Монголын улс төрд соёолох таны сонголт-Э.Сугар

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

2012 оны УИХ-ын сонгуулийн 21-р тойрог буюу Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшиж буй улс төрчдийн дотроос ИЗНН-аас нэр дэвшиж байгаа Э.Сугар хамгийн залуу нь билээ. Түүний сонгуулийн гол уриа нь ‘’Би зориглосон. Та дэмжээрэй. Бид зүтгэе. Та итгээрэй’’ юм. Саяхан нэр дэвшигч Э.Сугар Багахангай, Багануур дүүрэгт очиж сонгогчидтойгоо уулзахад ‘’Ийм ухаалаг, мэдлэг боловсролтой, хийсэн ажилтай, бас алсын хараатай залуусаа бид дэмжих ёстой. Бусад нэр дэвшигчдийн дунд ийм залуу хүн огт харагдсангүй’’ гээд түүнийг бүрэн дэмжихээ илэрхийлсэн байна. Залуу хүнийг зориг нэг чимдэг. Дээр нь ухаан, мэдлэг боловсрол, ажил хэрэгч чадвар байхад бүр их чимэг болдог. Чимэг гэдэг нь цээжинд багтаж ядсан бахархал шүү дээ.

            Төр засгийн эрх мэдлийн төлөө сонгуулийн аргаар улайран тэмцэхдээ олигархиуд өнөөдөр хөрөнгө мөнгийг хайр гамгүй цацаж байна. Ингэж цацсан мөнгөө тэд төрийн өндөр эрх мэдэлтэй болсон хойноо хэд дахин нугалан олж, эх орны баялгийг цөлмөж, татвар төлөгчдийн халаасыг хоослон олж авахаа маш сайн мэддэг башир аргатнууд билээ. Тэд чухам ийм аргаар 20жил сонгуулийг луйвардаж, олон түмний ‘’тархийг угааж’’ ирсэн. Нэр дэвшигч Э.Сугарын өрсөлдөгч нарын дотор ийм башир аргатнууд цөөнгүй бий. Тэд сонгуульд ялахын тулд хөрөнгө мөнгийг хайр гамгүй цацаж байна. Харин Э.Сугарт ийм хэмжээний мөнгө байхгүй ч түүнд эх орноо хөгжүүлье, ард түмнээ сайн сайхан амьдруулая, байгал экологоо цэвэр ариун байлгая, эх дэлхийгээ хайрлая гэсэн чин сэтгэл, зүтгэл байдаг нь тун бахархалтай. Тэрбээр Дэлхийн Залуу Ногоонтнуудын байгууллагын гишүүн бөгөөд эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд монгол залуусаа оройлон тэргүүлж яваа нэгэн билээ. Э.Сугар энэ удаагийн сонгуульд өөрийн хуримтлуулсан бага хэмжээний мөнгө, ах дүүс, найз нөхөд, дэмжигчидийн чин сэтгэлийн дэмжлэгэд тулгуурлан өөрийн уриатайгаар оролцож байна. Э.Сугар байгал экологоо хамгаалах, ногоон хөдөлгөөний талаар чамгүй их зүйл хийсэн, боловсрол мэдлэгтэй залуу. Өнөөдөр бид Э.Сугар шиг ийм ажил хэрэгч, мэдлэг боловсролтой залуусаа зоригтой дэмжиж, төрийн түшээ болговол алдахаасаа онох нь их байх нь эргэлзээгүй. Ер нь төрийн толгойд 20 жил заларч, хагартлаа баяжсан, энэ баялагтаа толгой нь эргэж ‘’мангар’’ болчихоод эх орон, ард түмнээ бус зөвхөн хар амиа боддог болсон зарим бэртэгчин улс төрчид Э.Сугар шиг залууст суудлаа тавьж өгөн, төрийн өндөрлөгт цэвэр тунгалаг агаар, эрүүл улс төрийг оруулах цаг аль хэдийн болчихоод байгааг ард түмэн мэдсээр, бухимдсаар байна. Чухамхүү энэ ‘’алтан боломж’’ ард түмэн бидний гарт яг одоо ирээд байгааг сонгогч та бүхэн гүнээ ухамсарлан ойлгож, сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдөн сонголтоо зөв хийнэ гэдэгт мэргэн оюунд тань итгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top