийсэн бүтээсэн, итгэл даахуйц хүндээ итгэл үзүүлэхийг илүүд үзэх нь мэдээж. Таны хувьд нийслэлийн том дүүргүүдийн нэгийг толгойлж байсан хүн. Товчхондоо ажил хийж үзсэн, мөн ажлынхаа үр дүнг харчихсан хүн гэж ойлгож байгаа. Засаг даргаар ажиллаж байхдаа мөрийн хөтөлбөр төлөвлөгөөтэй байсан л байж таарна. Тэр хэмжээгээр ажил хийсэн байж таарна. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад хийхээр зорьсон ажлуудынхаа хэдэн хувийг амжуулав. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөрийн тань биелэлт хэдэн хувьтай байна вэ гээд байна л даа? Хүмүүст хий амлалтаас илүү хийсэн бүтээсэн юмтай хүн их сонин байна шүү?
-2008 оны Орон нутгийн сонгуулиар манай баянзүрхчүүд МАН-д 100 хувь итгэл үзүүлсэн. НИТХ-ын ес МАН-аас, дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгч мөн л манай намынх. Би Засаг даргаар ажилласан. Ний нуугүй хэлэхэд 100 хувь байна гэдэг үнэхээр чухал ач холбогдолтой юм байна лээ. Мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлэхийн төлөө ажилладаг, зорилтоо тодорхой болгодог юм байна лээ. Миний хувьд дүүргийн Засаг даргын ажлыг аваад өмнөө зургаан үндсэн зорилт тавьсан. Дүүргийн 2008-2012 онд ажиллах нийгэм, эдийн засгийн зорилтоо батлуулж ажилласан. Өнгөрсөн 2011 оны 12 дугаар сард нийслэл, дүүргийн ИТХ хуралдаад дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр 100 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлнэ гэдэг чамлахааргүй амжилт. Энэ удаагийн сонгуульд ч гэсэн МАН-д 100 хувь итгэл үзүүлээч ээ гэж би иргэдээсээ хүсч байгаа. 100 хувь байна гэдэг иргэдэд л хэрэгтэй. Өнөө яриад байгаа мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлэхийн төлөө итгэл үнэмшилтэй зүтгэж ажиллана биелүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн он жилүүдэд манай дүүрэг манлайлж ажилласан. Шилдэг тохижилт, гэрэлтүүлэг, мөн шилдэг төрийн байгууллагаар шалгарсан. Энэ бол дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр 100 хувь биелж байгаагийн илрэл гээд хэлчихвэл нэг их “онгирсон” болохгүй байх аа.

