С.Ганбаатар: Ц.Содхүү бол өнөөдрийн яллагдагч, маргаашийн ялтан

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монгол Улсын Үндсэн хуулийн өмнө хэнбугай ч байсан бүгд тэгш эрхтэй гэж бид 20 жил хангалттай бичиж, цэцэрхэж ярилаа. Гэвч хууль гэгч нь зөвхөн дарга, эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтэй хүмүүст үйлчилдэггүй, гагцхүү харц ардуудад зориулсан зүйл байдаг бололтой.

Учир нь сүүлийн үед өрнөөд байгаа улс төрийн үйл явц нь прокурор, шүүх, цагдаагийн байгууллагыг зарим нэг байдлаар сул дорой, эрх зүй чадамжгүй харагдуулах байдал руу санаа зорилготой хөтлөөд байна уу гэлтэй хардалт өөрийн эрхгүй нийгэмд хэдийнээ бий болоод байгааг нуух юун. Энэ байдалд өнөөдөр хэн буруутай юм, хэн энэ байдал руу хөтлөөд байна вэ гэсэн хаяггүй асуулт өөрийн эрхгүй нийгмээс хариултаа эрж байна. Хариулт хаана байна, тэнд ямар нэг байдлаар дарга, эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтэй хүн (бүлэглэл) байдаг нь мөн л хэнд ч нууц биш болсон.

Өнөөгийн сонгуульд 500 гаруй хүн нэр дэвшиж байна. Нэр дэвшиж байгаа хүн наад зах нь ял шийтгэл, өр зээлэнд холбогдоогүй нэр цэвэрхэн байх шаардлагыг СЕХ-оос тавьдаг. Гэтэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхийн шатандаа шалгагдаж байгаа “яллагдагч” гэдгээр нь түүнийг болоод зарим нэг нэр бүхий иргэдийн хамт СЕХ-оос бүртгэхээс татгалзсан. Иргэн Н.Энхбаяраас бусад нь ямар нэгэн бичиг баримтын зөрчилтэй гэдгээр бүртгэгдээгүй бол Н.Энхбаярын хувьд шүүх, прокурорын байгууллагаас ирсэн албан тоот бичгийн дагуу бүртгэхээс татгалзсан юм.

Монгол Улсын иргэний Үндсэн Хуулиараа олгогдсон сонгох, сонгогдох эрх нь шүүхээс эцэслэгдэн тогтоогдоогүй байхдаа ийнхүү анх удаа нэр дэвших шатандаа зөрчигдлөө хэмээн хэвлэл мэдээллийнхэн өнөө хүртэл шуугисаар байна. Үүнд тайлбар авахаар нэр бүхий зарим иргэд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан. Монголын эрх зүй шинжлэх ухааны салбарт анх удаа тохиолдож байгаа энэ үйл явцад ҮХЦ чухам ямар тайлбар хийхийг анхааралтай ажиглан харах л үлдлээ.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяртай ижил шүүхийн шатандаа гурав дахь жилдээ шалгагдаж байгаа нэгэн “яллагдагч” өдгөө Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшчихсэн цохиж явна. Өөрөөр хэлбэл бусдын эзэмшлийн газрыг дээрэмдэн, иргэдийн эрүүл мэнд, амь насанд онц ноцтойгоор бүлэглэн гэмтэл учруулсан “рекэтчин” улс төрийн нам, эвслээс Нийслэлийн ИТХ-д нэр дэвшчээ. Тэрхүү рекэтчин, газрын дээрэмчин нэр дэвшигчийг Цэндийн Содхүү гэдэг аж.

Жирийн иргэнийг амь насаа алдахаас нь наагуур группт ортол нь 30 гаруй залуусын хамт бүлэглэн зодсон рекэтчин Ц.Содхүү нь УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаярын төрсөн дүү... Тиймээс ахынхаа нэр сүр, буянаар энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын XVII тойрогт “Гуравдагч хүчин эвсэл”-ээс нэр дэвшиж байна гэхэд болно.

Түүнд зодуулж, группт орсон иргэн 53 настай С.Ганбаатар нь Монголд хийгддэггүй мэс ажилбар, хагалгаа хийлгэхийн төлөө БНСУ руу 7-8 удаа явжээ. Тэрээр өдгөө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороонд амьдардаг юм байна. С.Ганбаатар гуай, нэр дэвшигч Ц.Содхүүг Сүхбаатар дүүргийн шүүхэд 3 жилийн турш шалгагдаж байгаа, өнөө хүртэл хэрэг нь шалгагдаж дуусаагүй яллагдагч хэвээр байгаа, шүүх хурал нь удаа дараа хойшлогдсон талаарх мэдээллийг энэ долоо хоногт Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. Тэрээр Ц.Содхүүг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрээ эргэн харахыг СЕХ-нд хандан гаргасан өргөдөлдөө хүсчээ. Гурван жилийн өмнө болсон гэх тэр хэргийг шалгах үйл явцын талаар С.Ганбаатар гуайгаас цөөн асуултад тодруулга хариулт авснаа хүргэж байна.

