-Хэнтийчүүдийг ИЗНН-ыг дэмжихийг уриалж байна-
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Та саяхан "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Хонгон дээр нь сайн алгадаад зүтгүүлэх улс төрийн хүчин бол АН мөн" гэсэн байсан. Гэтэл Хэнтий аймагт таны хүү Б.Хүдэр-Ян ИЗНН-аас нэр дэвшээд өрсөлдөж байна. Та хүүгээ дэмжиж байгаа юу?
-Монголд орны цаашдын хувь заяаг АН, ардчилсан хүчин дааж авч явах нь түүхийн захиалга болоод байна. Гэхдээ энэ бол АН урьдын МАХН шиг нийгэмд ганцаараа ноёрхоно гэсэн үг биш. ИЗНН бол Монголын ардчилсан хувьсгалын нэрт удирдагч асан С.Зоригийн үзэл санааг тээж, улс орныхоо амьдралын амин чухал зангилаа болсон эх байгаль, уул усаа цэвэр ариунаар хамгаалж хамт хөгжих үзэл буюу ногооны үзлийг баримталж байгаа улс төрийн хүч юм. Ийм болохоор Хэнтий аймагт хүүгээ С.Жаргалын хамт ИЗНН-аас нэр дэвшихэд нь бүрэн дэмжиж сайшаасан.
-Хэнтий аймгийн сонгогчид ИЗНН-ын нэр дэвшигчдийг дэмжиж УИХ-д сонговол юу хожих вэ ?
-Сонгогчид саналаа өгөхдөө хоёр зүйлийг гол болгоно л доо. Эхлээд өөрийн амьдарч байгаа орчин буюу тойрогт нь ямар өөрчлөлт, хөгжил дэвшил ирэх бол гэж бодох нь дамжиггүй. ИЗНН болон түүний нэр дэвшигчдийн хөтөлбөр нь Хэнтий аймгийн амьдралд эрс эргэлт авчирч, бүтээлч хөдөлмөрөөрөө амьдралаа тэтгэх зам мөрийг онож харж чадаж байгаа.Нөгөө талаас, сонгогчид Монголынхоо төрд юу өөрчлөгдөхийг үнэлж цэгнэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн бодлого үлэмж ганхаж, баялгаараа бялхсан Монгол орон гаднаас зээл гуйж, халамж горьдсон хараат орон болж байна. Оюутолгойгоо харийн шунахай этгээдэд өгч тавьчихаад хойч үеийнхэндээ зээлийн өрөөс өөр юмгүй үлдээж байгааг бүгд мэднэ. Тавантолгойгоо тав хувааж хэрчээд түүнийхээ өчүүхэн хувьцааг иргэддээ өгч эхэллээ. Тэр уурхай нь бас л гадныхны эзэмшилд очно. Их ашигтай ажиллаад монголчуудад ашиг хувааж, амьдрал сайжруулах нь юу л бол. Баян чинээлэг тэрбумтнууд төрийн эрх мэдлийг худалдаж авч сонгуулийн үед л өглөгийн эзэд царайлан, бусад цагт улс үндэснийхээ эрх ашгийг хэрхэн наймаалж, халаасаа зузаалдгийг бид хангалттай үзлээ. Төрд гүнзгий нэвчсэн авилгал, хээл хахуулийн сүлжээг эсэргүүцсэн дуу хоолой улам тод сонсогдож байгаа боловч улс нийгмийнхээ халуун цусыг ид шимэн амтанд орж байгаа зартай авилгачид бөөн бөөнөөрөө л нэр дэвшээд явж байна. Ийм байхад монголчуудын амьдрал тэгширч, хөгжил дэвшил ирэхгүй. Төрийн эрх баригчдыг солих нь Монголчуудын язгуур эрх ашгийн тулгамдсан шаардлага боллоо. Хойч үеийнхээ амьдралыг зээлийн барьцаанд тавьж, халамжийн шавхруугаар иргэдээ хуурдаг төрийг заавал өөрчлөх шаардлагатай. Монгол төрд шинэ, шударга, хүмүүнлэг хүч ус агаар шиг хэрэгтэй болжээ. Ийм үед Хэнтийчүүд ИЗНН, түүний нэр дэвшигчдийг дэмжвэл улс орныхоо гэрэлтэй ирээдүйд их хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
-Хэнтийд таны дэмжиж байгаа нэр дэвшигчдийг нутгийн зон олон ч бас дэмжиж байгаа юм билээ?
-Тэгэлгүй яахав. ИЗНН-аас нэр дэвшсэн С.Жаргал нь аймгийнхаа засаг даргын албыг дөрвөн жил хашиж, МАХН төрийг эрхшээж байсан үед ч чамгүй ажилласан гэж нутгийнхан ярьдаг юм.Б.Хүдэр-Ян хүүхэд насныхаа зуныг Онон, Хурхынхаа хөндийд өнгөрөөж өссөн. Хөдөөний амьдралыг сайн мэднэ. Хөлсөө дуслуулж талхаа олж иддэг ажилчин хүн, толгойгоо ажиллуулж техниктэй харьцах инженерийн амьдралыг ч туулсан. Улс төрд орж төрдөө чин үнэнч зүтгэхийн утга учрыг манай хүүхдүүд сайн мэднэ.Энэ хоёр хүний ард нь зөв үзэл баримтлалтай, цэвэр нэр төртэй улс төрийн хүчин байгаа болохоор сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлэхгүй гэдэгт эргэлздэггүй.
-Хэнтийд ИЗНН-ыг дэмжлээ гээд АН-ынхан танд яаж хандах бол ?
-Хэнтий аймагт ИЗНН-ыг дэмжлээ гээд ардчилалд ч, АН-д ч хохирол болохгүй. Сүүлийн 12 жил АН Хэнтийн тойрогт МАХН-д шахагдаад одоо ч тэр л замаараа явж байна шүү дээ.
Ж.Байгальмаа
Сэтгэгдэл ( 0 )