Шатахууны үнэ 6, 7 дугаар сард тогтвортой байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлттэй танилцлаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон Газрын тосны газрын удирдлагуудын мэдээлснээр ОХУ-аас ачигдсан АИ-80, АИ-92 бензин ойрын өдрүүдэд ирэх юм байна. Ингэснээр ойрын хоёр сард шатахууны нийлүүлэлт хангалттай болж, үнэ ханш нь ч тогтвортой байх нь.


Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийн шалтгааныг тогтоон, цаашид үнийг шатлалтайгаар буюу 100 хүртэл төгрөгөөр бууруулахаар зорьсон. Үүний дүнд дунджаар 1761,6 төгрөг болж нэмэгдсэн үнийг 1593,3 төгрөг буюу 168 төгрөгөөр бууруулжээ. Цаг үеийн шаардлагаар автобензин, дизель түлшний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс энэ оны  төсвийн хөрөнгө оруулалтад тусгасан 60.0 мянган тоннын багтаамжтай автобензин, дизель түлшний агуулах барих хөрөнгө оруулалтыг концессын жагсаалтад оруулж, сонгон шалгаруулалтаар эрх авсан компаниудаар гүйцэтгүүлж эхэлжээ.

Нийтийн тээврийн үнийн хувьд алдагдлыг нөхөх, татаас өгөх хэлбэрээр үнийн өсөлтийг барих үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний  аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ үзүүлж буй их, дунд, бага оврын автобусны  эрхлэгчдийн шатахууны зөрүүнээс үүсч буй алдагдлыг нэг сарын гүйцэтгэлээр тооцон нийт 395.953.5 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор тогтсон байна. Махны нийлүүлэлт, түгээх арга хэлбэр нь оновчгүй, ченжээр дамжин иргэдэд хүрдэг, махны экспорт хяналтгүй байгаагаас шалтгаалан эрэлт ихэсч, үнэ хөөрөгдөж байна гэж үзсэн байна.

Тиймээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 15 мянган тонн хүртэл махны нөөц нэмж бүрдүүлэн, мах бэлтгэх, түүнийг жижиглэн худалдаалах ажлыг зохион байгуулж, аймгуудтай мах бэлтгэн нийлүүлэх гэрээг хийжээ. Түүнчлэн нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах 40 тэрбум төгрөгийн төсвийн зээл авах эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгон, дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс мах, махан бүтээгдэхүүний экспортыг 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хязгаарласан байна.

Эх сурвалж: http://pmis.gov.mn/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top