УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Төв аймагт Ардчилсан нам 1996 онд л хоёр суудал авч байснаас бусдаар бол Их хуралд ч тэр орон нутгийн сонгуульд ч тэр олонхи болж байсан удаагүй. Ардын нам /хуучнаар МАХН/ олон жил тус аймагт засгийн эрх барьсан ч өдийг хүртэл ард иргэдийнхээ амьдрал ахуйд нөлөөлөхүйц ажил хийгдээгүй хөгжлөөс хоцрогдож эхэлсэн тул Төв аймгийн энэ удаагийн сонгуулиар цус сэлгэхээр шийдсэн гэнэ. Малаар бол олон жил ганц хуц ухна тавихаар үйлдвэр угсаа, бие хаанаас эхлээд бүгд мууддагтай адил ганц нам эрх барьсан Төв аймгийнхан өөрчлөлт хийх цаг нь болсон гэж үзэж байна. Тэгээд ч өнгөрсөн сонгуулиар Ардын намын М.Энхболд тэргүүтэй гишүүд айл болгонд комикс ном тарааж Хөшигийн хөндийд онгоцны буудал барина, Зуун модод их дээд сургуулийн цогцолбор барина, цалин тэтгэврийг 3 дахин нэмж өрхийн орлого саяас доошгүй хэмжээнд хүргэнэ гэхчилэн маш олон амлалт өгч үлгэрийн ном тараасан ч харамсалтай нь өнөөдөр ажил хэрэг болсон нь тун ховор гэнэ. Тиймээс ч энэ удаад Төв аймгийнхан хөгжлийн төлөө хамтдаа, олуулаа нэгдэж өөрчлөлтийг хийхийг хүссэн нь судалгаагаар ч харагдах болжээ. Урьдчилсан санал асуулгаар тус аймгаас хоёрдох удаагаа нэр дэвшиж буй Д.Доржпүрэв өндөр саналтай яваад өрсөлдөгчид нь ч сандарч эхэлсэн сурагтай. Тэрээр 2008 онд тус аймгаас Их хуралд нэр дэвшиж цөөхөн хувиар ялагдсан бөгөөд гэсэн ч аймаг орон нутгаа орхилгүй аймгийнхаа Ардчилсан намын даргаар ажиллахдаа багагүй ажил хийсэн, 2006 онд Угтаал цайдам сумыг төвлөрсөн халааллттай болгосон ажлаа өнөөдөр үргэлжлүүлэхээр бэлтгэлээ хангаад байгаад нь орон нутгийн иргэд итгэлээ өгч олонхиороо дэмжих үндэслэл болж буй гэнэ. Улстөрд зүтгэж буй ардчиллын шилдэг залуучуудын нэг гэгддэг тэрээр өнөөг хүртэл ямар нэгэн муу зүйлд нэр хутгалдаагүй, хөдөлмөрч төдийгүй олонтой нэгэн гэдгээрээ өндөр оноо авч буй Д.Доржпүрэв энэ удаад Төв аймгаас нэг суудал намдаа авчирах нь гарцаагүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )