Иргэний Зориг Ногоон намынхан тойргийн иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссоор байна. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж ярилцсан юм. Тус дүүрэгт ИЗНН-аас УИХ-ын гишүүн З.Алтай, Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх Э.Зоригт болон “Их Засаг” сургуулийн сургалт хариуцсан захирал Р.Булгамаа гээд намын лидер болох улстөрчид нэр дэвшиж байгаа юм. Мөн Нийслэлийн төлөөлөгчдийн хуралд Б.Дэмбэрэл, Б.Булганчимэг, Т.Чинбат, Г.Мөнхнасан, Б.Энхсайхан, А.Баярхүү нар нэр дэвшиж байна. Ингээд нэр дэвшигчид юу ярьсныг сийрүүлэн хүргэе.
“Монголчуудын эрх баригч намуудад молигодуулдаг үе өнгөрсөн”
УИХ-ын гишүүн З.Алтай “Юуны өмнө цаг заваа гаргаж бидэнтэй уулзахаар ирсэн Баянзүрх дүүргийн төлөөлөл та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Ер нь нөхөр З.Алтай ИЗНН-ыг дэмжиж сонгосон бэ гэж асуух хүн байгаа байх. Би хариулъя. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн С.Оюун, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү бид нар сайн найз. Хоёрдугаарт, ИЗНН-ын мөрийн хөтөлбөр нь миний ууралдаг,бухимддаг, ярьдаг, хүсдэг, мөрөөддөг олон зүйлүүдийг өөрчилж шинчлэхээр багтаасан байна. Нөгөө талаас С.Оюун, Д.Энхбат бид гурвын санаачилсан олон хууль хэрэгжиж байгаагаас гадна дараагийн парламентад шийдэхээр төлөвлөж өргөн барьсан олон хуулиуд байгаа учраас энэ намын нөхдүүдтэй хамтран зүтгэхээр сэтгэл шулуудсан юм. Ер нь элдэв юм амладаг, тараадаг, халамжийн мөнгө тараадаг “коммунист” суботник хийсэн дөрвөн жилийг үзлээ. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрт авахаар зүйлүүд маш их байна, намууд ч их сургамж авсан бололтой. Бидний өнөөгийн дөрвөн жилийн амьдрал ч энийг их харуулсан юм шиг байна. Ирэх дөрвөн жилийг би их өөдрөгөөр харж байна. Мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн, алдсан туршлагынхаа хувьд ч гэсэн бид хамтраад Монголын төлөө гэсэн нэгдсэн засагтай явах юм бол их сайхан хөгжлийн ирээдүй харагдаж байна. Бас нэг хэлэх зүйл бол сонгуулиас сонгуульд ямар их мөнгө зардаг юм бэ. Одоо энэ гудамжаар нэг яваад үзээрэй. Ямар том, том плакат, ямар олон зураг наалттай байна вэ. Нэг дөрвөлжин төмөр дээр зургаа тавихын тулд 18 сая төгрөгөөр ав гэж байгаа юм. Яасан их мөнгө вэ, хэрэгцээтэй зүйлд зарцуулвал ямар их хэрэгтэй зүйл болох бол. Хичнээн том самбар, хичнээн олон зураг нааснаараа УИХ-н гишүүн болдог бол үгүй мөн сайхан аа. Гэхдээ Монголын сонгогчид өнөөдөр ийм юманд хууртахаа больсон. Цаг хугацааны дүнг нь тавих цаг ирсэн, дүнг нь тавиад өгөх ч байх. ИЗНН бол олон жилийн түүхтэй. Энэ хугацаанд иргэдийн төлөө, төрийн төлөө гэсэн бодлого барьж ирсэн нам. Энэ нам өнгөрсөн түүхээ бодоод үзэх юм бол элдэв “идсэн, уусан” луйвар хийсэн элдэв муу нэр хоч, хаяг, элдэв муу муухай түүх байхгүй. Удирдагч болоод намын гишүүд нь өөрсдөө цэвэр хүмүүс. Бидэнд баян намуудын нэр дэвшигчид шиг гадаах самбаруудад элдэв олон зурагт хуудас хадах мөнгө алга. Харин Монголоо гэсэн сэтгэл л байна. 22 жил төр барьчихаад хийж чадаагүй юмаа өнөөдөр тэнгэрээс бууж ирээд монголчуудын амьдралыг сайхан болгоод өгөх юм шиг юм ярьж байна. Монголын ард түмэн өнөөдөр үүнд хууртахгүй ээ.
