Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болох хугацаа ойртлоо. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Пүрэв гарагт улс орон даяар 7-20 цагийн хооронд явагдана. Төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хуралд өөрийгөө төлөөлөх төлөөлөгчөө сонгох сонголт нь сонгогч Та бүхэнд ногдож буй асар том хариуцлага юм.
Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд улс төрийн 11 нам, 2 эвсэл оролцож, тэдгээрээс болон бие даан нэрээ дэвшүүлж 354 хүн 26 тойрогт өрсөлдөж байна. Үүнээс гадна нам, эвслийн нэрийн жагсаалтад 190 хүн бүртгэгдсэн бөгөөд нам, эвсэлд нь өгсөн саналын тоогоор хувь тэнцүүлэн суудлыг хуваарилна.
Сонгогч санал авах байранд өөрийн биеэр очиж саналаа өгөхдөө иргэний үнэмлэхээ авч очоорой. Хэсгийн хорооны санал авах байранд байрлуулсан санал тэмдэглэх бүхээг бүрийн доторх, мөн саналын хуудсанд бичигдсэн санал тэмдэглэх талаарх заавартай Сонгогч Та бүхэн сайтар танилцаж саналаа тэмдэглээрэй.
Нийслэлийн сонгогчид Улсын Их Хуралд нэр дэвшигчдэд санал өгөхийн зэрэгцээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн төлөө саналаа өгнө. Та Улсын Их Хурлын сонгуулийн санал тэмдэглэх хэсэгт саналаа тэмдэглэсний дараа саналын хуудасны ард байгаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчид болон нам, эвслийн төлөө саналаа өгнө. Саналаа тэмдэглэж дуусмагц санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа хийнэ.
Та саналаа илэрхийлэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэсэн, саналын хуудсаа хүчингүй болгосноо мэдсэн бол түүнээ хайрцагт хийхээсээ өмнө сонгуулийн хэсгийн хороонд мэдэгдэж, хуудсаа хураалган, ахин нэг хуудас авч саналаа өгч болно.
Сонгогч бүр иргэнийхээ үүргийг биелүүлж, Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгоход идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хороо Та бүхэндзэ уриалж байна.
МОНГОП УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Сэтгэгдэл ( 0 )