-Нийслэлийн ИТХ-ын XVII тойрогт “Гуравдагч хүчин эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа Цэндийн Содхүүгийн талаар та Нийслэлийн Сонгуулийн хороонд хүсэлт гаргажээ. Юуны учир та Ц.Содхүүгийн талаарх мэдээллийг НСХ-нд гаргаж өгсөн юм байна. Танд чухам юу тохиолдсон юм бэ?

-Одоогоос гурван жилийн өмнө буюу Эх үрсийн баярыг тэмдэглэхээр 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэр бүрээрээ Санзай зусланд амарч байсан. Тэрхүү зусланд манай дүүгийн эзэмшлийн 10 гаруй жил болсон газар байдаг. Дүү маань тэр газарт таэквондогийн спортыг хөгжүүлэх зорилго, сэтгэл өвөртлөн тамирчдад зориулан өвөл, зунгүй бэлтгэл хийж байхаар спорт сургалтын дөрвөн байшин барьсан юм. Гэтэл гэгээн цагаан өдрөөр Цэндийн Содхүү гэгч өөрийн төрсөн ах Ц.Шинэбадам тэргүүтэй 30 гаруй залуусын хамт дүүгийн маань эзэмшлийн хашааг, дөрвөн байшингийн хамт хүүе гэхийн завдалгүй газартай тэгшлэн нурааж буулгасан. Намайг гэр бүлийн хамт амарч байхад гаднаас хүүхэд орж ирээд, хурдлаарай, С.Ганзориг ахыг олон хүн барьж аваад зодож байна гэхээр нь би өөрийн ах дүү нийлсэн арваад хүний хамт дүүгийнхээ эзэмшлийн газар дээр очсон.

Тэнд байсан хамгийн ахмад хүний хувьд, та нар юу болоод хүний газар луу дураараа орж ирээд, хашаа, байшинг нь нураагаад, зодоон нүдээн хийгээд байгаа юм бэ гэсэн. Гэтэл чам шиг хөгшин төгцөгт хамаагүй, ойртвол ална шүү гээд хамгийн түрүүнд намайг цохисон. Би ч унаад, цааш нь босч зугтаасан. Ц.Содхүү ах Ц.Шинэбадамынхаа хамт хэдэн залуустай намайг чулуу, модоор иж бүрэн зэвсэглэн хөөж зодсон. Би босон унан гүйцэгдэж зодуулж явсаар хэдэн хүний тусламжтайгаар тэдний гараас мултарсан. Энэ үед цаана нь мөн бөөн бужигнаан зодоон болж байсан. Манай хүүхдүүд энэ үед намайг машинд суулгаж аваад шууд гэмтлийн эмнэлэгт хүргэхэд миний гурван хавирга хугарсан, тархиндаа гэмтэлтэй, дотуур цус алдалттай гэсэн эмнэлгийн онош гарсан. Түүнээс хойш өдгөө хүртэл гурван жил болоход тэдгээр залуус надаас ганц ч удаа бие чинь яаж байна гэж асуух нь битгий хэл хүний урманд нэг ч удаа уучлал гуйгаагүй шүү.

Би харъяаллынх нь дагуу Сүхбаатар дүүргийн цагдаад гомдлоо гаргаж шалгуулсан. Энэ хугацаанд таван удаа мөрдөн байцаагчаа сольсон. Таван удаа шүүх эмнэлгийн магадлагаа тогтоолгосон. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагч солих тоолонд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж байсан. Учир нь нөгөө талаас эмнэлгийн магадлагааг хуурамч дүгнэлт байна гээд дахин дахин өөр өөр газрын мэргэжлийн эмч нарын нарийн үзлэгээр орж шалгуулж байсан. Тэр болгонд нь нарийн мэргэжлийн эмч нар, гурван хавирга нь хугарсан байна гээд “хүндэвтэр” гэмтэлд тооцон дүгнэлтээ гаргаж байсан юм.

Тэгээд эцэст нь хэргийн материал бүрдсэн гэж үзээд энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх дээр очоод энэ хэрэг гурван удаа буцаж байна. Хамгийн сүүлийн шүүх хурал дээр дахин шүүх эмнэлгийн дүгнэлтийг гарга гэсэн, тэр дагуу дахиад л нарийн үзлэгт ороход нарийн мэргэжлийн эмч нар амь насанд нь аюул учруулсан байна гээд “хүндэвтэр” бус “хүнд” гэмтэл гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтийг дагаад яллагдагчийн зүйл анги нь өөрчлөгдөж шинээр тогтоогдсон юм.

