Ухаа худгаас 10 сая тонн нүүрс олборлоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Mining Corp” компани БНХАУ-ын нүүрсний импортын хэмжээ хангалттай тул 800 сая ам.долларыг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барихад зарцуулна гэж мэдэгдсэнийг “Bloomberg” сайт дамжуулав. Ингэснээр Хятадын нүүрсний импорт хоёр дахин нэмэгдэх гэнэ.

Өмнөх онд Монгол Улс БНХАУ-д нийт 20 сая тонн түүхий нүүрс нийлүүлсэн байна. “Mongolia Mining Corp”-ийнхан 250 км урт төмөр зам барьснаар Хятад улс дахь экспортоо 30 сая тонн болгож өсгөх боломжтой хэмээн тооцоолжээ. Баасан гаригт тус компанийн хувьцаа 3.6 хувиар нэмэгдэн 4.36 хонконг доллар болсон байна.

Гэхдээ энэ оны эхний хагаст коксжих нүүрсний үнэ 15 хувиар багасаад буйг “Mongolia Mining Corp”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярьжээ. Өмнөх сарын 30-ны байдлаар дэлхийн зах зээлд тонн нүүрсний үнэ 206 ам.доллар болж буурсан ч шинжээчдийн таамаглаж буйгаар 225 “Ногоон” болж өсөх магадлалтай аж. MMC компанийнхан Ухаа худаг дахь ордын олборлолтоо энэ онд 41 хувиар нэмэгдүүлэн 10 сая болгож өсгөхөөр төлөвлөжээ. Ирэх онд дээрх тоо 15 сая болж дээшлэх гэнэ. 2015 онд ашиглалтад орох дээрх төмөр замыг Концессийн гэрээний дагуу 19 жилийн дараа Монгол Улс эзэмших юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top