“МАХН-МҮАН-Шудрага ёс” эвсэлээс УИХ-ын 21-р тойрогт нэр дэвшигч Хосбаярын Амарсайханы иргэд сонгогчидтой уулзах уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өчигдөр Багахангай дүүрэгт ажиллалаа. Уг уулзалтад НИТХ-ын 5-р тойрогт тус эвсэлээс нэр дэвшиж буй Миеэгомбын Болортуяа оролцсон юм. Багахангай дүүргийн иргэдийн цэцэрлэг, сургуулийн асуудлаас гадна биеэ даасан хот болохыг хүсч байгаагаа нэр дэвшигчдэд хэлж байлаа. Мөн МАНАН-гийн засгийг устгаж, шинэ улстөрийн хүчнийг гаргаж ирэх нь зүйтэй, олигархиудыг халж, хийж бүтээх насандаа яваа шинэ залуу улстөрчийг дэмжих цаг болсон хэмээн үзэж байгаагаа ч хэлж байлаа. Энэ үеэр нэр дэвшигч Х.Амарсайхан өөрийн товч намтарыг танилцуулаад эвсэлийнхээ мөрийн хөтөлбөрийг ч иргэд сонгогчдод танилцуулсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай улсын хөрсөн доорхи баялагийг гадныхан аваад, хөрсөн дээрхи хогоо монголчууд өөрсдөө ухаж амьдарч байна. Бид ийм амьдралыг хүсээгүй. Хөдөө орон нутгаар явахад бараг бүх айл малын зээлтэй, төв рүү орохоор цалингийн зээлтэй, тэтгэврийн зээлтэй амьдарч байна. Монголчууд өнөөдөр энэ их баялагтай улс хэрнээ хүн ард нь бүгд шат дараалсан зээлтэй байна. Бид ингэж амьдрах хүмүүс биш ээ. Хэн монголчуудыг ийм амьдралд хүргэсэн бэ. Бид төр шиг төртэй байсан бол өдийд ингэж амьдрахгүй байсан. Одоо энэ бүхнийг өөрчлөх цаг нь ирсэн. Тиймээс энэ удаагийн сонгууль бол түүхэн сонгууль. Ард түмэн та бүхний сонголтоос Монголын ирээдүй, үр хүүхдийн маань ирээдүй бүрэн шалтгаална. Тиймээс ирэх дөрвөн жилд хэнээр төр бариулахаа та бүхэн сайтар бодож, тунгааж, зөв сонголт хийгээрэй” хэмээн онцлон хэлсэн юм. Багахангайчуудын хувьд ирэх сонгуульд олигархиудыг бус шинэ залуу, мэдлэг боловсрол өндөртэй, “цэвэр” хүмүүсийг дэмжинэ гэдгээ илэрхийлээд Х.Амарсайхан, М.Болортуяа нарт амжилт хүсч байлаа.
Сэтгэгдэл ( 0 )