Иргэний төлөөлөл ИЗНН-д итгэл хүлээлгэе

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


ИЗНН. Энэ намын тухайд олон жил парламентын цөөнх явсан хэдий ч улстөрийн асар их туршлага хуримтлуулж чадсан. Харин энэ жил ИЗНН-ынхан улстөрд тэсрэлт хийхээр хүчээ зузаатгажээ. Ардчиллын эцэг С.Зориг агсны бүтээсэн бүхнийг үргэлжүүлэхээр түүний дүү УИХ-ын гишүүн С.Оюун асар том зориг тэвчээр гаргаж энэ намыг хөл дээр нь босгосон. Энэ удаа Иргэний зориг нам Ногоон намтай нэгдэж улам ч хүчирхэгжив.
МАН, АН-тайгаа нэгдэж, Монголын улстөр сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байхад ИЗНН л ард түмнийхээ төлөө цөөнхийн байр суурийг илэрхийлж, сөрөг хүчин хэвээрээ байсан билээ. Гэхдээ хамтарсан Засгийн газрын элдэвтэй шийдвэрүүдийг хичнээн эсэргүүцсэн боловч сөрөг хүчин хэтэрхий цөөдсөн нь үнэн. Тиймээс энэ сонгуульд Монголын парламентын цорын ганц сөрөг хүчний дуу хоолойг хүчтэй болгохын тулд монголчууд бид сонголтоо зөв хийх хэрэгтэй байна.
Монголчууд МАН, АН-ыг харж олон ч жил явлаа. Энэ хоёр том намын тухайд хоёулаа Монголын төрийг ээлжлэн барьж үзсэн. Дахин дахин үзсэн боловч өөрсдөөс нь бусад хүний амьдрал дээшилсэнгүй. 
Дэлхийн улс орны парламентын жишгээр бол сөрөг хүчний дуу хоолой нь олонхид ашигтай шийдвэрүүдийг эрс эсэргүүцэж, няцаахын төлөө тэмцдэг. Харин манай улсад ийм зүйл маш ихээр дутагдаж байна. Мэдээж МАН, АН-ын аль нь ч хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй гэдгийг өнгөрсөн он жилүүд харууллаа. АН-ын хувьд мөнгөтэй залууд дурлаж, хэдэн цаас салгаад зугтаадаг биеэ үнэлэгч шиг аашилсан. Харин МАН сөрөг хүчний дуу хоолойноос үхтлээ айж, бүхнийг мөнгөөр зодож, албан тушаалын наймаа эрхэлдэг хахир бүдүүн бизнесмэн шиг авирлав. Идэж уусныг нь илчлэх вий гэхээс айж, эмээсэндээ албан тушаалаар наймаалцаж, эвслийн Засгийн газар, хамтарсан Засгийн газар байгуулж олон жил ноёрхлоо. Харамсалтай нь Засгийн газар хамтарч, эвслээ гээд Монгол Улс хөгждэггүй юм байна.
Тэгвэл Монголын улстөрд цорын ганц сөрөг хүчин байсаар ирсэн ИЗНН-д нэг удаа боломж олгъё. УИХ-д олон жил дараалан суудалтай байсаар ирсэн энэ нам аль нэг том намд уусалгүй, улстөрийн шуурганд шигшигдэж үлдсэн. Шигшигдэж үлдсэн энэ нам улам хүчирхэгжиж байна. Харин Монголын төлөө гэсэн сөрөг хүчинг улам хүчтэй болгохын тулд Монгол ард түмэн ИЗНН-ыг сонгох шаардлагатай болжээ.
Сөрөг хүчин гэдэг бол ямагт зөв гаргалгааг хийдэг. Яагаад гэвэл олонхи өөрсөндөө ашигтай зүйлд хүчээр шийдвэр гаргахыг хичээдэг бол сөрөг хүчин тэдний төлөө бус иргэдийнхээ амьдралд ойр байхыг илүүд үздэг аж.
