Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон “МАХН-МҮАН-Шударга ёс” эвслээс УИХ-ын 21-р тойрогт нэр дэвшигч Х.Амарсайхан, Л.Жамбалжав, НИТХ-ын 5-р тойрогт нэр дэвшигч М.Болортуяа нар Багануур дүүргийн иргэдтэй уулзлаа. Багануурчууд Н.Энхбаяр болон нэр дэвшигчдийг халуун дотно хүлээж авч, ирэх сонгуульд “Шудрага ёс”-ны төлөө саналаа өгч, эх орноо аврах хувьсгалд үнэтэй хувь нэмрээ оруулахаа амлаж байлаа. Мөн уг уулзалтад МАХН-ын гишүүн гавьяат хуульч С.Нарангэрэл, С.Авирмэд нар оролцож, нэр дэвшигчдэд амжилт хүссэн юм. Энэ удаагийн сонгуульд МАХН-МҮАН эвсэж, Шударга ёс эвслийг байгуулан оролцож байгаа бөгөөд УИХ-ын 21-р тойрогт МҮАН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Х.Амарсайхан, хүний гавьяат эмч Л.Жамбалжав нар өрсөлдөж байгаа юм. Н.Энхбаяр иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн сонгууль монгол орны ирээдүйг тодорхойлох түүхэн сонгууль. Тийм учраас иргэд та бүхэн ухаалаг сонголт хийх эх орноо аврах бидний хувьсгалд үнэтэй хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Та бүхний санал бидний хувьд маш үнэтэй. Х.Амарсайханы хувьд намайг Ерөнхий сайд байхад Монгол Улсын Санхүү Эдийн Засгийн Яам, Эдийн Засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Тэгэхээр би энэ залууг сайн мэднэ. Х.Амарсайхан бол одоогийн олигархиуд шиг бохир зүйлд хутгалдаагүй, өөрийн боловсрол мэдлэгээр Монгол улсын эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж явсан “цэвэр” хүн. Тиймээс шинэ залуу улстөрчийнх нь хувьд түүнийг дэмжиж саналаа өгөхийг уриалж байна. Харин Л.Жамбалжав бол насаараа хүн зоны эрүүл энхийн манаанд зогссон гавъяатай хүн. Тэгэхээр ард түмэн та бүхэн минь манай эвсэлээс нэр дэвшиж буй энэ хоёр хүнийг дэмжээрэй” хэмээн уриалж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )