Г.Ганбат: Эрх мэдэл, бэл бэнчинтэй нь биш ардын хүүхэд түрүүлээсэй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Иргэний Зориг Ногоон намынхан сонгуулийн сурталчилгааны хаалтыг Соёлын төв өргөөнд хийлээ. Тус намыг дэмжигч олон иргэн энэ өдөр хуран цуглан ИЗНН сонгуульд амжилттай оролцох тухай ам уралдан ярьцгааж байна. Тухайлбал, “Биднээс тэрбумтнууд уралдан төрсөнгүй. Бид тэнгэр баганадсан том ордон намдаа бариулаагүй. Гэхдээ бид сонгуулиас сонгуульд амжилт гаргаж ирлээ. УИХ дахь бидний төлөөлөл байнга нэмэгдэж ирлээ. 2000 онд анх байгуулагдахдаа нийгмээ уриалан байж дэвшүүлж байсан эрхэм нэгэн зорилго болох авилгал, хээл хахуультай хийх тэмцэл маань эхнээсээ биеллээ олж байгаа. Мөн Монголын улс төрд шинэ хэм хэмжээ, шинэ соёл авчрах анхдагч зорилго маань ч биелж байгаа. Үүнийг сүүлчийн хоёр удаагийн УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтүүдээс харж болно. Эрхэм зорилгоо цаг зуурын ашиг хонжоогоор арилжилгүй, бодлоготой, зарчимтай, олон түмэнд нээлттэй нам байхыг ямагт хичээж ирсний дүнд та бид Монголын улс төрд хамгийн амжилттай яваа нам болж чадлаа. Хэдий тийм ч бий болж буй зөв зүйтэй хандлагуудыг улам бүр баталгаажуулан хөгжүүлэх, хамгаалах, ердийн хэм хэмжээ болгохын тулд бид байнгын ил далд эсэргүүцэлтэй тулгарч байх болно. Монголын улс төр эрүүл байх ёстой. Үүнийг та бид хийх болно. Үүнийг хийхгүйгээр нийтийн эрх ашгийн үүднээс асуудлыг шийдвэрлэх чадвартай төр засагтай болж чадахгүй. Улс төр, төр засаг, төрийн бодлого цэгцрээгүй цагт нийгмийн аль ч салбарт бодитой, үр ашигтай шинэчлэл хийгдэж ард түмний амьдралд өөрчлөлт гарахгүй билээ. Үүнийг өнгөрсөн 20 жилийн түүх харуулж байна” гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын сонгуульд ИЗНН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Г.Ганбат “Сонгуулийн хугацаанд манай намыхан 21 аймгаар очиж ажиллалаа. Энэ үеэр олон иргэн амьдралаа ярьж байна. Амьдрал нь сайжирсан өрх бараг алга байна. Энэ утгаар нь олигархи намын нэр дэвшигчдийг ялагджээ гэж хэлмээр байна. Тэд хоосон амлалт, ядуурал, үнийн өсөлтөд ялагджээ. Тэр хийж чадаагүй бүхэндээ ялагджээ. Тэд олон түмэн үнэн, зөвийг ялгах өөрийн ухаантай гэдгийг мартсан байна. Ийм учраас нөгөөдөр болох сонгуульд олигархи биш ИЗНН-ын ардын хүүхэд түрүүлээсэй” гэж хэлсэн юм.

Б.Манлайбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top