Урлагийнхан илүү торгон мэдрэмжтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Удахгүй болох УИХ,НИТХ-д салбар салбарын төлөөлөл нэр дэвшиж байгааг иргэд  янз бүрээр хүлээн авч байна. Спорт, урлаг, шашны төлөөлөл хэрэггүй гэж үзэх нэг хэсэг байхад эдгээр салбарынхны туршлага, өөрөөр харах өнцөг өнөөгийн төрд хэрэгтэй гэж дэмжиж  байгаа хэсэг ч байна.  Үнэхээр ч зөвхөн улс төр, хууль, эдийн засгийн мэргэжилтнүүд төр түшнэ гэсэн хууль байхгүй. Хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй.  Салбар бүрийн мэргэгшсэн төлөөллийг  бодлогоор сонгон, төрийн албанд амжилттай ажиллуулж байгаа туршлага хөгжилтэй орнуудын түүхэнд олон бий билээ. Тиймээс бид энэ тал дээр хардаж эргэлзэх эсэх тухай  НИТХ-ын сонгуулийн 26-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшигч, найруулагч Ж.Өнөржаргалын сэтгэгдлийг сонслоо.

Ж.Ө: Урлаг, спортынхон улс төрд хүч үзэх нь буруу зүйл биш. Үүнийг хүн бүр өөрийнхөөрөө хүлээж авах байх. Мэдээж улс төрийн мэдлэг, туршлага дутна гэж хардах хүмүүс бий. Гэвч эдгээр салбарынхан гэхээр л дасгал хийж, дуулж, жүжиглэхээс өөр юм мэддэггүй гэвэл том эндүүрэл болно. Тухайлахад миний бие олон олон чадалтай, туршлагатай  уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдний үзэж өнгөрүүлсэн, мэддэг чаддаг бүхнээс нь суралцсаныгаа тэр болгон хүнд  тохиохгүй аз завшаан гэж боддог. Ахмадуудын маань сургааль бүхэлдээ амьдралын их хууль, ард түмний минь соёл, ёс заншил, амьдрах ухаан байлаа.

  Мөн дэлхийн 32 орноор явж уран бүтээл хийхдээ олон зүйлийг бодож, эх орондоо хэрэгжүүлж болох шинэ санааг бясалгаж явсан. Бидэнд гайхуулах ч юм их бий, сурах ч зүйл олон бийг энэ үед илүүтэй ойлгосон юм. Жирийн үед анзааралгүй өнгөрдөг жижиг асуудлуудыг уран бүтээл туурвих явцдаа олж харж, сэтгэл эмзэглэдэг нэгэн. Нэмж хэлэхэд урлагийнхан бид цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, боловсорч байдаг улс. Би л гэхэд үндсэн мэргэжлээсээ гадна Удирлагын Академийг төрийн удирдлагын чиглэлээр төгссөн хүн.  Ингэхээр бидэнд сэтгэл, хүсэл, зориг байна. Мөн дээрээс нь боловсрол мэдлэг, эрч хүч байна. Үүнийг ашиглах хэрэгтэй. Төрийн өндөр сэнтийд суучихаад доошоо харах сөхөөгүй байгаа эрх баригчдын дэргэд урлагийнхан бид торгон мэдрэмжтэй, түүнийгээ илэрхийлж чаддаг зоригтой хүмүүс гэдгийг бардам хэлэх байна. Тиймээс бид дутуу орон зайг нөхнө, төрийн бодлогод өөр өнцгаас хандана хэмээн хариуллаа.

Г.Өнөмөнх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top