Иргэний зоригтой шинэ сонголт л хотыг өөрчилнө ...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Таньд энэ өдрийн мэнд хүргэе!

Сонгуулийн сурталчилгааны хугацаа дундаа орлоо. Нэр дэвшигчид болон намууд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах таниулах олон янзын арга хэмжээ зохион байгуулж байна. Иргэний Зориг Ногоон Намаас нэр дэвшигчдийн хувьд баримталж буй байр суурь зарчмаа танилцуулъя.

Бид гэнэт сэрсэн мэт олон янзын худал зүйл амалж хүмүүсийг төөрөгдүүлэхийг хүсэхгүй байна. Нийгмийн ардчилсан тогтолцоог сонгосон хорин жилийн дараа харахад эрх баригч том намууд амжилт байвал булаацалдаж, алдаа байвал уралдан зугтдаг хариуцлагагүй улс төрийг бий болгосон байна. Иргэний Зориг Ногоон Нам зарчимгүй, удаан хугацааны тогвортой бодлогогүй ийм байдлыг засахын төлөө ажиллах болно. Бид өнгөрсөн сонгуулиар дэвшүүлж байсан асуудал маань шийдвэрлэгдээгүй бол дараагийн сонгуулиар дахиад дэвшүүлнэ. Нэг ажлаа дуусгалгүй нөгөөг нь хийхээр шүүрч авах нь ажил хэрэгч хүний зан яавч биш. Улс төрийн намуудын олон чамин хээ угалзтай хэвлэсэн, олон янзын хачин содон нэртэй мөрийн хөтөлбөр нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэдгийн үлгэр юм.

Миний төлсөн татвар хаана юунд зарцууладаж байгааг хармаар байна. Улаанбаатарт төсвийн хөрөнгө оруулалтаар олон нийтийн эрх ашгийн төлөө ямар ажил хийснийг нь хармаар байна. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа хувийн хэвшлийнхний бүтээн байгуулалтыг нэг даргын хийж бүтээсэн ажил мэтээр сурталчлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Хотын захиргааны хэлтсийн даргын өрөөнд хоёр сая төгрөгний телевиз авч тавих ямар хэрэгтэй юм. Гэтэл цэцэрлэгийн хүүхдүүд тоглох тоглоом алга байна шүү дээ. Гэр хороололд амьдарч байгаа айлуудын тухай тэдний ой ухаанд ямар төлөвлөгөө алга. Бид шүүмжлэх ёстой зүйлийг бодитоор гаргаж тавих хэрэгтэй байна. 

Бид шийдвэрлэх ёстой асуудлуудыг маш тодорхой болгох хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулж энэ удаагийн сонгуулийн хэд хэдэн онцлогийг дурдмаар байна.

Би нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа боловч үнэн чанартаа амьдарч буй энэ суурин газрыг эхлээд хот болгох хүсэлтэй байгаа юм. Нийслэл гэдэг бол дараагийн ойлголт. Би нийслэл хот гэж“тухайн улсынхаа бахархал болсон, ард түмнийх нь төлөөлөл болсон Засгийн газар нь оршин байдаг, гадна дотны хүмүүсийн зорин ирдэг, хүмүүсийн бахархал нь болох ёстой хотыг хэлэх ёстой” гэж боддог. Гэтэл өнөөдрийн Улаанбаатар маань энэ шаардлагыг хангаж чадахгүй байна.

Үнэн чанартаа энэ бол дарга нарын ажилладаг, оршин суудаг, бизнесээ хөгжүүлдэг, тайлангаа тавьдаг газрыг л нийслэл гэдэг болж. Улаанбаатраа эхлээд хотын дайтай хот болгомоор байна. Дараа нь нийслэлийн тухай ярья. 

 

Нэг иргэн нь жилд 270 гаруй кг хорт бодисоор амьсгалдаг суурин газрыг улсын нийслэл гэж хэлмээргүй байна.

5-хан километр газар явахын тулд нэг цаг зарцуулдаг замын түгжрэлтэй газрыг улсын нийслэл гэмээргүй байна.

Хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нь хүний төлөө биш дарга нарын ажлын тайланг чимэхэд зориулсан, тэдний суудал эрх ямбыг хамгаалахад чиглэсэн бодлоготой газрыг нийслэл гэмээргүй байна.

