Уул уурхайн салбарын нэгэн шинэлэг томоохон арга хэмжээ болох "Mongolia Mining-2011" үзэсгэлэн Мишээл төвд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь “Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа–Үндэсний эдийн засгийн хөгжлийн түлхүүр” уриан дор уул уурхайн үйлдвэрлэгчдийг шаардлагатай бүх төрлийн бараа материалын ханган нийлүүлэгчидтэй холбох зорилгоор зохион байгуулагдаж гэж байна. Дээрх үзэсгэлэнг Австрали-Монголын хамтарсан "Майнекс Монголиа" ХХК, Эрдэс баялаг эрчим хүчний яам болон Үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.
Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн ханган нийлүүлэгчид, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагууд, өрөмдлөгийн компаниуд, барилга угсралтын компаниуд, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл нийлүүлэгчид, уул уурхайн нөхөн сэргээлт явуулдаг байгууллагууд, усны нөөцийн хайгуул, судалгааны компаниуд, кэйтэринг, ложистикийн компаниуд, тээвэр, холбооны үйлчилгээ үзүүлдэг компаниуд гэх мэт үйл ажиллагааны чиглэлээрээ Монгол улсдаа тэргүүлдэг нийт 70 орчим байгууллага оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм байна.
Үзэсгэлэн 2011 оны 4 сарын 15, 16-ны өдрүүдэд 2 өдрийн турш 9.00-18.00 цагт Мишээл экспо төвд болох бөгөөд 4 сарын 15-ны 11 цагт албан ёсны нээлтийн ажиллагаа болно. Нээлтийн ажиллагаанд Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Уул уурхай хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү, "Майнекс Монголиа" ХХК-ийн захирал Австралийн Сиднейн уул уурхайн клубын ерөнхийлөгч Жулиан Малник, элчин сайдууд, томоохон уул уурхайн компаниудын удирдлага болон салбарын төрийн болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Уул уурхайн салбарын хайгуул, олборлолт, бүтээн байгуулалтын их ажил өрнөхийн өмнөхөн болж, шаардагдлагатай бүхий л бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээг нэг дор дэлгэн харуулж байгаагаараа энэ салбарын ажилд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа билээ. Тийм учраас уул уурхайн салбарынхан хэрэгтэй хүнтэйгээ уулзаж, хүссэн мэдээллээ авахын тулд энэ 2 өдрийн хугацаанд "Mongolia Mining-2011" үзэсгэлэнд саатан зочлох зайлшгүй чухал үйл ажиллагаа болж байгаа юм.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )