МАН Дархан-Уул, Орхон, Булганд өнгөтэй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ын дарга С.Батболд өнгөрсөн өдрүүдэд Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллаад ирлээ.Түүний тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийж бүтээснийг, тэр дундаа эгзэгтэй  цагт ачааны хүндийг үүрч гарсан МАН-ын даргын хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд нам нь ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлснийг тэрбээр түмэн олонд танилцуулсан юм. Хамгийн гол нь энэ удаагийн сонгуульд Ардын намынхан хэнийг, ямар үүрэгтэйгээр тухайн орон нутагт нэр дэвшүүлэхээр илгээснийг сурталчлан таниулах зорилготой.

Засгийн газрын тэргүүнийг Дархан-Уул аймгийнхан Найрамдал талбайдаа цэргийн хүрээ жагсааж хүндэтгэлтэйгээр угтав. УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Сангийн сайд Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг дэмжиж буйгаа илэхийлэхээр олон хүн аагим халуун өдөр амралтын цагаасаа хугаслан төв талбайдаа цуглажээ. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд “Найрамдлын өлгий нутаг Дархан хотынхон 51 жилийн тэртээ эв найрамдлын хүчээр их бүтээн байгуулалтаа өрнүүлж байсан шиг манай нам ч эв эеийг чухалчилдаг. Тиймээс улс орныхоо эрх ашгийн үүднээс хамтарсан Засгийн газар байгуулж, гацаанд байсан олон асуудлыг байрнаас нь хөдөлгөсөн. Хамтрагч маань замын дундаас орхиод явсан ч бид зорилгоосоо ухраагүй. Өнгөрсөн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа цааш үргэлжлүүлэхэд манай намын шилдэг боловсон хүчнүүд төрд хэрэгтэй. Тиймээс ам ажлын нэгдлийг хангаж чаддаг туршлагатай улс төрч,шилдэг эдийн засагч Д.Хаянхярваа, сайн хуульч, сайн зохион байгуулагч, эрч хүчтэй залуу боловсон хүчин Ж.Сүхбаатар нарыгаа нутгийн олон та бүхэн дахин дэмжээрэй” хэмээсэн юм.

Дарханчууд өнгөрсөн хугацаанд шинэ спортын ордонтой болж, Монголын төмс, хүнсний ногооны 10 хувийг хангадаг Орхон сумыг засмал замтай холбосон, төвөө бүхэлд нь камержуулсан анхны хот болсон гээд зам, барилга,дэд бүтцийн талаарчамгүй хөгжилд хүрсэн тул Ерөнхий сайд загвар хот болгох асуудлыг ч тавиад буй.“Дархан-50” цогцолбор, “Шинэ гудамж” гэр хорооллыг сайжруулах төсөл, 1200 айлын орон сууцны эхлэл тавигдсан Дарханыг загвар хот болгон хөгжүүлэх нь Улаанбаатарын төвлөрлийг сааруулах хэтийн зорилготой бөгөөд тэнд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, нефть, төмөрлөгийн үйлдвэр гээд хоёр дахь бүтээн байгуулалтын ажлыгэхлүүлэх нөөц хангалттай бий гэдгийг нэр дэвшигчид онцолж байв. Дарханчууд 30 шахам жил энэ нутагтай амьдралаа холбосон Д.Хаянхярваа гишүүний Төсвийн бодлогын байнгын хорооны даргаас Сангийн сайд хүрсэн амжилтаар, өдгөө 37-хон настай ч Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар хоёр ч удаа сонгогдоод амжсанУИХ-ын хамгийн залуу гишүүн Ж.Сүхбаатараар бахархдаг нь илт байлаа. Ерөнхий сайдын иргэдтэй хийсэн уулзалтын төгсгөлд нар хүрээлсэн солонго татахад“Энэ бол манай хоёр гишүүн дахин төрийн түшээгээр сонгогдож, танай нам сонгуульд ялахын бэлгэдэл юм” хэмээн сайдыг ерөөж байв.

Засгийн газрын тэргүүний очсон дараагийн газар бол хорьдугаар зууны манлай бүтэн байгуулалтын эзэд болсон Орхон аймаг. Тус аймгийн 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч О.Содбилэгнарын сонгуулийн сурталчилгаа “Хангарьд”ордонд болсон юм.Зэс хайлуулах үйлдвэр байгуулах санаачилгыг анх гаргасан, Монголын эдийн засгийг өнгөрсөн онд 17.2 хувьд хүртэл өсөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Тавантолгойн...ажлын хэсгийг ахалж, хөгжлийн хүрдийг эргүүлэлцсэн гэдгээр нь Д.Дамба-Очир гишүүнийг Орхон аймгийнхан үнэлдэг аж. О.Содбилэгийн тухайд ч гэсэн зөвхөн тэр нутгийн унаган хүү, сайн аавынх нь нэр төрийг бодолцоод зогсохгүй, өндөр боловсролтой, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн залуухүн гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. “Манай нам “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” гэсэн уриатай. Монгол иргэн бүрт тэгш боломж өгвөл юу бүтээж чаддагийг Эрдэнэтчүүд XX зуунд харуулсан. Цаашид ч бид боломж бүрийг ашиглаж, гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө зүтгэх ёстой” гэсэн түүний үгийгхурсан олоннижигнэсэн алга ташилтаар дэмжив.

