Дундговь аймаг таван УИХ-ын гишүүнтэй болно
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дундговь аймагт ажиллав. Ардчилсан намаас Дундговь аймагт нэр дэвшигч Б.Наранхүүг дэмжиж тэрбээр өөрийн зөвлөх С.Отгонбаяр, Ардчилсан намын нарийн бичгийн дарга, жагсаалтаар нэр дэвшигч Б.Ургамалцэцэг, Б.Эрдэнэбүрэн нарын хамт очиж, өчигдөр Дуднговь аймагт иргэдтэй уулзалт хийлээ.
Ардчилсан намын даргыг очих үеэр Б.Наранхүүг дэмжигчид Мандалговийн төв талбайд дүүрэн цугласан байв. Тэр дундаа Сумогийн их аварга Ёкозуна Хакухо Д.Даваажаргал, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Эба нар болон манлай уяачид, хөдөлмөрийн баатрууд Б.Наранхүүг дэмжин очоод байсан юм.
Ардчилсан намын туг намируулж, төв талбайдаа намын даргаа мөнгөн аяга сүүтэй угтсан Дундговьчууд Ардчилсан намыг дэмжиж байгаагаа илэрхийлж, театр дүүрэн цуглав.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг чадалтай, чансаатай, хээл хахуульд автаагүй, нэр цэвэр улстөрчдөө дэмжсэнээ илэрхийлж, хүнээ хөгжүүлэхэд чиглэгдсэн мөрийн хөтөлбөрөө тайлбарласан юм. Тус нам өнгөрсөн онд ”Монгол хүн 2020” хэлэлцүүлгээ Монгол орны өнцөг булан бүрт хийж, иргэдийн саналыг сонсон, түүнийхээ үндсэнд таван чиглэлтэй мөрийн хөтөлбөртэй болсон. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн, Дундговь аймгаас гаралтай таван хүний үүрэг их бий. Тиймээс нутгийнхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй, бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй, шарга азарганы хийморьтой Б.Наранхүүгээ дэмжээд, Ардчилсан намыг ялалтад хүргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )