Улс төрд нөлөөтэй, эрх мэдэлтэй явж ирсэн намуудыг цаг хугацаа өөрийн шалгуураар шүүж, хэн нь хэн болохыг, юу хийж чадах, чадахгүйг нь тунгаан харуулсан. Энэхүү шалгарлын эцэст улс төрийн сонголт хийж, Иргэний зориг-Ногоон намыг сонгосон залуучуудыг шинэ бодол, шинэ зорилго нэгтгэж буй юм.
Аливаа асуудалд өөрийн үнэлэмж бүхий байр сууринаас хандаж, оновчтой гарц, шийдэл олж чаддагаараа нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс олон байдаг. Тэдний ихэнх нь улс төрд орж, төрийн бодлого тодорхойлох төвшинд ажиллах замыг сонгон карьер хөөдөг. Үнэндээ нь энэ нь хувь хүний карьер төдий зүйл биш. Улс төр, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх явцад тэдний үзэл бодол, мэдлэг боловсрол, ур чадварыг ашиглах нь эргээд нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлдөг.
Саяхныг хүртэл улс төрийн аль нэг нам хүчнээс хараат бусаар ажиллаж, үзэл бодол, байр сууриа нийгэмд илэрхийлж байсан олон лидерүүд энэ удаад Иргэний зориг-Ногоон намыг сонгожээ. Тэдний заримыг сонгогч та бүхэн андахгүй. Тухайлбал, “танхимын” гэгдэх Дэмбэрэл, “MN25” телевизийн З.Алтайгаас эхлээд цөөнгүй. Тэднээс гадна шинэ сэтгэлгээний давалгаа болох залуучууд Иргэний зориг-Ногоон намын бодлого, зорилгыг тодорхойлох төвшинд олноор орж иржээ. Эрх мэдэлтэй, мөнгөтэй намыг биш Иргэний зориг-Ногоон намыг сонгосон тэдэнд ижил төстэй олон зүйл бий.
Өнгөрсөн хугацаанд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн хоёр том намын бодлого нийгмийн өмнө тулгамдсан олон асуудалд шийдэл олж чадаагүй. Эдийн засаг өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн ч энэ бүхэн нь хүндээ наалдаагүй. Халамж, хувь хишиг тараасан ч ядуучууд, ажилгүйчүүдийн тоо өссөн. Тэгвэл эрх баригч намуудын алдаа юундаа байгааг олж харж, нийгмийн олон асуудлыг шийдэх бодлогын ӨӨР хувилбарыг боловсруулах их хүсэл эрмэлзэл иргэний зоригчуудыг нэгтгэж ирсэн юм.
Нийгэмд аливаа шинэчлэл хэрэгжихдээ дэвшилтэт үзэл бодол бүхий хувь хүмүүс, лидерүүдийн санаачилга, эр зоригоос гадна иргэдийн дэмжлэг, оролцоог шаарддаг. Улс төрийн соёлтой, хариуцлагатай, зөв төлөвшилтэй намыг дэмжиж ажиллах, үзэл санаа, бодлого боловсруулахад нь мэдлэг боловсролоо зориулахыг эрмэлзсэн олон шилдэг залуучууд энэ удаад Иргэний зориг-Ногоон намыг түшиж байна.
Улс төрд эмэгтэйчүүд, залуусыг гаргаж ирэх, нийгмийн цөөнх болох хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон эхчүүд, эмзэг бүлгийнхэнтэй хамтарч ажиллах, тэдний дуу хоолойг төрийн бодлого шийдвэрт тусгах гээд олон жил тунхаглал явж ирсэн зарчмуудыг шинэ залуу хүчний хувьд Иргэний зориг-Ногоон нам бодитой ажил болгож буй. Иргэний Зориг-Ногоон нам энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ 35 хувийг эмэгтэйчүүдээс, 15 хувийг хууль, эрх зүйгээр мэргэшсэн хүмүүсээс, 21 хувийг байгаль орчны төлөөх иргэний нийгмийн төлөөллүүдээс бүрдүүлжээ. Тэдний дунд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, судлаачид, эдийн засагч, хуульч, эмч, багш гээд олон шилдгүүд багтаж буй.
Шинэ үеийн шилдэг залуучуудын сэтгэлгээний эрч хүчийг төрийн бодлого шийдвэр боловсруулахад ашиглах, улс төрд татан оролцуулах нь улс төрийн намуудын бас нэг үүрэг, хариуцлага. Үнэнийг хэлэхэд улс төрийн намууд шинэ хүмүүст хаалттай, мөнгөний хүчин зүйлээр босго тавьдаг нь залуучууд, эмэгтэйчүүдийг улс төрөөс шахах хүчин зүйл болж ирсэн. Тэгвэл Иргэний зориг-Ногоон намын хувьд үүнээс өөр шалгуур, үнэлэмжээр хэмжүүр хийж буй.
Улс төрд нөлөөтэй, эрх мэдэлтэй явж ирсэн намуудыг цаг хугацаа өөрийн шалгуураар шүүж, хэн нь хэн болохыг, юу хийж чадах, чадахгүйг нь тунгаан харуулсан. Энэхүү шалгарлын эцэст улс төрийн сонголт хийж, Иргэний зориг-Ногоон намыг сонгосон залуучуудыг шинэ бодол, шинэ зорилго нэгтгэж буй юм.
З.Боргилмаа
Сэтгэгдэл ( 0 )