Эдийн засагч Д.Жаргалсайхан таны УИХ-д дэвшигч надад тавьсан арван асуултын тань хариу

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

1. Таны Их Хурлын гишүүн болох туйлын зорилго юу вэ? Хамгийн чухал гурван зорилтоо хэлнэ үү?  Энэ бүхэн чин үнэн гэдгийг эх, эцгийнхээ нэрийг барьж тангараглаж чадах уу?  Та үүндээ бүрэн итгэлтэй байна уу?  

  Миний бие 2008 онд явагдсан УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт Монголын Ногоон Намаас нэр дэвшихдээ “Эрүүл нутаг, эрүүл нийгэм, эрүүл төр” уриатай оролцсон юм. Энэ бол миний эргэлт буцалтгүй туйлын зорилго гэдгийг бурхан болсон аав, амьд сэрүүн байгаа ээжийнхээ нэрийг барин тангараглаж байна. Өөртөө тавьсан энэ тангарагтаа би үхэн үхтлээ үнэнч явна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Үр ач нартаа ч бас давхар андгайлж байна.

2. Монголын үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой заналхийлж байгаа засаглалын авлигыг хаанаас нь эхэлж цэвэрлэх вэ? Улаанбаатар хотын газар болон ашигт малтмалын лицензийн наймааг удирдаж байгаа төрийн зохион байгуулалттай гэмт хэргийг яаж зогсоох вэ? 

Энэ удаа ИЗННамаас УИХ болоод НИТХ-д нэр дэвшиж байгаа бүх хүмүүс үүнийг  өөрсдөөсөө эхлэн хийх ёстой гэж үзэж байгаа. Эс чадваас бид эгүүлэн татагдах хариуцлага үүрэх учиртай. Бид намаасаа нэр дэвшин батламж авахдаа бүгдээрээ ингэж тангараглацгаасан юм. Хоосорч ядуурсан үедээ та эд хөрөнгөө бүр аргаа барвал орон байраа худалдаж, барьцаалж болно. Харин эх орноо хэзээ ч худалдах ёсгүй. Ингэвээс эх орноосоо урвагч гэдэг нэр хочийг өөрөө төдийгүй үр хүүхэд минь үүрнэ гэдгийг би хатуу ухамсарлаж байна. Дээрх авилгын сүлжээг таслан зогсооход биднээр зогсохгүй Монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Одоогийн “Ашигт малтмалын” хуулийн 49.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж болно. 51.1 Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болно гэсэн  бурангуй зүйлүүд буй. Мөн хуулийн 17.4-т Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 мянган гектараас ихгүй байна. 17.5. Нэг хуулийн этгээдэд олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй..    гэх мэт хэрээс хэтэрсэн айхтар заалтууд  буй.  Ер нь өмчилсөн биш эзэмшиж буй газрыг өөрийн өмч мэт бусдад худалдаж болдог хуулийн хуудуутай заалтуудыг хүчингүй болгохын төлөө би сүүлийн арван жилийн турш тэмцэж ирсэн, цаашдаа ч  энэ тэмцлээсээ ухрахгүй гэдгээ ард түмнийхээ өмнө дахин амалж байна.

3. Та муур хулганын үлгэр шиг болсон гол мөрөн, ойн сав газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахыг хориглосон “урт нэртэй хуулийг” хэрэгжүүлж чадах уу?  Энэ хуулийг анхнаасаа байгаль орчны төлөө ТББ-ууд санаачлан УИХ-аар батлуулахын тулд зарим нь өлсгөлөн хүртэл зарлан тэмцэж байсныг та мэднэ.  Хууль батлагдаад таван жил өнгөрлөө, эрх баригч МАНАН хуулийг хэрэгжүүлэхийн тулд хуруугаа ч хөдөлгөсөнгүй, харин ч нэр бүхий зарим гишүүд энэ хуулийг өөрчлөнө гээд төсөл барьчихсан гүйлдэж явахыг бид харлаа. Байгаль орчны чиглэлээр ажилладаг 400 шахам байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн удирдах зөвлөлд 2008 онд сонгогдон сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаагийн хувьд энэ хуулийг хэрэгжтэл өөрийн эхэлсэн тэмцлээ зогсоохгүй үргэлжлүүлнэ. Бидэнд өнөөдөр уух ус, ургаа мод хэрэгтэй юу? эсвэл алт чухал уу? гэдгийг сонгох цаг нэгэнт болсон, харин ч бүр хэтэрхий оройтоод байна.