-Баянзүрх дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямархуу байдаг юм бэ. Хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн их нүүдлээс болоод ч гэх юм уу асуудал хүндхэн л байх шиг байдаг?
-Бид өнгөрсөн жил нийгмийн чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд найман цэцэр­лэг барьж 1350 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Мөн таван сургуулийн өргөт­гөлийг барьж 5500 хүүхдийг таатай орчинд сурах боломжоор ханга­сан. Бүтээн байгуулалтаас гадна нийгмийн чиглэлийн асуудалд түлхүү анхаарч ажилласны маань үр дүн энэ. Түүнээс гадна иргэдийг ажилтай болгох асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. 2012 оны хувьд ч гэсэн өмнөө том зорилт тавьсан.Тодруулбал, энэ жилийг дүүргийн ИТХ-аас “Хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”  болгон зарласан. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Таван хороонд цэцэрлэг барихаар төлөвлөснөөс эхнээсээ барилгын ажил нь эхлээд явж байна. Мөн 11 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль баригдана. Түүнээс гадна  УИХ-ын 22 дугаар тойрог чинь Баянзүрхээс гадна Налайхтай нийлж байгаа. Нэг тойрог болсон гэсэн үг  л дээ. Налайхчууд биднийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Налайх дүүрэгт хэрэгжүүлэх амин чухал гэж хэлж болохуйц олон асуудал, төсөл намын мөрийн хөтөлбөрт багтсан байгаа.  Ер нь нийслэл маань дагуул хотуудаа хөгжүүлэхийг чухалчилж байгаа шүү дээ. Дагуул хотоо хөгжүүлэх бодлогыг намын зүгээс ч чухалчилдаг. Нөгөөтэйгүүр Налайхын ажил амьдралыг би мэднэ. Угаасаа дүүргүүд ижил зовлон, ижил бэрхшээлтэй байдаг юм шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр хотын төвөөс хол ойроос үл хамааран зовлон бэрхшээл, тулгамддаг асуудал гэх яриа хүртэл байдаг даа. Тэр утгаараа нийслэлийнхээ ажил амьдралыг мэддэг хүнд итгэл үзүүлээрэй гэж нийт иргэддээ уриалъя. Орон нутгийн амьдрал, эгэл амьдралын эрээн барааныг дор хаяж гадарладаг байж гэмээн төрд иргэдийн дуу хоолой болж чадна. Ажаад байхад УИХ-д гарч байгаа хүн эргэх холбоотой байх хэрэгтэй байдаг шиг санагддаг. Баахан юм амлаад л гарчихдаг. Дүүрэг, иргэдээ мэдэхгүй учраас орхиод явчихдаг. Сайн, мууг нь мэддэг хүн жаргал зовлонг мэдэх учраас холбоо тасрахгүй эргэх холбоотой ажиллана. Энэ их чухал шүү. Бодоод үз дээ. Шаардлага гарвал над руу чөлөөтэй утасдана. Миний утасны дугаарыг манай дүүргийнхэн андахгүй мэднэ. Ер нь би төрийн албан хаагчид иргэдтэйгээ уулздаг, ярьдаг товчхондоо нээлттэй байх ёстой л гэж ойлгоод байгаа шүү дээ.

-Та түрүүн иргэд түр зуурын тусламж хүсэхээсээ илүү байнгын ажлын байр ч гэх юм уу арай өөр зүйл хүсдэг болж гэж хэлсэн. Дүүрэг толгойлж ажиллаж байгаагийн хувьд ажлын байр нэмэгдүүлэх бодит боломжийг хэрхэн харж байна вэ. Нэг хэсэг монголчууд хуйгаараа уул уурхай гэж хуйларлаа шүү дээ. Одоо өөр зүйлд анхаарлаа хандуулах цаг нь болсон гэдгийг хаа хаанаа л ухаарч байх шиг байна?
-Өрх болгоныг орлоготой, айл болгоныг ажилтай болгоё. Өрх болгон орлоготой болохоор иргэд эрч хүчтэй болно. Тиймдээ ч бид 300 мянган ажлын байр бий болгоно гээд байгаа юм. Хажуугаар нь өрхийн орлогыг дэмжиж, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулсан. Жижиг бизенс эрхэлж, мухлаг дэлгүүр ажиллуулдаг хүн байлаа ч эргэлтийн хөрөнгөгүйгээс болж ашиг орлого нь дээшилдэггүй. Хэрвээ бид эргэлтийн хөрөнгөнийх нь асуудлыг шийдээд өгчихвөл орлого нь тэр хэрээр нэмэгдэнэ. Тэр иргэн өөрөө өөрийгөө цаашлаад өрх гэрээ аваад явчихна. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжье гэж байгаа.

-Яаж дэмжинэ гэж?
-Өнөөдөр ХАОАТ 10 хувь байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ХАОАТ-ыг нэг хувь болгож, татварын дарамтнаас чөлөөлье.  Орлого 10 сая төгрөгт хүрэхээр л НӨАТ төлдөг босгыг өндөрсгөж 200 саяас дээш орлоготой аж ахуйн нэгж, иргэдээс НӨАТ авдаг болъё гэсэн зорилтыг бид дэвшүүлээд байгаа.