Энэ хооронд би БНСУ руу хоёр удаа явж хагалгаанд орсон. Энд байхдаа нэг удаа цус алдаад маш муу байдалтайгаар эмнэлгийн хяналтанд орсон. Солонгост ах нь зургаан судсаа боолгож байж амь гарсан. Мөн уушиг, цээжний хөндий цус хуралттай байна гээд хоёр удаа миний уушигнаас цус соруулж авсан. Энэ бүхэн өвчтөний картанд үүх түүхээрээ бичээстэй байгаа. Үүнээс болж ах нь насаараа ажил хийх чадамжгүй, өвчтэй нэгэн болж группт орсон. Ах нь урд нь хамгаалалтын алба ажиллуулдаг байсан. Одоо тэрхүү албаа ажиллуулж чадахгүй зогсоосон. Ажил алба болоод эрүүл мэндээрээ маш их хохирч үлдсэн. Гурван сар тутамд нэг удаа гадаад руу эмчилгээнд явдаг. Нэг удаа явахад доод тал нь 7-8 мянган ам.долларын эмчилгээний зардал гардаг. Явах болгондоо зээл авч өр тавьж явдаг.

үүхээр шалгагдаж байгаа хүн өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшчихсэн явж байна. Яагаад энэ хэрэг одоо хүртэл шийдэгдэлгүй сунжраад байна вэ?

-Нэр дэвшигч Ц.Содхүү мэтийн хүмүүсийн төрсөн ах нь хууль тогтоогч УИХ-ын гишүүн болохоор хууль үйлчилдэггүй юм уу, өнөө хүртэл энэ хэрэг шийдэгдэхгүй удаа дараа хойшлогдож байна. Тэд шүүх хурлыг ямар нэгэн шалтгаанаар гурван удаа хойшлуулж чадсан хүмүүс шүү. Хэрвээ жирийн иргэн бид нар хүн зодсон бол аль хэдийн 30 битгийн хэл гурван хоногийн дараа ачигдаад явсан байгаа. Энэ хэрэг одоо Сүхбаатар дүүргийн прокурор н.Мөнхцэцэг гэдэг хүн дээр очсон байна лээ. Удахгүй шүүх рүү энэ хэрэг дөрөв дэх удаагаа очих биз. Түүнээс биш нэр дэвшигч Ц.Содхүү өнөөдрийн хүртэл яллагдагч хэвээрээ байгаа шүү дээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг хүртэл яллагдагч гэдэг утгаар нь СЕХ бүртгэхээс татгалзсан байхад нэр дэвшигч Ц.Содхүүг мөн адил Нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэхгүй байж болох шүү дээ. Ц.Содхүү ямар амь бөхтэй болоод өнөө хүртэл нэр дэвшээд яваад байгааг би ойлгохгүй байна. Өнөөдөр хүн бариад зодсон хүн, маргааш сонгогчдоо захаас нь бариад зодоод яваад байх юм уу...

-Тухайн хэрэг явдал болдог өдөр Ц.Содхүү нарын 30 гаруй залуус согтуу байсан уу, мөн Санзайн зуслангийн газар юу болсон бэ?

-Эрүүл байсан. Харин Санзайн аманд байгаа ихэнх газрыг Ц.Содхүү ах нарынхаа тусламжтайгаар өөрийн болоод ах дүү нарынхаа нэр дээр ам амаар нь хууль бусаар хашаад авчихсан байгаа. Тэдгээр газруудад бид байгаль орчин болон газрын албаны мэргэжилтнүүдийг дагуулан аваачиж үзүүлсэн. Тэд зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд байхад тэд үүнийг авч хэлэлцэж байгаа юм алга. Одоо хүртэл тэр газар дээрээ шинээр байшин барилга бариад л байгаа. Зуслангийн зориулалттай орд харш л барьж байгаа юм шиг байна лээ. Хүний газрыг булаачихаад ингэж дураараа аашилж байна. Одоо Ц.Содхүү сонгуулиар гараад ирэх юм бол энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно. Дээр нь нэмээд газрын дээрмээ үргэлжлүүлэх биз.

-Ц.Содхүүг нэр дэвшээд байгаа талаар цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Цагдаад хандсан. Мөрдөн байцаагчдаа хандсан. Тэд шүүхийн шийдвэр гараагүй учир сайн мэдэхгүй байна. Прокуророос лавла гэсэн хариу өгсөн. Мөн би нийслэлийн Сонгуулийн хороонд энэ талаар мэдэгдсэн. Тэд өнөө маргаашгүй хуралдаж энэ талаар ярилцах байх. Бүх зүйлийг нь нотлох баримттай нь өгсөн байгаа. Ц.Содхүү бол яллагдагчаар татагдсан маргаашийн ялтан шүү дээ. Тийм хүн ингээд сонгуульд нэр дэвшээд явж байгаад үнэхээр гайхах харамсах зэрэгцэж байна. Монголд хууль гэж алга. Шударга ёс алга. Хууль тогтоодог, түүнийг хэрэгжүүлдэг, сахиулдаг хүмүүс өөрсдөө хуулиа завхруулаад, ах дүүгээрэ нийлж луйвар хийгээд явахаар эгэл жирийн ард түмэн үнэхээр хэцүү болох нь байна. Бидэнд шударга ёс ялна гэсэн найдлага алга. Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Гэтэл Ц.Содхүү манай Чингэлтэйд нэр дэвшиж байгаад үнэхээр харамсч байна. Ийм хүмүүс сонгуулиар гараад ирэх юм бол тэд бидний төлөө юм хийхгүй шүү дээ.

Эх сурвалж: Chuhal.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top