ИЗНН-ын дарга С.Оюун болон бусад удирдах албан тушаалтнууд өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймагт ажиллалаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Дорнод аймагт ИЗНН-аас С.Отгонбаатар болон Л.Оюунцэцэг нар нэр дэвшиж байгаа юм. Нутгийн иргэд “Иргэний Зориг Ногоон намыг энэ удаагийн сонгуульд дээгүүр давхих болов уу гэж харж байна. Ер нь элдэв хэл аманд өртөөд байдаггүй нэр цэвэр нам гэж үнэлдэг. Ёс зүйн талаасаа ч цэвэр, боловсон хүчин нь сэхээтнээр цэнэглэгдсэн бололтой юм билээ. Би аль нэг намыг дэмжээд гүйгээд байдаггүй. Гэхдээ УИХ-ын гишүүныг шударга үнэний төлөө дуугарч чаддаг, гол нуруугаа барьж явдаг улс төрч гэж дүгнэдэг юм. Тэр утгаараа Иргэний Зориг Ногоон намыг үнэлж байна” гэцгээж байлаа. Тухайбал, иргэн Н.Бадарч “Иргэний Зориг Ногоон намын “Амьдрал” мөрийн хөтөлбөр их таалагдсан. Эрх баригч намуудын дэвшүүлсэн 20 жилийн дараах амьдрал биш өнөөдрийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна лээ. Ингэхдээ гэртээ суугаа иргэн Доржийн амьдралыг яаж сайжруулах вэ, хөгжлийн бэрхшээлтэй Туяад яаж суралцаж боловсрох орчинг бүрдүүлэх вэ гэсэн иргэнд чиглэсэн нь сайшаалтай. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах халамжийн дүнг цалингийн доод хэмжээнд хүргэх, төрийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан салбар нэгж байгуулах, “Тэмүүлэл” сан байгуулж ажил эрхлэлтийг дэмжинэ гэсэн нь таалагдсан. Энэ утгаараа ИЗНН-аас нэр дэвшигч С.Отгонбаатар, Л.Оюунцэцэг нарыг дэмжиж байна” гэсэн юм. Дорнод аймагт нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг танилцуулахад,
Лувсангийн Оюунцэцэг нь 1957 онд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн. Аав, хүүхдүүд болон зээ нарын хамт амьдардаг. Одоо “Наранбулаг сервис” ХХК-ийн ерөнхий захирал, Буриад судлалын академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, угсаатан судлаачаар ажиллаж байна. Тэрээр 1973-1976 онд Худалдааны техникумыг Нийтийн хоолны тоног төхөөрөмжийн механикч мэргэжлээр, 1998-2001 онд ХҮДС-ийг Хоол үйлчилгээний зохион байгуулалт-менежмент мэргэжлээр Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэйгээр дүүргэжээ. Түүнчлэн 2001-2003 онд тус сургуулийн Олон улсын аялал жуулчлалын эдийн засаг-менежмент мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан бөгөөд 2008 оноос МУИС-ийн НШУС-д Нийгэм-Соёлын антропологийн докторантаар сурч байна. Түүний ажил, хөдөлмөрийн замналыг дурдвал, 1976 оноос Дорнод аймгийн ХБУГ-т Нийтийн хоолны тоног төхөөрөмжийн механикч,1991 оноос өнөөг хүртэл худалдаа, үйлчилгээний “Наранбулаг сервис” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрээр нийгмийн идэвхи сайтай дайчин бүсгүйчүүдийн нэгэн юм. Тухайлбал, “Буриад ардын өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар арав гаруй жилийн турш ажиллаж байгаад өдгөө удирдах зөвлөлийн гишүүн, “Үндэстний хувцас судлалын академи”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хот дахь “Баяндун сумын нутгийн зөвлөл” төрийн бус байгууллагын дарга, Буриад ардын язгуур урлагийн “Ёохор хатар” дуу бүжгийн төвийн тэргүүн, “Буриад судлалын академи”-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, угсаатан судлаачаар тус тус ажиллаж байна. Түүний хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж 2001 онд ҮХЯ-ны “Хүндэт жуух” бичиг, 2002 онд Монгол Улсын “Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2005 онд Монголын Эмэгтэйчүүдийн байгууллагын “Удирдагч эмэгтэй” цол, 2006 онд ОХ-ны Буриад улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн” цол, 2010 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулжээ.
Харин Санжмятавын Отгонбаатар нь 1985-1986 онд МУИС-ийн дэргэдэх Германы инженерийн сургуулийн бэлтгэл ангид суралцаж, 1987-1995 онд ХБНГУ-ын Дрездин хотын Техникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгсчээ. Түүний ажил, хөдөлмөрийн гарааг дурдвал, 1984-1985 онд Физик техникийн хүрээлэнд Газар хөдлөлийн лабораторт эрдэм шинжилгээний туслах ажилтан, 1985- 1986 онд Дорнод аймгийн холбооны газарт өргөн нэвтэрүүлэх станц антенны техникчээр ажиллаж байв. Төрийн албыг хашихаас гадна хувийн бизнесийг амжилттай эхлүүлж чадсан Монголын шилдэг бизнесмэн залуу. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга хотын салбарт ажилсаг байдлаараа толгой цохиж явна. Тэрээр 1996 онд Монгол-Германы хамтарсан анхны хувийн пивоны үйлдвэр болох “Ханброй” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Ингэхдээ архидалтыг багасгахад шар айраг тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэж үзсэн байна. Мөн “Брау хаус” цогцолбор, “Монгол шилтгээн” цогцолбор, “Монгол фүүд” мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, АПУ-гийн пивоны үйлдврийг үүсгэн байгуулан захирлаар нь ажиллаж байна. Түүнчлэн алтны үндсэн ордын лецинз эзэмшигч ба “Precious mountain” компанийг байгуулснаар уул уурхайн салбарын гараагаа эхлүүлсэн нэгэн. Тэрээр энэ талаар “Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлвэрлэл эрчимтэй хөгжихийн хирээр байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан хууль тогтоомж зөрчигдөх явдал ихээхэн гарч байна. Ялангуяа, уул уурхайн компаний ашигласан гадаргуу дээрх усыг цэвэршүүлэх эргэлтэнд оруулах,газрын гүний усыг зөв ашиглах зорилгоор Япон улсын түнштэйгээ хамтран ажиллаж байгалийн гаралтай ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг оруулж ирж уул уурхайн компаниуд дээр танилцуулан газар дээр нь үр дүнг харуулж байна” гэв. Энэ их ажлын хажуугаар С.Отгонбаатар урлаг, соёлын салбарыг дэмжиж ирсэн гэдгийг олон нийт андахгүй мэдэх биз ээ. Мөн сүүлийн жилүүдэд өөрийн ээжийн нутаг болох Дорнод аймгийг хөгжүүлэхийн төлөө “Дорнод нутаг клуб”-ыг байгуулан ажиллуулж байна.
Б.Манлайбаяр
Сэтгэгдэл ( 0 )