-Сонгуулийн дараа эдийн засгийн гоц үзэгдэл болно-
Засгийн газар 10 хоногийн дотор ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1сая төгрөгийн үлдэгдэл болох 670 мянган төгрөг буюу нийт 220 гаруй тэрбум төгрөгийг олж, хэлсэн үгэндээ хүрэх гэж ёстой л гүрийж байх шив. Өчигдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны тухай хэлэлцэхээр оруулсан байгаа юм. Гэвч 10 хоногийн дотор хувьцаагаа дэлхийн зах зээл дээр гаргаад мөнгө татан төвлөрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ 670 мянган төгрөг өгнө гэдэг үнэхээр хүнд. Хүнд ч гэж дээ боломжгүй зүй. Хэдийгээр Сангийн дэд сайд Ч.Ганхуяг Эрдэнэт үйлдвэрээс 70 сая ам.доллар орж ирээд байна. Энэ мөнгөөр 670 мянгын чинь 330 мянгыг нь олгох боломжтой. Үлдсэнийг нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн урьдчилгаа мөнгө хийгдэхээр олгоно гэж байгаа ч энэ бол урд хормойгоо хойд хормойгоороо нөхөхийн л адил зүйл. Татварын хэлтсүүд Эрдэнэс Таван толгойн хувьцаагаа эртхэн шиг худалдаж ав гэж аж ахуйн нэгжүүдийг дарамталж эхэлсэн ч Засгийн газрын цаашдын хувь заяаг өөдрөгөөр харж чадахгүй байгаа захирлууд “юун хувьцаа “ хэмээн уцаарлах өнгө аяс илтгэсээр байгаа гэдэг. Гэтэл Ч.Ганхуяг дэд сайд татвараас 50 тэрбум төгрөг орж ирнэ хэмээн итгэлтэйгээр хэлжээ.
Эрдэнэтийг зарсан уу, зээл авхуулсан нь уу ямар ч байсан шахсаар байгаад 12 дугаар сар хүртэлх татварыг нь урьдчилаад авчихдаг юм байж. Харин “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг зарж, урьдчилгааг авах нь юм бүр дээр л жишээ болчих гээд байдаг өнөө дээс томдог шоргоолжны үлгэр дээ.
Амьдрал зөвхөн зургаа, долдугаар сараар хязгаарлагдаж, сонгуулийн дараа дуусчихгүй. Ахиад л 160 мянган төрийн албан хаагчийн цалин, 328 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмж, мөн өчнөөн олон жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмж, өнчин хагас өнчин хүүхдийн халамжийн мөнгө гээд олгох л болно. Гэтэл төсөв бүрдүүлэх ёстой бүх мөнгөө урьдчилж аваад үрчихсэн байдаг. Одоогоор улсын төсөв нойл заах нь байтугай хасах руугаа нэлээн гүнзгий орчихоод байгаа талаарх мэдээлэл албаны зарим хүний амнаас цухалзаж л байна. Ямартай ч дараагийн Засгийн газарт хов хоосон бүүр хасах дүнтэй төсвийн авдар л хүлээлгэж өгөх нь тодорхой боллоо.
Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш мэдэгдэхүйц өсч байгааг уншигч та анзаарсан л байлгүй. Саяхан л 1318 төгрөг байсан ам.доллар 1334-т хүрчээ. 16 төгрөгөөр нэмэгдэнэ ээ гэдэг бол зарим бараа бүтээгдэхүүний үнийг хэлбэлзүүлэх хэмжээний гэсэн үг. Магадгүй сонгууль дөхөөгүй байсан бол Монголбанкнаас энэ талаар мэдээлэл хийх биз. Гэвч одоогоор Засгийн газрын үйл ажиллагааны талаар хэн ч юу ч ярих эрхгүй болчихсон. Ярьсан нь “толгойгүй” болно л гэсэн үг.
Сонгуулиас болоод хот тохижилт, газар тариалан, бүтээн байгуулалт гээд улирлын чанартэй ажлуудын явц ямар байдалтай, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бас хүлээгдэж буй талаар бас л хэн ч юу ч ярихгүй.Хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ аль хэдийнэ 100 тэрбум давчихаад байгаа тухай дуулдаж л байна. Хэрвээ боломжтой бол энэ талаар Сангийн олон сайдууд мэдээлэл хийж, гурилтай, байшинтайгаа амьдрахсан гэх иргэдийнхээ санааг амраамаар. Өнөө 100 мянган орон сууц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гээд их мөрөөдлийн ажлууд хаагуур юу болж байгааг мэдэх хүн ер нь байна уу. Ядаж л Монголбанкнаас зээлсэн мөнгөө өгсөн үү Д.Хаянхярваа сайд аа.
Нэг хэсэг нь хэрхэн 670 мянган төгрөгөө авах вэ хэмээн горьдож, нөгөө хэсэг нь сонгуулиас өмнө өгч чадвал амлалтаа биелүүлсэн сайн хүн болж харагдах гээд дээр дооргүй л бужигнаж байна. Ядаж байхад сүүлийн хэдэн өдөр банкууд ачааллаа ч дийлэхээ болив. Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө сонгуулиас өмнө авахгүй бол улсын орлого болно гэсэн мэссэжээс болж, хүн бүр л мөнгөө авчих гээд өдрийн ажлаа алдаж л байна. Амьдрал сонгуулийн дараа ч үргэлжилнэ гэдгийг анзаарах сөхөөгүй л энд тэндгүй мөнгө мөнгө гэсэн улаан “нүднүүд”. Гэтэл тэр мөнгө нь хаана байгаа хэрэг вэ.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд Сангийн сайдын танилцуулахаар жагсаалтад оруулсан нэг асуудал бол “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлт юм гэсэн.
Тогтворжуулна гэдэг нь мэдээж өссөн үнэ дээр нь тогтоох гэсэн үг биз. Магадгүй сонгуулийн дараа л импортлогчид ам.долларын ханшийн хэлбэлзлээс болж шатахууны үнээ нэмэхээс өөр аргагүй болоод байна гээд хэвлэлийн хурал зарлавал гайхаад байх зүйл үнэхээр биш.
Сонгуульдаж, сонгуульдчихаад наадмаа залгуулна. Хэд хоног сонгуулийн шуугианд ядарсан хүмүүс чихээ амрааж, нүдээ сэргээнэ. Гэвч наадмын дараа намар гэж, их ажлын өдрүүд биднийг хүлээж байна. Хийсэн ажлынхаа үр шимийг тариаланчид, барилгачид, уул уурхайнхан хүртэнэ. Засгийн газар тэднээс авахаа авч өгөхөө өгч тооцоо бодох өдрүүд үргэлжлэнэ.Гэвч МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР гэсэн сайхан хаягтай хоосон авдартай айл л голомтныхоо галыг унтраачих гээд л хоосон тогоогоой долоож суух нь дээ.
Сэтгэгдэл ( 0 )