Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгууль явагдахад долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ хариуцлагатай цаг үед улс төрийн нам, эвсэл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуулийн өмнө хүлээсэн үүргээ дор бүрнээ ухамсарлаж хуулийн дагуу, шударга, хариуцлагатай ажиллахыг шаардаж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Манай нам Монгол Улсын Үндсэн Хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, эв эеийг хичээн, Монгол хүний ёс жудгийг эрхэмлэн сахиж, улс төрийн нам, нэр дэвшигчдэд харилцан хүндэтгэлтэй хандаж, гүтгэлэг, доромжлолгүй, элдэв башир үйлдэл, үйл ажиллагаа явуулахаас татгалзаж шударгаар өрсөлдөхийг нийт улс төрийн намуудад хандан уриалж байсан билээ.
Гэтэл сүүлийн өдрүүдэд Монгол Ардын Нам, намын удирдлага, манай намаас нэр дэвшигчдийн нэр төрийг нь гутаан доромжилсон захиалгат мэдээ мэдээллийг олон нийтэд цацаж, хурал уулзалт, арга хэмжээг зохион байгуулалттайгаар үймүүлэх ажиллагааг явуулж байна. Энэхүү үйл ажиллагаа цаашид улам эрчимжих хандлагатай байна.
Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, иргэд, сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тарааж, элдэв башир арга хэрэглэж байгаа үйл ажиллагаа зарим аймаг, дүүрэгт гарч байгаа мэдээлэл байна.
Ийм үйл ажиллагааг илчлэн, энэ талаар баримт мэдээ, мэдээллийг шат шатны сонгуулийн байгууллага болон Монгол Ардын Намын сурталчилгааны байранд авчирч өгөхийг шударга иргэд сонгогчдоосоо хүсэж байна.
Сонгуульд өрсөлдөж байгаа нам улс төрийн бусад нам, нэр дэвшигчид төрт ёсоо, дээдлэн хүндэтгэж, улс орны хөгжил, дэвшил, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө дэвшүүлж буй бодлого, мөрийн хөтөлбөрөө сурталчлан, оюун санаа үзэл бодлоо уралдуулж, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэн бидний адил хуулийн дагуу шударгаар өрсөлдөхийг нийт нам эвсэл, нэр дэвшигчдэд хандан уриалж байна.
МОНГОЛ АРДЫН НАМ
Сэтгэгдэл ( 0 )