Энэ хот дарга нарт зориулагдсан хот болжээ. Баянхошууны гэр хороололд, Чингэлтэйн долоон буудалд амьдарч байгаа жирийн иргэн, хотын харъяат хэнд ч хамаагүй бодлого хэрэгждэг болжээ.Тэдгээр иргэдийн хэрэгцээ шаардлага нь дарга нарын мөрийн хөтблөр хэмээх хүн хуурсан хоосон амлалтыг чимдэг чимэг төдий болж хувирчээ. Яаж ингэж амьдарч болох вэ? Хүмүүсийн зовлонгоор дарга нар албан тушаалаа хадгалан үлдэж байна. Насаараа энэ улсын сайн сайхны төлөө ажиллаж байсан тэтгэврийн хөгшний гар дээр Ганцхан сая төгрөг тавьж чадахгүй атлаа нэг нохойны хөшөөг Тэрбум төгрөгөөр бариулж байгаа дарга нарын толгойг хэдэн жил илэх ёстой вэ?

 

Ийм учраас энэ байдлыг өөрчлөхийн тулд иргэний зоригтой шийдвэр гаргаж, өөрийнхөө төлөө, охиныхоо төлөө, надтай харилцдаг бүх хүмүүсийн төлөө үгээ хэлэх гэж, бодлогод нь оролцох гэж нэр дэвшиж байна. ИЗНН-ын залуучуудын хувьд МАНАН-гийн нэр дэвшигчдээс ялгарах хэд хэдэн онцлог бий.

Бидэнд МАН шиг өвлөж авсан албан тушаал, өргүүлж татуулдаг танил тал, дарга цэрэг байхгүй. Бидэнд төрийн албан тушаалаар халхалсан ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй.Бидэнд АН-ын залуучууд шиг сонгууль болгонд унаж байсан гашуун туршлага алга. Тэдэн шиг ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялна гэсэн улайрал алга. Хэнд ч хандсан нь мэдэхгүй сонгуулийн өс хонзон алга.

Бид зүгээр л тэвчээр алдсан энэ хотын унаган залуучууд. Бид өөрчлөе л гэж бодсон иргэдийн төлөөлөл. Бидэнд мөнгө бий, бизнес бий. Бид завгүй байна. Бид компани маань асуудалтай байвал менежментээ л сайжруулна гэж боддог. Бидэнд, надад төрийн ямар ч дэмжлэг хэрэггүй. Бид төртэй төргүй амьдралаа аваад явах шинэ үеийнхэн. Ганцхан хүүхэд маань гадаа тоглож байна, тоглох газар алга. Өвөл зун ялгаагүй энэ хотын агаар миний уушгийг идэж байна. Зунжингаа түйрэн бужигнаж өвөлжингөө утаа суунаглаж байна. Улс төрд орж ирсэн, хотын иргэдийн хуралд дуу хоолойгоо гаргах гэсэн гол шалтгаан маань энэ. Зургаахан сарын дараа утаа эхлэнэ. Би тэсэхгүй байна. Уур минь хүрч байна. Ухаанд нь ухна ишиг унасан МАНАН-гийн дарга нарыг тэвчихгүй байна. Над шиг олон зуун мянган залуучууд байгаа гэж бодож байна, би тэдний зөвхөн нэг л төлөөлөл нь юм.

Ийм учраас та бүхний санал надад хэрэгтэй байна. Таны сонголт хотыг өөрчлөнө. Таны төлж буй татвар таны төлөө эргээд зарцуулагддаг болно. Таньд хотын төсвийн зарцуулалтыг эргэж мэдээлдэг болно. Таны гэрт ирж таны саналыг сонсдог болно. Таныг хүний хувьд хүндэтгэж харьцдаг хотын удирдлагатай болно. Бидэнд утга учиргүй, тэрбум тэрбум төгрөгний үнэтэй хөшөө хэрэггүй. Бидэнд хүүхдийн сүүний үйлдвэр хэрэгтэй байна, бидэнд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны ус хэрэгтэй байна. Бидэнд аюулгүй орчинд гэртээ ирж очдог гэрэлтэй гудамж хэрэгтэй байна. Бидэнд хүүхдийн цангинасан инээд сонсогддог тоглоомын талбай хэрэгтэй байна. Эмээ нар хууч хөөрч, өвөө нар шатар тоглож суудаг сүүдрэвч хэрэгтэй байна. Энэ бүхнийг таны саналыг авч Иргэдийн хуралд сонгогдох Иргэний Зориг Ногоон Намын залуучууд хийж чадна гэдгийг хариуцлагатай хэлье.

 

Сүхбаатар дүүргээс НИТХ-д нэр дэвшигчид

13-р тойрогт нэр дэвшигч Д.Энхцэцэг

14-р тойрогт нэр дэвшигч Ц.Цэцэнбаатар

15-р тойрогт нэр дэвшигч Н.Монсор

16-р тойрогт нэр дэвшигч Б.Батбилэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top