Өнөөдөр сонгуулийн сурталчилгааг хаах өдөр. ИЗНН-ын сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээн дээр хэлсэн үг
ИЗНН-ын дарга С.Оюуны хэлсэн үгийг сийрүүлэн хүргэж байна.
Иргэний зоригтой, ногоон бодолтой журмын андуудаа!
Та бид санаа бодлоо, хүч боломж болгоноо дайчлан ажилласны үр дүн гарах цаг боллоо. Хоёрхон хоногийн дараа Иргэний Зориг Ногоон нам шинэ амжилтад хүрснийг сонгуулийн дүн гэрчлэн харуулна гэдэгт итгэж байна.
Та бидний улс төрд оролцох болсон зорилго эрхэм бөгөөд ариун тул үйлс маань, явсан зам мөр маань мөн ариун билээ. Ард түмнээ, улс орноо гэх бидний чин сэтгэл, эрхэм зорилго ямагт олны дэмжлэг хүлээх болно. Үүнд та бид эргэлзэх учиргүй ээ. Энэ жилийн сонгуулийн дүнгээр ИЗНН нь УИХ-д хүчтэй төлөөлөлтэй болох ёстой гэж та бид үзсэн. Хоёр хоногийн дараа сонгогчид маань өмнөхийн адилаар нэр дэвшигчдэд саналаа өгөхийн зэрэгцээ итгэж найдсан улс төрийн хүчнээ сонгон саналаа өгөх болно. Олон түмний саналыг УИХ-д илүү шударга, үнэн зөвөөр тусгах боломжийг энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтүүд олгосон юм.
Нэр дэвшигчдийнхээ улс орноо гэсэн чин хүслийг, намынхаа зорилго, зарчмыг олон түмэнд таниулахын тулд, олон жилийн турш олон сонгуулиар олон удаа хууртан хохирсон ард түмнийхээ итгэл найдварыг тээгч нам мөн гэдгээ харуулахын тулд та бид өрсөлдсөн билээ. Бидний олон нийтэд таниулсан хөтөлбөр “Амьдрал” нэртэй бөгөөд түүнд улс орныхоо амьдралыг хариуцлагатай авч явахын тулд, Монголдоо сайхан амьдрахын тулд хийх ёстой, шаардлагатай гэж үзэж байгаа болгоноо багтаасан. Гол нь “Амьдрал” хөтөлбөрт ардчиллын ололт, үр өгөөж болгоноо цөөнхөд завшуулан өөрсдөө хохироод зогсохгүй үр хүүхдийнхээ ирээдүйд итгэл алдархад хүрээд байгаа монголчуудаа өмгөөлөн хамгаалах сэтгэл шингэсэн байгаа.
Бид яарч байна. Хариуцлагагүй, хувийн болон бүлэглэлийн ашиг сонирхолдоо орооцолдсон улстөрчдөд эрх мэдлийг өгсөөр ирсний уршгаар шийдлээ хүлээсэн олон асуудал нийгэмд бугшаад байна. Бид УИХ-д бүлгээ байгуулвал Монгол төрийн бодлогыг зөвхөн ард түмний, зөвхөн улс орны эрх ашигт захируулахын төлөө илүү хүчтэй, илүү үр нөлөөтэй тэмцэж чадна. ИЗНН-д зөв бодлого, зөв зарчим, зөв арга барил, зөв хандлага бүгд бий. Бид бодлогын өрсөлдөөнийг, асуудал шийдвэрлэх чадварыг хувь улстөрчдийн юмуу бүлэглэл хоорондын өсөрхөл хонзогнол, хэрүүлээр орлуулдаггүй. Бид улс төрд анх зориглон орсон ухамсарт сонголтынхоо мөн чанар, итгэл үнэмшил, утга учрыг хэзээ ч умартаж байгаагүй. Бид өнөөгийн эрх баригчдаас илүү тууштай, илүү үр ашигтай ажиллаж чадна. Бид эрх баригч улс төрийн хүчин юуны өмнө хуримтлагдчихаад буй асуудлуудын шийдлийг, гарцыг нь олох чадвартай байх ёстой гэж үздэг. Бид өнөөдрийн улстөрчдийн хэн нь ч хариуцлага хүлээхгүй хэт алсын үлгэр мэт зүйл ярьж үе дамжихдаа хүрээд байгаа ядууралд автсан ард түмнээрээ даажигнан тавладаггүй. Бид өмнөх үеийхнийхээ хийсэн бүтээснийг, өмгөөлөн хамгаалж чадсаныг өөрийн гавьяа мэтээр ард түмэндээ гайхуулж сонгууль болгоноор хариу нэхдэггүй. Ард түмнээсээ илүү гавьяатай нам хүн төрөлхтний түүхэнд нэг л удаа тохиосон бөгөөд тэр нь зөвхөн Монголд байдаг бололтой.
