МУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: ИЗНН дээгүүр давхихаар харагдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Энэ удаагийн сонгуулиар жинхэнэ ардчилсан үзэлтэй гуравдагч хүчин гарч ирэх зам мөр нээгдэж байгаа. Гэхдээ одоогийн сонгуулийн явц, сурталчилгааны өнгийг харахад улс төрийн гуравдагч хүчний орон зайд хоёр нам харагдаж байна. Ардчилсан хувьслын удирдагч С.Зориг агсны үзэл санааг өөртөө тээж яваа ардчилсан консерватив үзэл баримтлалтай, ногоон хөгжил, ногооны үзлийг тэргүүлэх бодлогодоо оруулсан нь зөвхөн ИЗНН байна. Энэ нам парламентад суудалтай болсоор удлаа. Энэ намын хувьд нэр цэвэр, авилга, гэмт хэрэгт холбогдож байгаагүй улс төрийн цэвэр хүчин. Улс төрийн дүр зургаар харахад улс төрийн хүчтэй гуравдагч хүчин болох нь харагдаж байна. ИЗНН шинэчлэн байгуулагдсанаас хойш үзэл баримтлал, нийгмийн амьдралыг төсөөлж байгаа төсөөллөөр даацтай хөгжлийн үзэл баримтлал, XXI зууны амьдралд ойрхон, хэрэгжих боломжтой хөтөлбөртэй нам. Тэгэхээр байгаль орчноо гэсэн үзэлтэй улс төрийн хүчний орон зай Монгол Улсад нээлттэй байгаа. Энэ байдлаараа бол ИЗНН дээгүүр давхихаар харагдаж байна. Яагаад гэвэл иргэдийн дэмжлэг өндөр юм билээ. ИЗНН энэ замаар Монголын улс төрийн хүчин болж байр сууриа бэхжүүлэх боломж байна.

“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас...

Монгол Улсын гавьяат хуульч, доктор профессор Б.Чимид: Нэр цэвэр хүчинд боломж олгож үр дүнг нь харах хэрэгтэй


-Судлаач, хуульч хүний хувьд ажиглаж байхад энэ жилийн сонгуулийн өнгө хэрхэн ажиглагдаж байна?

-Саяхны сонинд улс төрийн намуудын судалгааны дүн нийтлэгдсэн байна. Энэ судалгаагаар АН тэргүүлж дараа нь МАН, араас нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН орсон байна. Намуудын хөгжлийн хандагыг судалдаг хүний хувьд хэлэхэд улс төрийн намууд хөрөнгөтний  хувьсалтай зэрэгцэн бий болсон. Хөгжлийнхөө явцад гурав, дөрвөн үеийг туулжээ. Энэ завсар шинэ либерал намууд үүссэн. Шинэ үүссэн намуудын хувьд ИЗНН-тай төстэй, ногоон үзэлтэй намууд сүүлийн жилүүдэд олон улсад хүчээ авч байна. Тухайлбал, евро парламентад ногоон үзэлтэй нам зонхилох хувий эзлэх болсон. Тиймээс сонгогчид ИЗНН-ын хөгжлийн ирээдүйн хандлагыг харж өмнөх сонгуулиудаас илүү хувийн санал өгөх болов уу гэж таамаглаж байна. Мөн жижиг гэгдэх намуудын төлөөлөл парламентад орж ирвэл нийгэм, улс төрийн нөхцөл байдал тогтворжино. Нэгийгээ ёворч маргадаг, гүтгэдэг, доромжилдог, дайрдаг байдал багасах болов уу гэж иргэн хүний хувьд горилж байна. Иймээс нэр цэвэр хүчинд боломж олгож үр дүнг нь харах хэрэгтэй. 

 “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас...

Монгол Улсын Ардын жүжигчин  Ч.Энхтайван: ИЗНН бол итгэлийг тань даах улс төрийн хүчин байх болно. Амалж байна

 Улс орон даяар энэ удаагийн сонгуульд ганцхан боломж олдож байна. Өнгөрсөн 22 жилийн сонгуулийн үр дүн болсон  өнгөрсөн үеийг давтахгүй  өөрчлөх юмсан гэсэн бодол  Монгол хүн бүрт байна. Шинэ парламент, шинэ Засгийн газарт шинэ хүн сонгоцгооё. Ингэхийн тулд иргэн та өөрөө өөрийгөө өөрчлөхийн тулд өөрийнхөө үр хүүхдийн ирээдүйг олж харахын тулд өөрөө иргэний зориг гарган шинэ сонголт хий. Өнгөрсөн хугацаанд та бид харж ханалаа шүү дээ. Зөндөө хүлээлээ, зөндөө харлаа. Та бидний амьдрал дээшилсэнгүй, Монгол орон минь хөгжсөнгүй. Иймд өөрчлөх цаг болжээ. Энэ удаагийн сонгууль өөрчлөх том боломж. Өнөөдөр бидэнд дахин ийм боломж олдохгүй. Эрх баригч намуудын бүтэхгүй амлалт, эх орноо худалддаг, авилгад идэгдсэн аалзны тор шиг сүлжээ нь та бидний амьдралыг хүнд байдалд орууллаа. Ард иргэдээ олон дахин хууран мэхэлж байгаа ийм хүмүүсээс салья гэж бодож байгаа бол СОНГОЛТОО ӨӨРЧЛӨӨРЭЙ. Бидэнд итгээрэй. ИЗНН-ын дэмжиж саналаа өгөөрэй. Бид та бүхний  итгэлийг чинь даах улс төрийн хүчин байж чадна гэж амлаж байна.

“Хэнтий” телевизэд өгсөн ярилцлагаас...

 

Нэвтрүүлэгч С.Чимгээ: Нэр цэвэр, сайн сайхан зүйлийн чадлаараа тэмүүлж яваа нам бол ИЗНН гэж хардаг 

-Монголын улс төрд хамгийн нэр цэвэр, сайн сайхан зүйлийн чадлаараа тэмүүлж яваа нам бол Иргэний Зориг Ногоон нам. Энэ удаагийн ИЗНН-аас нэр дэвшигчдийг сонжвол түрийвчийнхээ хэмжээгээр аархсан залуу алга. Харин сурсан мэргэжил, дадаж туршлагажсан ажил үйлсээрээ тэргүүлэх залуус эзэлсэн юм билээ. Энэ утгаараа ИЗНН-ыг дэмжиж байгаа. Тэд тоо ярьж толгой эргүүлээгүй. Боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, цалин тэтгэврийн нэмэгдэл гээд хүний амьдралд ойрхон зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө хичээж яваа залуус. Авлигач, хуурамч төрийн энэ тогтолцоог өөрчилж, бодит ардчилалтай, иргэн бүр өөрийн хүсэл эрмэлзлэл, зүтгэлээрээ улс үндэстнийхээ нийгэм, эдийн засгийн хамтын амьдралыг туулах бололцоог тэд л амалж байна шүү дээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top