Ардчиллын хур орон даяар буух нь ээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Хөвсгөл аймагт ажиллалаа.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшигч Ж.Батболд нар энэ сарын 17-нд Завхан аймгаас Монгол орны хоймор ардчиллын өлгий Хөвсгөлл нутагт хур дагуулан ирсэн юм. 

Хөвсгөл аймагт Ардчилсан намаас УИХ‑ын гишүүн Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нар нэр дэвшиж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн хувьд хөдөө сумдад ажиллаж байгаад эл өдөр аймгийн төв Мөрөнд хүрэлцэн ирсэн байна.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Хөвсгөлийн иргэд сонгогчидтой уулзалт хийсэн юм. Уулзалтад, жагсаалтаар нэр дэвшигч Ж.Батболд, УИХ‑ын гишүүн Л.Гүндалай, Ц.Сэдванчиг, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дэд дарга Ч.Ганбаатар нар оролцсон юм.

 Уулзалтыг нээж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Монгол орны хойморь, ардчиллын өлгий нутгийнхандаа энэ өдрийн мэнд хүргэе. Ардчилсан хувьсгалын 22 жилийн түүхэнд Хөвсгөлчүүдийн оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их байсан. Та бүгдийн итгэл үзүүлж, илгээсэн ардчиллын алтан хараацайнууд өнөөдөр төрийн итгэл даах түшээд болцгоосон. Энэ жил ардчилсан нам 76 шилдэг охид, хөвгүүдээ та бүхэнд илгээж байна. Хөвсгөл аймагт УИХ‑ын гишүүн Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нарыг дахин дэвшүүлсэн. Учир нь Хөвсгөл нутгийн төлөөлөл болсон хоёр гишүүн маань өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд бодлогын олон чухал асуудалыг шийдэхэд гар бие оролцсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ жил Ардчилсан нам өнгөтэй байна. Ард түмэн ч баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл одоо нэг өөрчлөөд үзье, Ардчиллынхандаа итгэл үзүүлэх цаг нь болжээ гэцгээж байна. Ардчилсан нам сонгуулийн сурталчилгааны нээлтээ Алтай таван богдоос эхлүүлж зүүн хязгаарт өртөөлүүлж өнөөдөр арав гаруй аймагт ажиллахад байгаль дэлхий хур бороогоо илгээж ардчиллын ялалтыг уриалан дуудаж байна. Энэ өдүүдэд Монгол орон даяар ардчиллын цэнхэр салхи, ардчиллын хур бороо асгарч байгаа нь сайн цагийн бэлэгдэл дохио гэж бэлэгшээж байна. Удахгүй хэдхэн хоногийн дараа сонгуулийн өдөр Ардчиллын хур орон даяар буух нь ээ. Үүнд Хөвсгөлчүүдийн маань үүрэг оролцоо чухал. Ардчиллын өлгий нутгийн ардчилагчид минь энэ удаад төр түшилцсэн эрхэм түшээддээ дахин итгэл үзүүлж, ардчиллын сонголтоо улам баталгаажуулаарай. Та бүхэндээ итгэж байна. Ардчилсан нам, Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нарыг хамтад нь дэмжиж илгээгээрэй” гэсэн юм.

Мөн энэ үеэр Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Ж.Батболд Ардчилсан намын хүн төвэй “Монгол хүн” хөтөлбөрийг тайлбарлалаа. Тэрбээр хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй хөгжлийн хөтөлбөр болсон гэдгийг онцолоод Хөвсгөлчүүдийг хоёр гишүүнээ сонгохыг уриалаад Ардчилсан намд үргэлж итгэл үзүүлж ирсэн Хөвсгөлчүүдэд талархалаа илэрхийлсэн юм. Харин нэр дэвшигч хоёр гишүүний хувьд мөрийн ххөтөлбөрийг ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй Монгол хүн тус бүрээр нь тайлж, ххөтөлбөрийн эцсийн үр шимийг Монгол хүн бүр, Хөвсгөлчүүд адил тэгш хүртэх тухай онцоллоо. 

Түүнчлэн Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намынхаа ухуулагч, шадар туслахуудтай уулзсан юм. Шадар туслагч, ухуулагч нарын хувьд сурталчилгааны материал тараахад маш хүндрэлтэй байгаа, ухуулагчдийг мөрдөж мөшгин дарамталж, эд зүйлсийг нь булааж, штабын гэр рүү нь МАН‑ынхан удаа дараа дайран орж байгааг намын даргадаа энэ удаад дуулгаад авсан юм. Мөн аймгийн сонгуулийн хэсгийн хороо шударга бус нэг намын нөлөөгөөр ажиллаж МАН‑ын нэр дэвшигчтэй холбоотой гомдол маргааныг шийдэхгүй байгаа. Аймгийн Цагдаагийн газар сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МАН‑ын талд ажиллаж ухуулагч нарыг дарамталж, цагдан хорьж байгааг ч энэ үеэр ярьсан юм.  Ухуулагч шадар туслах нарынхаа гомдлыг сонссон Н.Алтанхуяг энэхүү хууль бус үйлдлийг холбогдох газар нь танилцуулж, холбогдох арга хэмжээг авахаа амласан юм.

Уулзалтын төгөсгөлд Хөвсгөл нутгийн залуусын төлөөлөл Ардчилсан намыг сонгож буйгаа илэрхийлж намын батлахаа гардан авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top