Р.Булгамаа: Монголын гэсэн тодотголтой эд, эс бүхэн үнэ цэнэтэй байх ёстой
Нэр дэвшигч Р.Булгамаа “Өнөөдөр бид эх орноосоо хөгжил дэвшилийг тодорхойлох бас нэгэн торгон мөчид тулж ирээд байна. Монгол Улсын маань ирээдүй, иргэдийн маань амьдрал, аж амьдрал сайн сайхан байх, ялангуяа ирээдүй хойч, үр хүүхдүүдийн маань нийгмийн өнгө төрх хөгжлийн маань гарц, бүр цаашилбал Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал , нийгмийг тань эрүүлжүүлэхэд эмэгтэйчүүд бид бүхний дуу хоолой хэрэгтэй болсныг өнөөдрийн нийгмийн цаг хугацаа харуулж байна. Монголын нийгэмд өнөөдөр ажилгүйдэл , ядуурал , хээл хахууль, эмх замбараагүй байдал өдрөөс өдөрт газар авч байна. Энэ бол эмэгтэйчүүд, ээжүүд бид эх хүний сэтгэлээр анхаарлаа хандуулах цаг нь иржээ гэдгийг бэлхнээ харуулж байна. Түүнчлэн улс орны хөгжлийн энэ торгон мөчид зөв сонголтоо хийгээсэй гэж бид уриалж байна. ИЗНН энэ сонгуульд бид амьдрал мөрийн хөтөлбөрөөрөө оролцож байгаа юм. Миний амьдрал ч мөн БЗД-тэй холбоотой, миний ажил амьдралын өлгий нутаг холбоотой. Учир нь Баянзүрх дүүрэг бол өлгий нутаг, эдүгээ 15 жилийн өмнө ажил амьдралынхаа гарааг энэ л дүүргээс эхэлж өдийг хүртэл монголын жирийн л иргэн, өрх айлын эзэгтэй болж ажиллаж амьдарч ирсэн. Манай шийдэх ёстой олон асуудал байдаг гэдгийг эх хүний чин сэтгэлээр олж харж сэтгэл зовнин явдаг билээ. Өнөөдөр энэ чухал сонголтын үед БЗД-ийн амьдралыг мэддэг асуудлыг шийдвэрлэх чадвартай шинэ ирээдүй шинэ эрч хүчийг олж харж сонгох явдал хамгийн чухал юм. Манай намын “Амьдрал” мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монголын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд хөтөлж улмаар Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ нийгэмд хариуцлага сахилга бат бий болж хөгжлийн өнгө тодорхой болно. Өнөөдөр Монголын нийгэмд эд эс юм бүхэн үнэ цэнэтэй байх ёстой, миний эх орон үнэ цэнэтэй байх ёстой, миний монголын газар шороо үнэ цэнэтэй байх ёстой, монгол хүн дэлхийд үнэ цэнэтэй байх ёстой. Монгол хүний эрүүл мэнд, амь нас үнэ цэнэтэй байх ёстой, боловсрол үнэ цэнэтэй байх ёстой, хууль үнэ цааз төр улс нь өөрөө үнэ цэнэтэй байх ёстой гэж залуу хүний хувьд үздэг. Р.Булгамаа миний бие иргэний зориг гаргаж, эх хүнийхээ хувьд, багш хүнийхээ хувьд, хуульч хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагыг ухамсарлан нэр дэвшиж байна. Эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гаргаж байгаа эмэгтэйчүүдийг дэмжихий уриалж байна.
Э.Зоригт: Монголд уул уурхай биш ногоон байгаль хэрэгтэй байна
Би бол Сансар хороололд төрж өссөн хүн, одоо хүртэл манай ээж аав Сансар хороололд амьдарч байна. ИЗНН бол либериаль үзэл ногоон үзэл гэсэн хоёр үзлийг өөрсдийн итгэл үнэмшил болгож авч явж байгаа юм. Хувь хүний эрх чөлөө, шударга хөдөлмөрөөрөө орлогоо нэмэгдүүлэх, байгаль орчиндоо ээлтэй байж ажиллаж байна, цаашид монгол орон уул уурхайгаас хамаарсан бүрэн эдийн засагтай биш, ногоон эдийн засагтай байлгахын төлөө бид ажиллах болно. Бид элдэв олон юм амлахгүй ээ. Харин иргэдийнхээ төлөө шударга ажиллаж чадна гэдгийг л амлаж чадна” гэв.
Б.Манлайбаяр
Сэтгэгдэл ( 0 )