Хан-Уул дүүргийнхэн ардчилсан сонголтоо баталгаажуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өчигдөр Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой уулзсан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг оройдоо Хан-Уул дүүргийн Нисэх орчмын иргэд сонгогчидтой уулзалт хийсэн байна.

Уулзалтад Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигч н.Буяндалай, н.Цэрэнбат болон ардчиллын алтан хараацайнуудын нэг МУГЖ Д.Сосорбарам, шинэ үеийн ардчилагч залуусын төлөөлөл болох МУСТА жүжигчин Амараа, ардчиллын дууч Quizaнар оролцжээ.
Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн уулзалтыг нээж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг "Ардчиллыг дэмжиж, итгэл хүлээлгэж ирсэн Хан-Уулчууддаа Ардчилсан нам үргэлж талархаж байдаг. Та бүхэн Ардчилсан намыг үргэлж дэмждэг. Энэ жил ч гэсэн Ардчилал, ардчиллын залуустаа дахин итгэл хүлээлгэж сонгоно гэдэгт итгэж байна. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд итгэл даах, хариуцлага хүлээх чадвартай, шинийг сэдэж хэрэгжүүлэх, шилдэг 76 охид, хөвгүүдээ ард түмэндээ илгээсэн. Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хүний эрхийн төлөө тэмцэгч, намынхаа лидер бүсгүйчүүдийн нэг Ц.Оюунгэрэл нарыг дэвшүүллээ. Хан-уул дүүрэгт нэр дэвшиж байгаа манай хоёр нэр дэвшигчийн хувьд ард түмнийхээ төлөө ажиллаж, төрийн бодлого тодорхойлоход хүчин зүтгэж чадах, боловсрол мэдлэгтэй залуус юм. Харин Нийслэлийн ИТХ-д Хан-Уул дүүрэгт манай намаас н.Байдраг, Б.Түвшин, н.Буяндалай, н.Цэрэнбат, Ю.Идэрцогт нар нэр дэвшиж байна. Нийслэлд нэр дэвшиж байгаа залууст маань Хан-Уулчууд итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь 2008 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар нийслэлийн 9 дүүргээс зөвхөн Хан-Уул дүүрэгт манай нам ганцаараа ялалт байгуулж байсан. Тийм учраас Хан-Уулчууд маань энэ жил сонголтоо дахин баталгаажуулж Ардчилсан намыг сонгоно гэдэгт итгэж байна" гэсэн юм.
Уулзалтын үеэр Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч Л.Болд, Ц.Оюунгэрэл нар намынхаа хүн төвтэй, хүний хөгжлийг эрхэмлэсэн "Монгол хүн" хөтөлбөрийн талаар иргэдэд тайлбарласан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд "Өнөөдөр Монгол хүн бүр Ардчилсан намын амласан Эрдэнийн хувийн 1072 ширхэг хувьцаанд эзэн суугаад байна. Бид хэдийгээр олонх болоогүй ч хамтарсан Засгийн газарт орж намынхаа Эрдэнийн хувийг бодит ажил болгосон" гэсэн бол Ц.Оюунгэрэл "Ардчилсан нам иргэн бүрийг газартай болгоно. Тэр дундаа нийслэл хотод оршин суудаг иргэд 0,7 га газраа өмчлөх эрхтэй болох болно"гэлээ.
Иргэдийн хувьд Хан-Уул дүүрэгт илгээсэн Ардчиллын багт амжилт хүсч, олуулаа ялахын ерөөл өргөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top