Халуун говьд хур дагуулан очсон Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд иргэдтэй уулзав. АН-ын дарга Н.Алтанхуяг, зөвлөх С.Отгонбаяр, Дундговь аймагт АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү, АН-аас жагсаалтаар нэр дэвшигч Б.Ургамалцэцэг, Р.Эрдэнэбүрэн нарын хамт очиж, намынхаа “Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг танилцуулаа.
Дундговь аймагт нэр дэвшигч Б.Наранхүүг дэмжиж яваа мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, Рюүо Э.Санчирболд, Монгол Улсын тод манлай уяач Ц.Хэнмэдэх зэрэг урлаг, спортын алдар цуутнууд нэгэн дор цугласан нь Эрдэнэдалай сумынхны нэг өдрийг хөл хөдөлгөөнтэй өнгөрүүлсэн. Нэр дэвшигч Б.Наранхүүг урлаг, спортын салбарынхан дэмжиж байгаагаа илэрхийлж, Дундговьчууд “Нарны хүү”-гээ улстөрч болгон, нутгаа хөгжүүлнэ гэж итгэж байна гэж байв. Нутгийнхан ч түүнийг хэвлэлээр л муугаар сонсож байснаас биш, хүрээлэл сайтай хүн юм хэмээн дэмжин хүлээн авч байсан юм.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ардчилсан нам хүн бүр ажилтай болж, орлого нь амьдралд нь хүрэлцдэг болохын төлөө бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг дурдан, энэ бодлого хэрэгжихэд нөлөөлөх Дундговийн гаралтай Ардчилсан намын таван хүнийг УИХ-д нэр дэвшүүлээд байгааг сануулж байв. Мөн тэрбээр 2000 онд Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялагдахад ганцхан Дундговьчууд Ж.Наранцацралт агсныг сонгож УИХ-д Ардчилсан намын ганц төлөөлөл үлдээж байсанд талархлаа илэрхийлсэн юм.
АН 2008 оны сонгуулиар сөрөг хүчин болсон ч гэлээ хамтарсан Засгийн газарт орж ажиллан амлалтаа биелүүлсэн. АН-ын амлалт биелснээр иргэн бүр баялгийнхаа хишгээс хүртдэг болсон, Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн тогтворгүй байдлаас гарсан. Харин одоо төрийн хууль ардын хүүхдэд хатуу, сайдын хүүхэд, саятны хүүхдэд үйлчилдэггүй байгааг өөрчлөх цаг нь болжээ. Ардчилсан нам зургаан удаагийн сонгуульд таван удаад нь ялагдсан. Өөрөөр хэлбэл хангалттай ялагдсан. Одоо ялалт шиг ялалтаар хийсэн шиг хийх цаг үе ирээд байна гэдгийг АН-ын дарга дурдаж байв.
АН-ын нарийн бичгийн дарга, АН-аас жагсаалтаар нэр дэвшигч Б.Ургамалцэцэг мөн иргэдэд хандан, “Ардчилсан нам “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар орон даяар явж байхад хүн бүхэн “Бид хүн шиг л амьдармаар байна” гэж хэлж байсан. Тийм учраас “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” гэсэн уриа маань амьдрал дундаас гарсан уриа. Цөөхүүл нь биш, олуулаа хөгжихийн төлөө бид бүгд хамтдаа зүтгэж байж урагшаа алхана” гэж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )