АН-ын дарга Н.Алтанхуяг: Эрдэнэтчүүд ээ, олуулаа ялъя

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

АН-ын дарга Эрдэнэтэд нэр дэвшигчдээ дэмжихийг хүсэв

Эрдэнэтчүүд олуулаа ялахын төлөө уухайлж байна. АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр Эрдэнэт хотод очиход Ардчилсан намаас нэр дэвшигчид спортын ордонд энэ жилийн сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийж байв. Ардчилагчдын цэнхэр туг, дэмжигчдийн уухай түрсэн спорт заал “Олуулаа, олуулаа, олуулаа” гэсэн дууг үе үе хадааж, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжинэ, ялуулна, ялуулахдаа ялуулсан шиг ялуулна гэсэн шиг түрлэг өргөж байлаа.

АН-ын дарга Монгол орныхоо баруун, зүүн хязгаарт хүрч, говийн аймаг, хангайн нутгаар явж, Ардчилсан нам ард түмэнтэйгээ олуулаа ялахын төлөө, ялалт байгуулж “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Очсон аймаг бүрт нь Ардчиллыг дэмжихээ илэрхийлсэн мянга мянган сонгогч иргэд түүнд амжилт хүссэн. Тийм ч болохоор АН-ын дарга Эрдэнэт хотод хийсэн уулзалтынхаа үеэр тэдэнд хандан аян замынхаа бяцхан түүхүүдээс хуваалцаж, “Монгол орон даяар явж байхад хүмүүсийн харц, итгэл, найдвар бүгд өөр байна. Энэ жил Ардчилсан намын төлөө саналаа өгөхөөр хүмүүс түрлэг өргөж байна. Тийм ээ, Зургадугаар сарын 28-ны өдөр шударга үнэний нар мандана. Ардчилсан нам ард түмэнтэйгээ олуулаа ялж, олуулаа хүн шиг амьдрахын төлөө ажиллаж байна. Бид хамтдаа чадна” гэж байв.

Булган аймагт ам цангаж явахад айрагтайгаа угтсан эмээгийн “Эмээ нь энэ жил ардчиллынхандаа өгсөн шиг өгнө” гэсэн дэмжлэг, Баян-Өлгийгөөс Увс аймагт очиход цэнхэрээр будсан эвэртэй ямааны билгэдлийн өнгө, Хамрын хийдэд очиход лам өвөөтэй хуучилсан Эзэн Чингисийн 1206 он, өнөөдрийн 12 оны 06 дугаар сарын давхцал билгэдлийн талаар АН-ын дарга хуваалцан, Эрдэнэтчүүддээ Д.Одхүү, Х.Золжаргал нараа Ардчилсан намтай нь дэмжихийг хүссэн. Ингэхдээ 20 дугаар зууны түүхэнд нэгэн монгол өвгөн морио бэлэгдэхдээ “Ялж байгаагаар нь Сталин хүүдээ 10 морь, ялагдаж байгаагаар нь Гитлер хүүдээ хоёр морь бэлэглэе, амьтны үр ялгаа юу байх вэ” гэж байсан шиг биш шүү гэдгийг тодотгосон юм. Учир нь Ардчилсан нам “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хоёрын хооронд санал биш,ялалт шиг ялалт хэрэгтэй байгааг АН-ын дарга илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top