Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав УИХ-ын 2012 оны сонгуулийг ажиглахаар манай оронд хүрэлцэн ирсэн БНСУ-ын Кёнги аймгийн сонгуулийн комиссын газрын Ерөнхий захирал ноён Сон Жон Жун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр СЕХ-ны дарга Н.Лувсанжав УИХ-ын энэ удаагийн сонгуулийн онцлог, бэлтгэл ажлын талаар танилцуулахдаа, сонгуулийн хууль шинэчлэгдсэний зэрэгцээ бүртгэх, санал тоолох автоматжуулсан системийг ашиглах, гадаадад байгаа монгол иргэдийн санал авах, парламентын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулж явуулах зэрэг шинэ бөгөөд анх удаа хийгдэж байгаа олон зүйлс байгааг онцлон хэллээ. Үүнтэй холбоотой Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос иргэд сонгогчдод шинэ мэдээлэл хүргэх асуудалд ихээхэн анхаарч, энэ хүрээнд сурталчилгааны олон хэлбэрийг ашиглаж ажиллаж байгаагаа дурьдлаа. Сонгуулийн дараа алдсан, оносноо бодитой үнэлж дүгнэн улмаар цаашид сонгуулиа улам боловсронгуй болгоход анхаарч ажиллах болно гэлээ.
Тэрээр хоёр орны сонгуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинг өндөр үнэлээд тэдгээр нь олон жилийн түншлэл, харилцааны туршлагатайг онцлон тэмдэглэхийн сацуу Хамтран ажиллах баримт бичгийн үзэл санааны дагуу хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо парламентын сонгуульдаа автоматжуулсан систем ашиглах гэж байгааг сонсоод гайхаж биширлээ. Энэ бол их хэрэгтэй зүйл тул Танай туршлагыг их сонирхож байна гэдгээ БНСУ-ын сонгуулийн ажиглагчдын багийн ахлагч онцлон тэмдэглэв.
Кёнги аймаг нь 9 сая сонгогчидтой бөгөөд байнгын ажиллагаатай сонгуулийн байгууллагад нь 380 хүн ажилладаг ажээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглахаар 7 улсын 60 гаруй ажиглагчид Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж ажиглагчийн үнэмлэх аваад байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )