“Чалко”-гийнхон “Саутгоби”-ийг авахыг зөвшөөрөв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

 

Хятадын төрийн өмчит хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Чалко” компани “Айвенхоу Майнз” компанийн эзэмшдэг “Саутгоби Ресурс” компанийн 60 хувийн хувьцааг худалдаж авах хэлцэл хийж байгаагаа зарлаж байсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Чалко” компанийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, “Саутгоби Ресурс”-ын хувьцааг худалдаж авахыг зөвшөөрсөн хэмээн Wall Street Journal мэдээлжээ.

Канадын "Айвенхоу Майнз” компаниас "Саутгоби Ресурс”-ын хувьцааны дийлэнхийг 920 гаруй сая ам.доллараар буюу нэгж хувьцааг 65,97 хонконг доллараар худалдан авахыг “Чалко”-гийн хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн гэсэн үг. Хуралд компанийн хувьцаа эзэмшигчдийн 99.97 хувь нь оролцжээ.

Өнөөдөр 15,30 цагийн байдлаар Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Саусгоби Ресурс”-ын нэгж хувьцаа 4,48 хувиар өсч, 30,30 хонконг доллар болоод байна. “Чалко”-гийн тавьсан санал нь өнөөдрийн хувьцааны ханшнаас хоёр дахин өндөр байгаа юм.

“Чалко”-гийн хувьцаа эзэмшигчид дээрх шийдвэрийг "Саутгоби Сэндс” компани Овооттолгой дахь олборлолтоо зогсооно гэж мэдээлсний дараа гаргасан гэдгийг Wall Street Journal онцолжээ. Тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн болохоор нүүрсний олборлолтоо зогсоогоод байгаа юм. Мөн өнгөрсөн тавдугаар сард Монголд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдснаар Хятадын төрийн өмчит “Чалко” компани Монголын стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа "Саутгоби Ресурс”-ын хувьцааг худалдан авах хэлцэл бүтэхгүй байж магадгүй ч хувьцаа эзэмшигчид дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг онцолжээ.

 

С.Болд-Эрдэнэ

 www.mongolianminingjournal.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top