АН-ын дарга Н.Алтанхуяг Булганы Д.Түмэнжаргалыг дэмжив

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
Булган хангай нутгийнхан энэ жилийн сонгуулиар өөрчилсөн шиг өөрчилж, шинэчилсэн шиг шинэчлэхийг хүсч байна. Авлига хээл хахуультай тэмцэхийн тулд ялсан шиг ялж, хийсэн шиг хийхээр зорьж буй Ардчилсан намын бодлогыг дэмжиж буй аж.
Архангайд уулзалт хийгээд Булган руу хөдөлсөн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Булган аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Түмэнжаргалыг дэмжихээр очиход танхим дүүрэн хүн цугласан байв. Түүнтэй цуг Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Х.Тэмүүжин, Б.Батбилэг болон Ардчилсан намын даргын зөвлөх С.Отгонбаяр, Булган аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Түмэнжаргал, Булган аймгийн Ардчилсан намын дарга н.Эрдэнэбат нар уулзалтад оролцсон юм.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намынхаа ”Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Төр засаг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдээ асран хамгаалж, хөдөлмөрийн насны залуусаа ажилтай болгох ёстой. Эрүүл чийрэг хүмүүс ажил хөдөлмөрөө эрхэлж, ажлынхаа цалин хөлсийг  шударгаар үнэлүүлж амьдардаг байх нийгмийг бүтээхийн төлөө баялаг бүтээж буй, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсээ Ардчилсан нам дэмжинэ гэдгийг АН-ын дарга онцолсон юм. Түүнчлэн АН-ын дарга Булган аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Түмэнжаргалын талаар ярихдаа “Д.Түмэнжаргал бол манай чадалтай, боловсролтой залуучуудын нэг” гэж тодотгосон.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Авлига хээл хахуультай тэмцэнэ гэдэг хамгийн хэцүү. Авлигатай тэмцэхэд дандаа дарамтад ордог. Өнөөдрийн Монгол оронд нүүрлэсэн авлига хээл хахууль, хууль нь хууль биш болсон нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд, Монголд үүрлэсэн авлигын сүлжээг үгүй хийхийн тулд Ардчилсан намд дэмжлэг хэрэгтэй байна” гэж байлаа.
Тэднийг ийнхүү уулзалт хийхэд танхим дүүрэн цугласан үзэгчид алга нижигнүүлж, санал бодлоо ч бас илэрхийлсэн. “Д.Түмэнжаргал залуу хүн учраас дэмжиж байгаа”, “Ардчилсан нам энэ жил эмэгтэйчүүдээ бусад намаас илүү олноор дэвшүүлсэнд нь талархаж байна, эмэгтэйчүүдийн нарийн ухаан Монголын улстөрд хэрэгтэй байна”, “МАН манай аймагт 91 жил ноёрхлоо, Оюунбат 12 жил ноёрхлоо, одоо болсон”, “Монголын төрийн эрхийг барьж байгаа МАН юуны төлөө ажиллаж байгаа юм бэ. Ард түмний амьдрал сайжраагүй, намынх нь байр долоон тэрбумыг төсвөөс авсан байна. Намын байрныхаа төлөө ажиллаж байна”, “Манай аймагт ирдэг төслийн зээлийг ах дүү, хамаатан садан, найз нөхдийн сүлжээдээ л өгч байна”, “Булган аймаг өнөөдөр Сэлэнгийн Зүүнхараагаас ч дор байна”, “Ардчилсан нам Засгийн газарт хийдгээ хийгээд, хяналтаа тавихаар гарсан нь харин ч эрүүл нийгмийн шударга үзэгдэл” гэх зэргээр иргэд санал бодлоо илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top