“Оюу толгой” ХХК-тай гэрээлэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай JDCC компанийн монгол ажилчид өнөө өглөөний 7 цагаас хойш ажил хаялт зарлаад байна.
Тэд монгол улсын хууль тогтоомжийн дагуу ажлын цагаа багасгаж, илүү цагийг хөлсийг тооцон, амралтын өдөртэй болгох, цалин нэмэх гэх мэт шаардлагуудыг тавьж байгаа юм. Анхдагч бултуур, бутлуур, хайрга бутлуур, баяжмалын агуулах гээд Оюу толгойн ихэнх барилгуудын барьж буй тус компанид 40 гаруй монголчууд ажилладаг бөгөөд тэд өдөр бүр 10 цаг ажиллаж, хагас бүтэн сайнд ч амардаггүй аж. Ийнхүү уртсгасан цагаар ажиллаж, баяр ёслолоор ч амрах эрхгүй байдаг тэдний цалин ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудын ажилчдаас даруй 200-400,000 төгрөгөөр бага буюу 800,000-1,000,000 төгрөг байдаг нь ийнхүү бухимдуулахад хүргэжээ. Хэдийгээр гэрээнд 60 хоног ажиллаад 14 хоног амрах, жилдээ нэг удаа ээлжийн амралт эдлэхээр тусгасан байдаг ч олон цагийн өндөр ачаалалтайгаар удаан ажиллах хүн тэр бүр байдаггүй аж. Чухам тиймээс ихэнх нь тэрхүү амралтаа эдэлж чадалгүй ажлаас гардаг гэнэ.Энэ мэт шалтгаануудаас болоод монгол ажилчид ажил хаялт зарлахаас өөр аргагүйд хүрсэн гэдгээ удирдлагуудаа тавьж байгаа аж.
Өнөөдөр тус компанийн барилгыг улсын комисс хүлээн авах ёстой байсан бөгөөд ажил хаялтаас болоод түр хойшлоод байгаа гэнэ. JDCC компанийн зүгээс ажилчдад цалинг 1,2 сая хүртэл нэмэгдүүлж, ажлын найман цагтай болгох, мөн ээлжийн амралт эдлүүлдэг болох саналыг тавьж, яг одоо хоёр талын төлөөлөл зөвшилцөж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Мөнх
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN
Сэтгэгдэл ( 0 )