Залуус хөшөө дурсгалаа хамгаалж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


Шинэ Улаанбаатарыг бий болгох зорилготой их хотын залуусын “I Love New UB” клубын “My UB-Гоё хот” уриалгын хүрээнд хийж буй ажлуудын нэг өчигдөр амжилттай эхлэлээ тавилаа. Энэ бол “UB-Дурсгал тур” тойрон аялал. Нийслэлд маань байх түүхэн хөшөө, дурсгалуудыг “I Love New UB” клубын залуус анхааралдаа авч, хамгаалахаар боллоо. Хотынхоо түүхийг илтгэх хөшөө, дурсгалыг хүндэтгэж, орчин тойрныг нь цэвэр цэмцгэр байлгах, төрөлх хотынхоо үүх түүхийг мэддэг байх зэрэг олон талын ач холбогдол бүхий “UB-Дурсгал тур” аялал эхлэлээ амжилттай тавьсан.



Маршрутын дагуу залуус бидний хамгийн их очих дуртай газрын нэг Зайсан толгойгоос энэхүү тойрон аялал маань эхэлсэн юм. Зайсангийн хөшөө болон түүний орчин тойрны газрыг цэвэрлэж, түүхэн ач холбогдолынх нь талаар сонссон залуус маань үе тэнгийнхнээ тэнд хог хаяж, орчин тойрныг нь элдэв бичгээр дүүргэж, завааруулахгүй, цаашид хайрлан хамгаалах ёстойг уриалж байна. Биднийг Зайсангаа цэмцийлгэж байх үед гадаадын хэсэг жуулчин тааралдаж, эл ажлыг маань дэмжиж “I Love New UB” клубт маань нэгдсэн юм. Тойрон аяллын эхний ээлжийн үйл ажиллагаанд хамрагдсан 50 гаруй залуус маань зөвхөн Зайсангийн орчин тойрноос 100 орчим тор дүүрэн хог түүж, цэвэрлэсэн билээ.

 
“My UB-Гоё хот” уриалгыг маань илтгэх “UB-Дурсгал тур” тойрон аяллын залуус үүний дараа Сүхбаатарын талбайд байх жанжин Д.Сүхбаатарын хөшөө болон Чингис хааны хөшөөний түүхийг сонссон юм. Үүний дараа Централ таурын өмнөх нийслэлийн бэлгэдэл яст мэлхий бүхий хөшөөний орчимыг цэвэрлэж, дээр нь бичсэн зүйлсийг арилгах байлаа. Гэтэл нийтийн эзэмшлийн энэхүү хөшөөний орчим ийм үйл ажиллагааг явуулж болохгүй гэж Централ таурын удирдлагууд мэдэгдэж, залуусын санаачилсан олон нийтийн ажлыг тасалдуулав. Угтаа бол энэхүү хөшөө нь нийслэлд харьяалалтай нийтийн эзэмшлийн газар боловч Централ таурынхан харж хандаж байгаа гэх боловч мөн л бохирдсон байсан юм. Харин үүнийг нь цэвэрлэж өгөх гэсэн залуусын сайн дурын санаачилгыг дэмжихийг бид хэдэнтээ тайлбарлаад ч хүлээж авахгүй байсан нь хачирхалтай.
 
Ямартай ч, “UB-Дурсгал тур”-д оролцсон залуус маань дараагийн ээлжинд ямар хөшөө, дурсгалт газрыг цэвэрлэж, хамгаалалтдаа авахыг “I Love New UB” клубын залуусаасаа асуухаар боллоо. Уг тойрон аяллаа сард нэг удаа хийж, байнга идэвхжүүлэхийг хүсч буйгаа залуус маань хэлсээр байгаа. Түүхэн хөшөө дурсгалаа хайрлаж хамгаалах нь гоё хоттой байх, хотын соёлын нэг хэсэг яахын аргагүй мөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top