Бид ардчиллын 20 жилийн түүхийн уртад хэн нэгэнд, аль нэг нам, бүлэглэлд хорссон, гоморхсон, өсөрхсөн, атаархсан хүмүүсийн цуглуулга биш. Тэр тусмаа ард түмэндээ гомдож зүрхэлсэн гайхамшигтай хүмүүс биш. Бид олон түмний хүлээлгэсэн итгэл найдварыг тэдний төлөө үйлсээ зориулах аз завшаан, боломж гэж үзэн чин сэтгэлийн хүчин чармайлтаар хариулахыг чармайж ирсэн нам. Улс төр бол улс орноо гэх сэтгэл бөгөөд ухаан болохоос хувийн хонзогнолоо тайлахын тулд ард түмнийхээ сэтгэл зүйгээр, туйлдаж цөхөрсөн сэтгэлээр тоглох, төр засгийх нь эсрэг турхиран өдөөх талбар биш билээ.
Эрхэм сонгогчид оо, Монгол ахан дүүс ээ!
Биднээс тэрбумтнууд уралдан төрсөнгүй. Бид тэнгэр баганадсан том ордон намдаа бариулаагүй. Гэхдээ бид сонгуулиас сонгуульд амжилт гаргаж ирлээ. УИХ дахь бидний төлөөлөл байнга нэмэгдэж ирлээ. 2000 онд анх байгуулагдахдаа нийгмээ уриалан байж дэвшүүлж байсан эрхэм нэгэн зорилго болох авилгал, хээл хахуультай хийх тэмцэл маань эхнээсээ биеллээ олж байгаа. Мөн Монголын улс төрд шинэ хэм хэмжээ, шинэ соёл авчрах анхдагч зорилго маань ч биелж байгаа. Үүнийг сүүлчийн хоёр удаагийн УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтүүдээс харж болно.
Эрхэм зорилгоо цаг зуурын ашиг хонжоогоор арилжилгүй, бодлоготой, зарчимтай, олон түмэнд нээлттэй нам байхыг ямагт хичээж ирсний дүнд та бид Монголын улс төрд хамгийн амжилттай яваа нам болж чадлаа. Хэдий тийм ч бий болж буй зөв зүйтэй хандлагуудыг улам бүр баталгаажуулан хөгжүүлэх, хамгаалах, ердийн хэм хэмжээ болгохын тулд бид байнгын ил далд эсэргүүцэлтэй тулгарч байх болно. Монголын улс төр эрүүл байх ёстой. Үүнийг та бид хийх болно. Үүнийг хийхгүйгээр нийтийн эрх ашгийн үүднээс асуудлыг шийдвэрлэх чадвартай төр засагтай болж чадахгүй. Улс төр, төр засаг, төрийн бодлого цэгцрээгүй цагт нийгмийн аль ч салбарт бодитой, үр ашигтай шинэчлэл хийгдэж ард түмний амьдралд өөрчлөлт гарахгүй билээ. Үүнийг өнгөрсөн 20 жилийн түүх харуулж байна.
Монголын улс төрийг эрхэм нандин хүслээ шингээсэн үзэл бодол өрсөлдөх талбар, Монголынхоо төлөө сэтгэлээ, чадвар мэдлэгээ зориулах эрхэм хүсэлтэй улстөрчдийн үйлс өрнөсөн талбар болгохын төлөө цаашдаа ч шургуу, тууштай, чармайн ажиллацгаая. Бид байнга амжилтанд хүрч байх ёстой. Энэ удаагийн сонгууль ч бидэнд шинэ амжилт авчирна гэдэгт итгээрэй.
Эрхэм сонгогчид оо, Монгол ахан дүүс ээ!
Биднийг дэмжинэ үү. Манай нэр дэвшигчдэд, ИЗНН-д саналаа өгнө үү. Олон түмний дэмжлэггүй бол бид илүү хүчтэй болж чадахгүйд хүрнэ. Бид та бүхний хамт эрх баригчдыг хянахыг хүсч байна. ИЗНН-ын анхны төлөөлөл УИХ-д орж ирэхэд Монголд байхгүй авилгал гээч юм ярьж нэр төр хөөцөлдлөө хэмээн хоёр талаас загинадаг байлаа. Авилгалтай тэмцэх тухай хуулиа батлуулах гэж гурван Их хурал дамжихад хүрч байлаа. Бид УИХ-д хэтэрхий цөөн байснаас тэр юм.
Монгол нутгаа, байгаль орчноо авран хамгаалах, эдийн засаг болон үйлдвэрлэлд дэлхийн хамгийн шилдэг тэргүүний технологи нэвтрүүлэх, мөн эдийн засгийн өсөлтөөр дамжин ирж байгаа мөнгөний урсгалыг эрүүл мэнд, боловсрол, нийгэм, эдийн засгийн дэд бүтцэд шингээх оновчтой шийдлүүдийг гаргах замаар бидний амьдралыг, бидний үр хүүхдийн амьдралыг тодорхойлох олон чухал ажлыг шинэ УИХ хийх ёстой. ИЗНН нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьсан хариуцлагатай оролцоо, хяналтаа УИХ-д хэрэгжүүлэхийг хүсч байна. Үүний тулд бидэнд сонгогч таны санал зайлшгүй хэрэгтэй байна. Бид УИХ-д олуулаа тусмаа таны төлөө илүү хүчтэй ажиллах чадвартай болно.
ИЗНН нь Монгол төрд таны дуу хоолой, суурь байх нь болно.
Сэтгэгдэл ( 0 )