-Түүнээс гадна Монгол Улс халамжийн улс боллоо, халамжийн бодлого хэрээс хэтийдлээ гэх шүүмжлэл их гардаг. Гэхдээ үнэхээр халамжлахаас өөр аргагүй хүн цөөнгүй байдаг нь худлаа биш. Бодит амьдрал дээр манай улсын халамжийн бодлого хэтэрхий ихэд­сэн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Мэдээж сонгуульд амласан амлал­таа улстөрийн намууд биелүүлэх ёстой. 21 мянган төгрөг чинь 2008 онд амлагдсан амлалтууд шүү дээ. Гэхдээ иргэд талархалтай байгаа. Ялангуяа бага орлоготой иргэдэд өгөх ёстой гэж боддог.  Манай дүүргийн хэмжээнд гэхэд л 290 мянга гаруй иргэн 21 мянган төгрөгөө тогтмол авдаг. Зарим боломжийн амьдралтай нь авдаггүй, авсан ч архи уудаг гэхчлэн сөрөг тал ажиглагддагийг үгүйсгэхгүй. Гэхдээ 21 мянган төгрөг тун их нэмэр болдог хэсэг байгааг мартаж болохгүй. Тэр ч утгаараа халамжийн бодлогоо үргэл­жүүлнэ гэж манай намын бодлогод тусгасан. Нэгэнт улс орон байгаа юм чинь, нөгөөтэйгүүр уул уурхайгаа ашиг­лаж байгаа энэ үед тодорхой хувийг иргэддээ хүртээж байх ёстой. Хүртэх ёстой хэсэг нь энэ гэж би ойлгодог.

-Хэрвээ сонгуульд ялалт байгуул­бал та яг ямар асуудал, хуулинд илүү анхаарал хандуулах вэ.  Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг энэ удаа алгасая?
-Мэдээж иргэдээ ажил, орлоготой болгож, бизнесийг нь дэмжих чиглэлд илүү анхаарна. Мөн ажил хийе гэж хүсээд байгаа хүмүүсээ дэмжсэн бод­лого хуулийг батлах, төсөв дэх дэмжлэ­гийг ахиухан болгох тал дээр  анхаарна гэж бодож байна. Ажил хийх гэж байгаа хүнд урам хайрлавал амжилт нь алд дэлмээр өсдөг гэдэг дээ. Төр иргэдээ дэмжих ёстой. Төр иргэдэд нь дэмжлэг хэрэгтэй байгааг харсаар байж мэдээ­гүй царайлаад байж болохгүй биз дээ. Төрийн дэмжлэг бага байх шиг санагдаад байдаг юм. Тиймээс энэ тал дээр түлхүү анхаарна. Дээр нь архины асуудал байна. Өнгөрсөн жил бид архигүй дүүрэг болох зорилт тавьсан юм. Шинэ жилээ архигүй тэмдэглэсэн. Болдог л юм байна лээ, харин ч их аятайхан. Архитай тэмцэхгүй бол хэцүү байна. Иргэд ч хэлдэг. Ний нуугүй хэлэхэд айл болгонд л нэг “хүнд гар” байгаа шүү дээ. Гэр орныхоо юмыг шомбодоод архи уучихна. Агсам согтуу тавиад хавь орчныхоо сандраана. Байдаг л асуудал болчихсон аятай хүлээж авдаг болчихсон. Гэхдээ одоо, байдаг л асуудал гэж хүлээж авахаасаа илүү төр анхааралдаа авч цэгцлэх бодлого барих цаг нь болчихож. Гэр бүл, архичныхаа асуудлыг барьж дийлэхгүй байна. Дээр үед янз бүрийн сувилал эмчилгээний газрууд байсан даа. Тэднийгээ сэргээн байгуулах нэн чухал шаардлагатай байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад архины хор хөнөөлийн талаар хичээл оруулахаас гадна хуулиа чанд мөрдөж хэвшмээр байна. Хуулийн хэрэгжилтэнд хатуу хяналт тавих ёстой гэсэн үг л дээ. Чанга чанга хуулиуд байдаг даа, манайд. Жишээ нь 21 нас хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарахгүй гэдэг ч зарж байгаа ш дээ.  Тэгэхээр хуулийг хүчтэй болгож, гарсан хуулиа хэрэгжүүлдэг байх асуудал дээр анхаарч ажиллах цаг нь болжээ гэж боддог болоод удаж байна.
-Танд амжилт хүсье?
-Баянзүрх, налайхчууддаа сайн сай­хан бүхнийг хүсье. “Хамтдаа” уриатайгаар УИХ-ын сонгуульд оролцож байгаа манай багийг бүрэн дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид эргэх холбоотой, эрч хүчтэй ажиллах болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top