Олон түмний өмнө ил тод гарч нүүрээ үзүүлэн жинхэнэ нэр хаягаа хэлэх зүрх зориггүй баг өмссөн судлаач П.Дүгэр гэгч зохиомол хүнийг МАН-ынхан сонгуулийн өмнөхөн бий болгож, тэрхүү зохиомол дүрээрээ Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг илт гүтгэн гүжирдсэн ярилцлага зохион байгуулж, түүнийг нь Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхийн сайтаар зай завсаргүй цацах боллоо.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаж байх хугацаандаа толгойдоо уян зүү гэгчийг нууж, судсаараа уураг тэжээл шахуулж, амаараа амин дэм идэж байсан гэсэн үлгэрийг тэрээр зохиож, түүнийгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх мэдээллийн сайтаар мөнгө хайрлалгүй зэрэг зэрэг цацсан юм. Хүний санаанд багтамгүй тэдний эл гүтгэлэгт МАХН-аас албан ёсоор няцаалт өгч, 24tsag.mn мэдээллийн сайтыг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэхийг шаардан нэхэмжилсэн билээ. П.Дүгэр гэгч тэрхүү зохиомол пиарчийг олж тогтоон Монгол Улсын иргэн Н.Энхбаярын нэр төрд халдаж, гүтгэн гүжирдсэнийх нь төлөө хариуцлага тооцохыг холбогдох хуулийн байгууллагуудаас шаардсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй байна. Энэ бол эрх баригчдад Монголын хууль үйлчилдэггүйн хамгийн наад захын жишээ юм.
Увайгүй үйлдэлдээ улам даварсан МАН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр төрийг шавар шавхайтай хутгаж, ямар ч аргаар хамаагүй сэвтээх гэсэн бузар үйлдлээ өнгөрсөн хугацаанд зогсоогоогүйгээр үл барам улам шатлан өргөжүүллээ. П.Дүгэр гэгчийнхээ нэрээр Мянгуужингийн үлгэрээ үргэлжлүүлэн гаргаж, Н.Энхбаярыг гүжирдэн гүтгэх балмад үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, одоо байтлаа бүр эхнэр хүүхэд рүү нь дайран давшилж байна. Тэд “ичих нүүрээ элгэндээ нааж” Н.Энхбаярын гэргий Ц.Цолмонгийн орны аравч нь ямаатай хурьцал хийж буй африк эрийн хөдөлгөөнт зураг байдаг гэж доромжлохоосоо ч сийгсэнгүй. Үүнээс үзэхэд МАН өөрөө, түүний зохиомол дүр, дуу хоолой нь болсон П.Дүгэр гэгч нь ямархуу ёс суртахуунгүй, боловсрол мэдлэггүй “уяаны нохой” болох нь маш тодорхой харагдаж байгаа юм.
Хоёр гуравхан хоногийн өмнө буюу 2012 оны 06 дугаар сарын 18-нд П.Дүгэр гэгч МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар АНУ-д хоёр ч том хаустай, 25-хан настай энэ залуу яаж ийм хөрөнгө босгосон байнаа хэмээн ээлжит гүтгэлгээ зохион тараажээ. Э.Батшугар нь АНУ-д сурч байхдаа хаана ч байдаг жирийн оюутны нэгэн адил нөхдүүдтэйгээ хамтран түрээсийн байранд амьдарч байсан бөгөөд түүнийг нь <<хаус>> болгон монтажлан эвлүүлжээ. Н.Энхбаярын гэргий Ц.Цолмонгийн дүү нь 1990-ээд оноос хойш АНУ-д гэр бүлээрээ ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа бөгөөд бусад Монголчуудын нэгэн адил урт хугацааны моргэжийн зээлийн байр сууцтайг мөн л Н.Энхбаярын <<хаус>> болгон гүтгэн гүжирдэж байгааг бид хариуцлагатайгаар няцааж байна.
Энэ бүхэн нь Н.Энхбаяр болон түүний гэр бүлийнхнийг Дүгэр ба түүний эзэд хууль бусаар тагнан чагнаж байгааг нотолж байна. Энэ нь Монголд МАН-АН-ийн үед цагдаа-тагнуулын дэглэм тогтсоны нэг баталгаа мөн гэж үзэхээс өөр аргагүй.
Улстөрийн хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд зай завсаргүй цацаж байгаа эдгээр гүтгэлгийг бид хуулийн байгууллагаар шалгуулна. Сонгуулийн тухай хуулийн 35.15.4-д хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хатуу хориглосон байгаа. Иймд “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” МАН-ыг СЕХ-нд хандаж 2012 оны УИХ-ын сонгуулиас нэрийг нь татуулахыг шаардах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
МАН “төрд шударга ёс” гэж хэлчихээд өөрөө туйлын шударга бус, хамгийн бохир аргаар сонгуульд “өрсөлдөж” байгааг буруушааж, гүжирдлэг гүтгэлгээ зогсоохыг шаардаж байна.
Үнэн үг, зөв үйлдэл, бодлогоор өрсөлдөхийг улс төрийн бүх хүчнүүдэд хандан уриалж байна.
“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” ямагт ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, шударга ёс тогтоохын төлөө тэмцэх болно.
“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” –ийн хэвлэлийн алба
Сэтгэгдэл ( 0 )