4. Та манлайлагч мөн үү? Шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлж чадах уу?  Өнгөрсөн сонгуулийн үймээнээр нэг намын байр, соёл урлагийн ордон шатсан ч төрийн эрх баригчид төсвийн 14 тэрбум төгрөгөөр сүрлэг том ордон барьсан атлаа соёл урлагийн ордныг шатсан балгас хэвээр нь үлдээсэнд та ямар дүгнэлт хийж байна вэ? Таван хүнийг хэн буудаж алсныг мэдэн будилж, улс төрийн жүжиг тавьсаар дараачийн сонгуулийг хүргэж байгааг юу гэж үзэж байна вэ? 

 Эхний асуултанд би өөрөө биш миний удирдлага доор ажиллаж байсан тэр үеийн ХХААЯ, ХААИС-ийн багш, оюутнууд, Мянганы сорилтын байгаль орчны албаны ажилтнуудаас асуувал илүү баталгаатай юм ярих болов уу. Харин сүүлчийн асуултын хариуг тэр үеийн эрх баригчид, одоогийн сонгуульд нүүрээ ширлэчихээд оролцож байгаа этгээдүүдээс эрэх нь зүйтэй биз дээ. Миний зүгээс үүнд өгөх хариулт бол жирийн түмнээс тэдний энэ үйл ажиллагаанд тавьж буй дүнгээс явч зөрөхгүй гэдэгт итгэлтэй байна.

5. Эх орноо хөгжүүлэн бадраах их үйлсийг удирдан жолоодоход Та өөрийнхөө мэдлэг, боловсрол, ёс зүй, соёл, гадаад хэлний чадвараа хангалттай гэж дүгнэж байна уу? Даяаршсан Монголыг дан хэлээр удирдах боломжгүй шүү.

  ОХУ-ын Эрхүү, Москва хотуудад сурч боловсорч амьдралынхаа арван жилийг өнгөрөөсөн учир орос хэл миний хоёр дахь хэл. Харин англи хэлийг нэлээд хожим хойно үзсэн ч энд тэндхийн орнуудад зохиогдсон олон улсын хурал цуглаанд хорь гаруй удаа оролцож байгаль орчны чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ, англи хэлнээс хэд хэдэн ном орчууллаа, Мянганы сорилтын сангийн төслийн бичиг баримтыг анхнаас нь англи хэлээр  боловсруулахад оролцлоо, хэнбугайд нь ч миний англи хэлний мэдлэг гологдоогүй.

6 Та том томоор намдаа хандив өргөн “лангуу биш дэлгүүрийг” нь бүхэлд нь худалдаад авчихдаг “үнэмлэхүй авлигачдын” нэг үү?

  Би амьдралдаа хэнээс ч авилга авч үзээгүй, бусдад өгье гэсэн сэтгэл ч байхгүй, халаас хоосон нэгэн.

7. Та Их Хурлын гишүүн болоод юуны өмнө хувийнхаа хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй байна уу?  

  Би өнөөдөр амьдрах байртай, унах унаатай, хүүхдүүд бүгд тусдаа гарсан учраас надад хувийнхаа хэрэгцээг хангахад одоогийн их хурлын гишүүний цалин болох сая төгрөг элбэг хүрэлцэнэ. Үүнд элдэв зүйлийг төлөвлөх шаардлагагүй.

8. Та Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын, иргэд бидний нүүр царай болно. Таны үг яриа, үйл ажиллагаа олон хүнд, ялангуяа залуучуудад зөв сайхан үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байна уу?

