- АН-ын дарга Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллав-
Ирээдүйн Монголын хөгжлийн түүчээ Дорноговьчууд олуулаа гаргасан шийдвэр зөв байдагт итгэж байна. Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж буй Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Дорноговь аймагт ажиллав.
Дорноговьд очсон дарайдаа АН-ын дарга Сайншанд хотын хаалган дээр байгуулсан цэцэрлэгт хүрээлэнтэй танилцсан. Элсэн тал нутагт модот цэцэрлэгт хүрээлэн байгуулчихсан, ирсэн гийчдээ ногоон цэцэрлэгт хүрээлэнгээр угтах болсон нь Дорноговийг ёстой л өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг өнгөлөг харагдуулна лээ. Тийм ч болохоор АН-ын дарга Н.Алтанхуяг ”Хийх хүн аргаа олдог гэдэг. П.Ганхуяг дарга арлын оронд сурч байсны хувьд аймагтаа юм хийх талаар арай өөрөөр сэтгэж чаджээ. Ардчиллын залуучууд энэ аймгийг аймаг шиг болгох эхлэлийг тавьсан байна” гэж байв.
Нээрээ л аль ч аймагт санаачлаагүй ажлыг тэд санаачилж, хөгжлийн бодлогынхоо суурийн зөв тавьжээ. Босоо тэнхлэгийн замыг эхлүүлсэн, Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах ажлыг төрийн бүх шатны байгууллагаар нь хүлээн зөвшөөрүүлж, нутгийнхаа хөгжлийг Монголын хөгжил болгож хувиргахаар ажиллаж буй нь УИХ-ын гишүүн Я.Батсуурь болон нутгийн удирдлагуудын чин сэтгэлийн илэрхийлэл гэхээс аргагүй юм. Учир нь аль ч аймагт ийм том төлөвлөлт хийгдээгүй байгаа билээ.
Дорноговь дөрвөн гишүүнтэй болно
АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын ҮЗХ-ны гишүүн Т.Батмагнай, УИХ-д АН-аас жагсаалтаар нэр дэвшигч Г.Байгалмаа, Дорноговь аймгийн Засаг дарга, Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч П.Ганхуяг, Дорноговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Я.Батсуурь нар Дорноговьчуудтай уулзалт хийв.
АН-ын дарга энэ үеэрээ “Дорноговь аймгийнхан Ардчиллын залуучуудыг сонгож, УИХ-ын гишүүнээр Я.Батсуурийг сонгосноор орон нутгийн иргэдийн санаачилга төрийн түвшинд хүрч, бодлого болж хэрэгжиж байна. Хөгжлийн бодлогынхоо суурийн зөв тавьж чадсан энэ хүмүүстээ дахин итгэл хүлээлгэж, эхлүүлсэн ажлыг нь гүйцээнэ гэдэгт Дорноговьчууд та бүхэндээ итгэж байна. Дорноговь аймагт их бүтээн байгуулалтын том том ажлуудын төлөвлөгөө байгаа учраас Ардчилсан нам Дорноговь аймгаас гаралтай дөрвөн хүнийг УИХ-д нэр дэвшүүлээд байгаа. Ардчилсан нам ялалт байгуулбал Дорноговь аймгийн тойрогт нэр дэвшиж байгаа Я.Батсууриас гадна жагсаалтаар нэр дэвшигч Г.Байгальмаа, П.Ганхуяг, А.Гансүх нар УИХ-ын гишүүн болж, Дорноговьчууд та бүхний төлөөлөл болж, хөгжлийн төлөө олуулаа зүтгэх боломж байна. Бид аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүдийг энд тэнд эрээвэр хураавар байдлаар хийхгүй. Бүх үйлдвэрийг Дорноговьд цогцоор нь барих ёстой гэж төлөвлөж байгаа. Төмөр зам, цахилгаан станц барих зэрэг бүтээн байгуулалтын олон ажил зэрэг өрнөнө. Энэ бүхнийг эрчимтэй эхлүүлэхийн тулд Я.Батсуурь гишүүнээ Ардчилсан намтай нь сонгоорой” гэж байлаа.
Ер нь энэ сонгуулиар ямар нэг нам ялалт байгуулах нь чухал биш, хамгийн гол нь ард түмэнтэйгээ хамтраад бодлогоо хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Ардчилсан нам олуулаа хүн шиг амьдрахын төлөө “Монгол хүн” хөтөлбөрөө боловсруулж, олон жил оршин тогтносон шударга бус байдал, хээл хахуулийн тогтолцоог өөрчлөхөөр бодлогоо чиглүүлсэн. Бидний бодлого хэрэгжихийн тулд ялалт шиг ялалт хэрэгтэй байна, хийсэн шиг л хийх хэрэгтэй байна гэдгийг АН-ын дарга онцоллоо.
Олуулаа гаргасан шийдвэр буруу байдаггүй
АН-ын даргыг Дорноговь аймагт очих үеэр ахмад залуу үеийн төлөөлөл Ардчилсан намыг сонгож байгаагаа илэрхийлж үгээ хэлсэн бол зарим нь Ардчилсан намд элсэж байлаа. Тухайлбал Т.Тогтохбаяр, н.Энхцэцэг, н.Болдхүү, н.Пүрэвсүрэн нар АН-д элсэж, АН-ын даргаас намын батлахаа гардав.
Намын шинэхэн гишүүн болсон Т.Тогтохбаяр “Би нам улстөр сонирхож байгаагүй, бизнес л хийж явсан хүн. Гэхдээ өнөөдөр би намын шинэ гишүүн болж буй энэ сонголтоо хоёр хүүхдийнхээ төлөө хийж байна. Яагаад гэвэл ирээдүйд хоёр хүүхдэдээ өгч чадах зүйл бол ардчилал, эрх чөлөө юм. Оуулаа бодсон бодол заавал зөв байгаа гэдэгт би итгэж энэ сонголтыг хийж байна. Олуулаа хүчтэй” гэж байлаа.
Мөн ахмад настан Дорждэрэм “90-ээд онд хориодхон настай байсан залуучууд одоо тулхтай улстөрчид болжээ, баяр хүргэе” гээд Я.Батсуур, П.Ганхуяг, Г.Байгалмаа,нарт амжилт хүслээ.
Мөн иргэн А.Цавшир “Бид ардчилалтай болсноор өмчтэй, газартай болсон. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийллэг, гадаадад зорчдог болсон, Равжаа хутагтаа шүтэх эрхгүй байсан бол одоо ардчиллын буянаар Равжаа хутагтаа дэлхийн хэмжээний хүн болгож бадлаа. Энэ бол ардчиллын буян. Я.Батсуурь гишүүн маань авлига хээл хахуультай иргэний зориг гаргаж тэмцдэг цөөхөн хүний нэг нь байдагт баяртай байдаг. Дорноговь аймагт Ардчилсан залуучууд гарснаар аймгийн төсвийн мөнгө анх удаа ил тод шударга болсон. Энэ бол тэднийг дэмжихгүй байхын аргагүй шалтгаан юм” гэж тодотгож байлаа.
М.Уранаа
Сэтгэгдэл ( 0 )