Иргэн Ч.Отгон: Сонгуулийг хүний хөгжлийн дэвтрээр өгвөл будлиан бага гарна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Дөрвөн жилд ганц болдог УИХ-ын сонгуулийг иргэд будлиангүй болоосой гэж хүсдэг билээ. Хэдийгээр энэ жил сонгуулийг будлиангүй явуулах үүднээс олон арга хэмжээ зохион байгуулж байгаа ч хаягийн зөрчил, цахим үнэмлэхний илүү хэвлэлт зэргээс үүдэлтэй “но” гарсаар байгаа. Тиймээс сонгууль өгч байгаа иргэдийн иргэний үнэмлэх, хүний хөгжлийн дэвтрийг харгалзан үзэх нь зүйтэй гэж иргэн Ч.Отгон ярилаа. Ингээд түүнтэй хэсэг хөөрөлдснөө хүргэе.

- Сонгуулийг шударга явуулах боломж байна гэлээ?

- Эх орны хишиг олгож байгаа банкны сүлжээнд бүртгэгдсэн, тамга болон гарын үсгээр идэвхижсэн Хүний хөгжлийн дэвтрийг үндэслэн олговол будлиан багатай. Яагаад гэхээр хүн болгонд иргэний үнэмлэх шиг дэвтэр олгосон байгаа. Нэг хороон дээр бүртгэлтэй байж өөр хорооны ам бүл цөөтэй айлд давхар бүртгэгдсэн байна гэж асуудал гарч байгаа шүү дээ. Тэгвэл дэвтрийг нь үндэслэж олгосон тохиолдолд ийм асуудал гарахгүй.

- Хүний хөгжлийн дэвтрийг хуурамчаар үйлдэхэд хялбар байх?

- Банкны бүртгэл, тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдэнэ гэж хэзээ ч байхгүй. Хэрвээ хуурамчаар үйлдвэл энэ нь өөрөө Эрүүгийн санкц болж хувирна. Тийм учраас СЕХ хуруун дээр тэмдэглэгээ хийдэг шиг Хүний хөгжлийн дэвтэр дээр хар үзгээр тэмдэг, тэмдэглэгээ хийвэл зүйтэй.

-  Таны энэ саналыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн хувьд цаг нь тулаад байгаа юм биш үү?

- СЕХ-ны үүрэг бол иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хаахгүйгээр сонгуулийг будлиангүй явуулах, үйл ажиллагаанд хяналт тавих байдаг. Шаардлагатай гэж үзвэл СЕХ энэ асуудлыг шийдэх боломжтой. Яагаад гэвэл дахиж дэвтэр тарааж, шинээр бүртгэл хийх гээгүй, харин бэлэн байгаа зүйлийг л ашиглах гэж байна. Хэрвээ хэн нэгэн этгээд СЕХ-нд нөлөөлөхгүй бол энэ асуудал хоёр хоногт шийдэгдэх боломжтой. Банкны бүртгэлийг ашиглан сонгуулийг будлиангүй явуулах боломжтой.

- Сонгуульд ажиглагч, орон тооны бус хэвлэлийнхэн ажиллаж байхад заавал ингэж ажил удах шаардлага байна уу?

- Нэр дэвшигчид ажиглагчаар өөрийнхөө итгэл даах нэг л хүнийг тавьдаг. Өдөржин шуугианд ажиглагч хийсэн хүмүүс шөнөжингөө санал тоолоход ажиглаад сууж л байдаг. Өдөржин суугаад ядарсан хүнийг будлиулдаг байхгүй юу. Ажиглагчийг нэг биш хоёр гурав болгох хэрэгтэй.  

- Энэ жил харьцангуй бага будлиан гарах юм биш үү?

- Тэр бөөрөнхийг яаж зурахаас санал тоолох асуудал гарч ирж байна. Тэгэхээр санал тоолох механизмыг ард түмэнд нээлттэй байх хэрэгтэй.

- Сонгууль будлиантуулах магадлалтай нөхөд хэн бэ?

-Сонгуулийн тойргийн хорооны ажилчид.  

-Энэ жилийн хувьд сонгууль өгөх иргэд цөөн байх шиг байна. Та сонгууль өгөх үү?

- Өгөхгүй.

-Яагаад?

-Сонгуулийнг найдвартай, будлиангүй явуулсан тохиолдолд саналаа өгнө. Хэрвээ Хүний хөгжлийн дэвтрээр санал өгнө гэвэл иргэний үүргээ биелүүлж саналаа өгнө.  

- Энэ санааг та хэзээ бодож олов?

-Өчигдөр орой.

-СЕХ хангалттай ажиллаж байна гэж та бодож байна уу?

- Хангалтгүй.

- Жишээ нь?

- Цэргүүдийг саналаа өгөхөд дарга нар нь хажууд нь байдаг. Тэгээд тэр хүнд өгөөрэй гэж үүрэгддэг. Өнөөдөр хөгжлийн бэрхшээтэй иргэд санал өгөхөд асуудал их гардаг. Энэ бүхнийг шийдэхийн тулд цогц арга хэмжээ авмаар санагддаг.

- Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

- Харин иргэдийн үзэл бодлыг чөлөөтэй гаргадаг Zindaa.mn сайтын хамт олонд баярлалаа. Иргэд, сонгогчид миний энэ саналыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top