  1985 оноос хойш ХААИС төгссөн мянга мянган залуус хот хөдөө хаана ч таарсан намайг “багш аа” гэж хүндэлдэг, байнга санал зөвлөгөө авдаг юм. Энэ нь би тэдэнд өөрийнхөө үлгэр жишгээр амьдралд нь үлгэр дууриал үзүүлж чадсаных юм болов уу гэж боддог, цаашдаа ч энэ имижээ хадгалаад явахаас өөр сонголт надад байхгүй.

9. Таны сонгуулийн сурталчилгааны зардал хаанаас гарсан бэ? Хэнээс хичнээн хандив авснаа сонгуулийн нярав тань тодорхой бүртгэх ёстой.  Тайлангаа ялсан ч, үгүй ч гаргах ёстой. Та баахан өр тавьж төрийн эрхийг авмагцаа зээлдэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан хууль журам гаргах, тендерт ялуулах, албан тушаал бэлэглэх зэрэг замаар төлөх гэж байгаа бол үүнийг засаглалын авлига гэдэг. Хуулиар таныг шийтгэх болно гэдгийг сануулья.

  Би сурталчилгааныхаа зардлыг одоо хүртэл бүрэн бүрдүүлж чадаагүй яваа жирийн амьдралтай нэгэн. Зорилго нэгт нам маань болох бүтэхээрээ тусалж байна. Ах дүүс найз нөхдөдөө ард түмэндээ энэ талаар хандсан байгаа. Анхнаасаа зай барьж явсан болохоор надад бизнесийн бүлэглэлд ажилладаг баян найз нөхөд алга. Хүнээс юм гуйж үзээгүй надад хандив босгох гэдэг чинь хамгийн хэцүү даваа юм байна. Гэхдээ олны төлөө гэсэн сэтгэл зориг байгаа болохоор бүтэж л таараа. Мөнгө цацаж байгаад их хуралд гардаг биш харин эсрэгээрээ тэднээс дэмжлэг тусламж авч байгаад төрд сонгогддог ардчилсан орны жишгээр яагаад явж болохгүй гэж.

10. Их Хурлын гишүүн болбол Та ард түмнийхээ дарга нь биш зарц нь болж буйгаа хүлээн зөвшөөрөх үү?  Та төрийн ажлыг мэргэжил гэж ойлгоод үр хүүхдэдээ уламжлуулан, эзэмшүүлэхийг хичээж байгааг юу гэж үздэг вэ?

Миний аав Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Т.Шарав Халх голын дайны үед цэргийн албыг таван жил хааж, маршал Х.Чойбалсан гуайн цайг нь хүртэл зөөж өгч явснаараа байнга бахархдаг жирийн ажилчин хүн байсан. Би харин өөрөө эр цэргийн алба хаагаагүй учраас эх орондоо ихээхэн өртэй хүн. Хэрэв Сонгинохайран дүүргийн сонгогч олон надад итгэл хүлээлгэвэл үлдэж байгаа насандаа ганц удаа боловч ард түмнийхээ зарц болоход бэлэн, бүр мэдэхгүй чадахгүйдээ хүрэх юм бол сонгогчдынхоо шахалтаар биш өөрийнхөө санаачлагаар нэрээ татахад ч бэлэн. Харин төрийн өндөрлөгт оччихоод дорвитой хийсэн бүтээсэн юмгүй мөртлөө буг болтлоо тэнд шигдэх, тэр бүү хэл үр хүүхдэдээ үе залгамжлуулна гэдэг эрүүл ухаантай хүний хувьд байж болшгүй ёс бус үйлдэл. Ямар хойд Солонгос, Куба биш, өнөөдөр бид чинь хаант засаглалтай бус ардчилсан төртэй оронд амьдарч байгаа биш бил үү?

                 Таны хүндэтгэсэн,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшигч доктор Шаравын Пүрэвсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top