Өнгөрсөн дөрвөн жилд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болж, малчид зуданд арав гаруй сая толгой малаа алдсан гээд янз бүрийн бэрхшээл байсан ч тэр бүхнийг даван туулж, уул уурхай, төмөр замын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн зэрэгцээ “Атрын III аян”, “Монгол мал хөтөлбөр”, “Эрүүл хүүхэд аян” өрнүүлсэн нь Засгийн газрын хийсэн бодитой ажил. Цаашид 300 мянган ажлын байр бий болгож, ард түмнээ ажилтай, орлоготой байлгах тухай, тэр дундаа Эрдэнэтийг аж үйлдвэрийн парк болгох тал дээр намынх нь мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг ч Ерөнхий сайд онцолсон юм.

Уулзалтын үеэр “Зэс эрднийн хувь” компанийнхан Ерөнхий сайдад асуудлаа тавьж,шийдүүлэхийг хүссэн юм. Тэдний төлөөлөл Засгийн газрын тэргүүнтэй уулзаж, тодорхой шийдэлд хүрсэн нь тэдний хувьд томоохон алхам байв.“Эдгээр хүмүүс эхний ээлжинд зэсэн овоолгоос дээж аваад, туршилтад оруулсны дараа техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулахаар хэлэлцэж тохирлоо. Техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулсны дараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хоёр талын Зөвлөлийн хурлаар оруулж, асуудлыг ойрын хугацаанд шийдүүлэхээр хэлэлцсэн. “Зэс эрднийн хувь” компанийнхны тавьж буй шаардлагыг бусад ижил төрлийн компанийн адил энэ талын хууль тогтоомжийг баримталж шийдвэрлэнэ” хэмээн Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

Анхны улсын болон хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, олимпийн аваргыг төрүүлсэн анхдагчдын өлгий нутаг Булганд биднийг очиход бороо шаагин орсон юм. Булган хангай нутагт энэ зун бороо хур бага орсноос газрын гарц тийм ч сайнгүй, гандуу талдаа байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд,МАН-ын дарга С.Батболдын иргэдтэй хийсэн уулзалт тус аймгийн Спортын төв ордонд болсон юм. Гэтэл уг танхимын дээврээс дусаал гоожтол бороо шаагин орсон бөгөөдүүнийг нутгийн хүмүүс “Хувьтай хүмүүс хур дагуулж ирлээ” хэмээн ихэд бэлгэшээж байв. УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч БСШУ-ы сайд Ё.Отгонбаярын чансаа энэ нутагт урьдчилсан байдлаар 80 гаруй хувьтай байгаа гэнэ. Тэнд цугласан хүмүүсийн уухайн түрлэг, гэр бүл, хамаатан садан, албан газраараа сайдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн хүмүүсийн чинсэтгэлийн үгээс харахад энэ ортой дог оо. Ямар сайндаа Ц.Цэнгэл гишүүн “Булган нутгийнхан Ардын намыг дэмжсэн шиг дэмждэг ард түмэн. Л.Энэбиш агсныг улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 80 гаруй хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгож байсан. Сүүлд нь Э.Мөнх-Оргилыг, намайгч бас эхний гурваар гаргасан. Энэ удаад ч гэсэн Ё.Отгонбаяр сайдыгаа тийм өндөр хувиар УИХ-д гишүүн болгож сонгоорой” хэмээж байх вэ.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн дунд Булган хангайн гаралтай хүн олон байгаа нь энэ нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахад тус дөхөм гэдгийг аймгийн Засаг дарга М.Оюунбат онцолсон юм. Уулзалт ярилцлагын үеэр иргэд Ерөнхий сайдад сонирхсон асуултаа тавьсны дийлэнх нь “Хүний хөгжил” сангийн нэг сая төгрөгийг жирийн иргэд хэзээ авах тухай байлаа. Энэ асуултад Засгийн газрын тэргүүн “Маргаан, үгүйсгэл их байсан ч энэ мөнгийг бид олгож эхэлсэн. Манай улсын хувьд жилийн эхний улиралд орлого бага байдаг. Тийм учраас эхний ээлжинд энэ мөнгийг авах учиртай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийг нэгдүгээр улиралд өгч амжаагүй. Ирэх долоо хоногт үүнийг дуусгахаас гадна долоодугаар сарын 1 гэхэд бүх хүний сая төгрөгийг олгож дуусгана” гэсэн хариулт өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top