Үүний илэрхийлэл бол ИЗНН-ын нэр дэвшигчид болон мөрийн хөтөлбөр. ИЗНН-аас нийгмийн салбар бүрээс нэр дэвшигчдээ бүрдүүлсэн. Эмч, багш, улстөрч, нийгмийн зүтгэлтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, бүр малчин нэр дэвшиж байна. Малчин нэр дэвшлээ гэхээр сонирхолтой санагдаж магадгүй л дээ. Тэгвэл манай улсын нийт хүн амын тал шахам хувь нь малчин, малчин гаралтай. Эдгээр малчны амьдрал, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг зөвхөн малчин хүн л ойлгоно. Төрийн ордонд сууж байгаа цагаан цамц, хар заниатай залуу өвлийн хүйтэн шөнө цасан шуурганд малаа осгоохгүйн тулд малчин хүн яаж зовдгийг ойлгохгүй. Гэхдээ мэдээж малчин хүн л малчны зовлонг ойлгоно гээд жирийн нэгэн малчин залууг нэр дэвшүүлээгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ч адилхан. Эрхтэн дутуу байхын зовлонг бие, эрхтэн бүрэн хүн хэзээ ч мэдэхгүй, мэдрэх ч үгүй. Ядаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцаж байсан хүн тэдэнд юу дутагддаг, автобусанд суухдаа яаж, хөлс хүчээ барж, хүн царайчилдыг ойлгоно. ИЗНН-ынхан энэ бүхнийг тооцоолсны үндсэн дээр нэр дэвшгчдээ сонгосон байна лээ.
Харин мөрийн хөтөлбөртөө том намууд шиг “сансарын” зүйл амлаагүй гэдгийг онцлох хэрэгтэй. Юманд хэмжээ хязгаар гэж байс ёстой. Дөрөвхөн жилийн дотор, Монголын бүх хүнийг гурван өрөө байртай, бүх иргэдийг ажилтай, бүр арабууд шиг алт, мөнгөнд умбуулна гэж ИЗНН амалж байгаагүй. Хэтэрхий том, хэзээ ч бүтэшгүй зүйлийг дөрвөн жил мөрөөдөж, ярьж суулаа гээд биелэхгүй. Тиймээс ИЗНН амьдралд ойрхон зүйлийг эрэлхийлж, судалж, иргэдийнхээ санаа бодлыг тусгасны үндсэн дээр мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.
Тухайлбал эднийх мөрийн хөтөлбөртөө Хувь хүний амьдрал, Өрх гэрийн амьдрал, Хотын амьдрал, Oрон нутгийн амьдрал, Улс орны амьдрал гэсэн таван зүйлийг тодотгосон байна.
Хувь хүний амьдралыг дээшлүүлэх боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ хувь хүнд бэлэн мөнгө биш, насан туршид нь амьдарлыг нь өөд татах мэргэжил, ажлын байр чухал. Хувь хүнийхээ амьжиргааг дээшүүлчихсэн учраас өрх гэрийг сайхан амьдруулж болно. Айл, өрх боломжийн орлоготой, амьдралтай болчихвол хот, орон нутгийн амьдралыг дээшлүүлэхэд ядаад байх зүйлгүй. Харин эцэст нь улс орноо хөгжүүлье гэж ярих ёстой. Энэ бол улс орны, хувь хүний амьдралын логик дараалал.
Түүнээс биш иргэнийнхээ амьдралыг өөд нь татаж чадаагүй байж, бүхэл бүтэн улсыг дөрөвхөн жилд хөгжүүлнэ гэдэг үнэхээр боломжгүй. Тэгэхээр өнгөрсөн он жилүүд шиг “сансарын”, хэзээ ч бүтэшгүй зүйлд хууртах уу, өөр сонголт хийж, өөдраг амьдрах уу.
Сайхан амьдрах боломжийг сонгогч таны гарт үлдээе.   
Б.Даваа
                


     
   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top